Г.Солтан: Миний бүрэн эрхээсээ түдгэлзэх эсэхийг Баян-Өлгий аймгийн 4 дүгээр тойргийн сонгогчид мэднэ

2019-01-10 Парламент

 

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр үргэлжлүүлэн хуралдлаа.

Учир нь Улсын ерөнхий прокуророос Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д ирүүлсэн. Энэ дагуу УИХ асуудлыг 48 цагийн дотор шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Тиймээс өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан. Гэвч хуралдаанд Г.Солтан гишүүн байгаагүй учир дэд хорооны хурал өнөө өглөөг хүртэл хойшилсон юм. Г.Солтан гишүүний хувьд тойрогтоо ажиллаж байгаад өчигдөр орой нийслэлд иржээ.
Харин өчигдөр хуралдсан тус дэд хорооны хурлын дараа тус дэд хорооны дарга Ц.Нямдорж “УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал уржигдар 14:16 цагт Ерөнхий прокуророос УИХ-д ирсэн. Энэ саналыг 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Тиймээс Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулж гишүүний байр суурийг сонслоо. Г.Солтан гишүүн Баян-Өлгий аймагт албан томилолттой яваа юм байна. УИХ-ын гишүүний бүрэх эрхийн асуудлыг өөрийг нь оролцуулахгүйгээр шийдвэрлэх боломжгүй. Тиймээс Г.Солтан гишүүнийг ирэхээр Халдашгүй байдлын дэд хороо үргэлжлүүлэн хуралдана” гэж байсан юм.

Тэгвэл өнөөдөр Халдашгүй байдлын дэд хорооны хурал болж, УИХ-ын гишүүн Г.Солтан оролцон гишүүдийн асуултад хариулт өглөө. Хурлын дараа тэрбээр “Би шалгуулахад бэлэн. Харин яаж шалгуулахыг эндээс шийдэх биз. Намайг бүрэн эрхээсээ түдгэлзэх эсэхийг Баян-Өлгий аймгийн 4 дүгээр тойргийн сонгогчид мэднэ” гэсэн хариулт өглөө.

О.Гэрэл

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.