Монгол төрд зуд нүүрлэжээ

2018-12-25 Нийтлэл

Он дуусахаас өмнө чуулганы хуралдаан чуулах хоёр өдрийн л хугацаа байна. Гэвч УИХ-ын дарга М.Энхболд огцрох өргөдлөө өгөхгүй гэдгээ мэдэгдэж, гүрийсэн хэвээр. Намынх нь дийлэнх хувь нь түүнийг албан тушаалаасаа буухыг хүсч буй юм. Гэвч тэр танхимын хоймор дахь зөөлөн сэнтийдээ хайртай, дуртай.

Харин энэ бүхний эцэст Монгол төр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж чадахгүй, хэдэр ёдор хэдэн нөхрийн хэрүүлд ээрэгдсээр хугацаа алдаж байна. Зүй нь УИХ-ын даргыг ёс зүйн хариуцлагаа хүлээж өөрийн биеэр огцротол чуулган болон байнгын хорооны хуралдаанд суухгүй гэх 40 гишүүний бойкот энэ долоо хоногт ч үргэлжилнэ гэдгийг гишүүд хэлж байна. Уг нь намын 28 дугаар бага хурал өнгөрсөн 20-ны өдөр болж УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж тогтоол баталсан.

Түүгээр зогсохгүй ноён М.Энхболдтой холбоотой 60 тэрбумын схем эвлүүлэг биш гэдгийг бүтэн хоёр жилийн дараа хууль хяналтынхан хүлээн зөвшөөрлөө. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдахыг завдсан гэдэг нь нотлогдож байх шиг ээ.

Энэ талаар Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “60 тэрбумын гэх хэргийг прокурор шалгаад, 2014 онд МАН-ын хэсэг нөхөр УИХ-ын болон орон нутгийн 2016 оны сонгуульд оролцох МАН-ын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилтийг хэрхэн босгох талаар ярилцаж байсан болох нь нотлогдож, тогтоогдсон гэж үзсэн” хэмээн тодотгосон. Гэвч энэхүү тайлбарыг эрхэм дарга хүлээн зөвшөөрөхгүй, албан тушаалтайгаа зууралдсан хэвээр байгаа юм.

Түүнчлэн намын Бага хурлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавихдаа “УИХ-ын дарга М.Энхболд хийж бүтээсэн зүйл байгаа ч 2016 оны сонгуулийн үед тухай үеийн намын дарга нар төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар мөнгө босгох төлөвлөгөө боловсруулсан нь нийтэд ил болсон. Тиймээс М.Энхболд даргыг өөрөө өргөдлөө өгөөсэй гэж хүсч байна” гэсэн юм. Тийм ч учраас Ерөнхий сайдын гаргасан саналын дагуу бага хурлын гишүүд санал хураан дэмжсэн ч уг асуудлыг Үндсэн хууль зөрчиж байна гэж зарим гишүүд үзсэн.

Харин энэхүү саналыг Цэц шийдэхээс хуульд харшилсан зүйл байхгүй хэмээн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлж байна. Ийнхүү нэг намын дотоод хагарал төрийн хатиг болж, ууган хүчнийхэн бүлгийн хуралдаан болон бага хурлаа ч хийгээд хэл амаа ололцож чадахгүй дэлхийн шившиг болсоор байна. Сүүлийн өдрүүдэд парламентад болж байгаа үйл явдлыг харвал намын бүлгүүд хоорондуураа цуурч хоёр намын бүлэг өөр өөрийн  үйл ажиллагаа явуулах чадамжгүй болж албан бусаар нэр бүхий бүлгүүд байхгүй болох талруугаа явах шинж ажиглагдах боллоо. Албан бус гэж тодотгож байгаа нь  УИХ дахь   намын  бүлгүүд задарсан талаар албан ёсоор зарлаагүй байгаатай холбоотой. Улс төрийн намууд ийм байдалд хүрэх болсон шалтгаан нь албан тушаал эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн гэж хэвлэлүүд мэдээлж буй юм. Ийнхүү оны төгсгөлд улс төрд зуд нүүрлэж, товчхондоо ууган хүчний дотоод хагарал Монгол төрийг тамирдуулж байна.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.