Хөгжлийн банкнаас зээл авсан цагаан захтнуудын жагсаалт хүрээгээ тэлсээр…

2018-03-4 Нийтлэл
Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкнаас 5.2 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг хэнд, хэрхэн олгосон талаар судалж, шалгаж байгаа. Ингэж асуудлын гүн рүү орох түмэн шалтгаан бий.
Тус банкнаас олгосон томоохон зээлүүдийн ард өндөр дээд албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий хувийн компаниуддаа хамсан байдал нэг хүнээр тогтохгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үйлдэл илэрч буйг албаныхан хэлж байна.
Бидэнд олдсон мэдээллээр одоогийн байдлаар дараах албан тушаалтнууд тус банкнаас их хэмжээний зээл авсан нь тодорхой болоод байна. Ийнхүү улс орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах ёстой хөрөнгө мөнгөний зах цухаас томчуудын буруу гараар нохойн замаар орсон түүх нэг бус нэлээдээр тоологдож байх юм. Гэхдээ аливаа асуудал ямагт хоёр талтай байдаг гэдгийг энд онцлох нь зүйтэй болов уу…
“Монроуд” компани 45.5 тэрбум төгрөг
“Монроуд”-ыг мэдэхгүй монгол битгий хэл гадаад хүн ч байхгүй биз ээ. Энэ компани нь УИХ-ын гишүүн Н.Гарамгайбаатарынх. Сайн, муу зүйлд их л намтар арвинтай компани гэдгийг иргэд мэднэ. АТГ-аас “Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавих гэж байгаа мэт ойлголтыг Засгийн газарт төрүүлж, дахин тогтоол батлуулан нэмээд нийтдээ 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлээд өгчихсөн байгаа юм” гэж мэдэгдсэн удаатай. Тийм ч учраас УИХ-ын гишүүн Н.Гарамгайбаатарт холбогдох газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад эхэлсэн.
“Говийн зам” компани 170.6 тэрбум төгрөг

Энэхүү компани нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр их хэмжээний зээл авчээ. Мэдээж энэ хэмжээний зээлийг энгийн нэгэн иргэн зохих ном журмынх нь дагуу авна гэдэг бол үлгэр. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банкны системд 170.6 тэрбум төгрөгийн зээлийг жирийн ард ямар ч алтан гартай сайхан бүтээн байгуулалт хийдэг байлаа гээд авч чадна гэдэг бол байж боломгүй асуудал. Эл хүрээний ардын хүүхдүүдэд тийм ч амархан “зөөлөн боов” олдохгүй нь бодит үнэн. Тиймээс л хэдэн тэрбумаар нь халаасалж чадсан тус компани олны нүдэнд илүү харагдах нь зүй ёсны хэрэг. Тийм ч учраас тус компанийн ард ямар асаалттай танк байгаа нь салбарынханд нь болоод хэвлэл мэдээллийнхэнд сонин бөгөөд содхон. Гэтэл тус компанийн нууц ноёд нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Ц.Мөнх-Оргил нар байдаг гэх шум төрийн ордон зүгээс дуулдлаа. Энэ нь ч үнэний ортой. Парламентын танхимд эдгээр эрхмийг МCS-ийн бүлэглэл гэж егөөдөх нь олонтаа. Ингээд цааш нь учгийг хөөвөл нэлээд сонирхолтой сэжүүр хөвөрч мэдэх нь.

“Насны зам” компани 75.1 тэрбум төгрөг:

Жумдааны Энхжаргал гэдэг босстой, замын ажил хийдэг ийм нэгэн компани бас л хэдэн тэрбумаар нь тус банкнаас зээл авчээ. Энэхүү компанийн эзэн нь улс төрийн хамааралтай буюу Дорнод аймгийн МАХН-ын хорооны дарга сэтэртэй гэж байгаа.

Бас болоогүй тус компани нь томоохон бүтээн байгуулалтын ажилд гар дүрж явсан л түүхтэй. 2001 оноос үйл ажиллагаа явуулсан бөгөөд анхны ажлаараа Мянганы замын төсөлд орж байсан. Харин сүүлд Хөшигтийн хөндийн нисэх буудлын авто замын төсөлд орсон байдаг.

“Эрэл” компани Хөгжлийн банкнаас 68.2 тэрбум төгрөг:

УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбат эзэмшдэг гэдгийг бараг хүн бүхэн мэддэг болов уу. “Хөгжлийн банк”-ны шалгалтын ажиллагааны хүрээнд түүнийг “Чингис” бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүй 23 сая ам.долларын зээл авсныг нь илрүүлсэн. Харин тэрбээр энэхүү асуудалд “Би энэхүү 23 сая ам.долларын зээлийг авахдаа эхлээд 14 сая ам.долларыг, дараа нь есөн сая ам.долларын зээлийг авсан” хэмээн мэдэгдэж байсан юм.

“Арж капитал” компани 66.3 тэрбум төгрөг:

Энэ компани Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарынх. Одоогоор тус компанийг Х.Мөнх-Эрдэнэ гэдэг залуу удирдаж байна. 2004 онд байгуулагдсан тус компани Улаанбаатар хотыг сэргээн сайжруулах төсөлд хатуу хучилттай автозам, зүүн чиглэлийн гол зам барих төсөлд 268м Хэрлэнгийн гүүр, Мянганы зам төслийн зүүн, баруун, хойд, урд чиглэлд хатуу хучилттай авто зам, аялал жуулчлалын бүс болон орон нутагт хайрган хучилттай авто замууд, Улаанбаатар хотод авто замын ажил болон цогцолбор барилгуудад тохижилтын ажлуудыг гүйцэтгэж нийт 305км урт хатуу хучилттай болон хайрган зам, 403м урт төмөр бетон гүүрийн ажил гүйцэтгэжээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт 15 сая ам.доллар:

Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар эрхэм хатагтай албан тушаалаа ашиглан ташуур эргүүлж, Хөгжлийн банкнаас нэн хөнгөлөлттэйгээр 15 сая ам.доллар буюу 37 тэрбум 500 сая орчим төгрөгийн зээлийг  “Ачлал трейд” компаниараа дамжуулан авсан гэдэг. Тэр танхимын гишүүд шиг ЖДҮ-гээс зээл авдаг жижиг гар биш л гэнэ шүү. Харин энэхүү зээлээрээ Хавдар судлалын үндэсний төвийн дэргэд 300 ортой хавдрын эмнэлэг барьж буй юм байх. Харин тэр эмнэлгийг нь төр худалдаж авах тухай асуудал хөвөрсөөр л, яригдсаар л байна. Тэрбээр энэ асуудлын талаар “Одоогоор эхний 120 ортой эмнэлэг нь баригдсан. Би  20 гаруй жил зүтгэж олсон хөрөнгөөрөө дэнчин тавьж  хавдрын эмнэлэг барьж байна” гэсэн юм. Ямартай ч зээлийн хэмжээгээрээ нэлээд дээгүүр толгойлж байна.

“Хурдны зам” компани 68.9 тэрбум төгрөг:

Энэхүү компанийг Шагдарсүрэнгийн Бат-Энх, түүний эхнэр Хүүхдийн төлөө газрын дарга асан И.Нарантуяа нар эзэмшдэг. И.Нарантуяа нь АН-ын идэвхтэй гишүүдийн нэг бөгөөд одоогоор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. “Хурдны зам” компани Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэл, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай зам барилгын ажлыг гүйцэтгэсэн байдаг.

Монполимет групп 126.6 тэрбум төгрөг:

Тус груп нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшил юм. Компанийнх нь Ерөнхий захирлаар Н.Мөнхнасан хэмээх эмэгтэй ажилладаг. Хөгжлийн банкнаас авсан энэхүү зээлээ төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлөөр авсан байна.

“Скай ресорт” компани 125 тэрбум:

Энэхүү компани нь хэд хэдэн бүдүүн даргатай. Тэр дундаа дарга нар нь өдгөө УИХ-ын гишүүний сэтэртэй. Тийм ч учраас зээлийн хэмжээ нь өндөр дүнтэй харагдаж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд нар юм. Эдгээр эрхэм нэг халааснаас санхүүжин амьдран суудаг байх нь. Скай ресорт нь МCS-ийн охин компани бөгөөд Хөгжлийн банкны зээлээр АСЕМ цогцолбор, хотхоныг барьж ашиглалтад оруулсан. Өнөөдөр ч энэхүү бүтээн байгуулалт нь хэл ам дагуулсаар байгаа юм.

“Кью Эс Си” компани 133.7 тэрбум төгрөг:

Харин энэхүү өндөр дүнтэй зээлийг тус компанийнхан Хөгжлийн банкнаас зээлсэн байдаг. GSC компанийн захирал менежмэнтийн гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар очсон. Д.Батжавхлан “3-4 жилийн дотор Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг “Уул уурхай, металлургийн цогцолбор” болгон хөгжүүлэх бүтээн байгуулалтыг хийнэ” гэж амласан. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг авлаа гэсэн явган яриа ч улс төрийн хүрээнийхний дунд дэгдэж байсан юм.

“МАК цемент” компани 109 тэрбум төгрөг:

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын овог шиг дагадаг тус компани 109 тэрбум төгрөг зээлжээ. Одоогоор тус компанийг түүний дүү Н.Цэлмүүн удирддаг. Мак евро цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад Хятадын “Heng Yuan” компаниас гадна Монголын 71 аж ахуйн нэгжийн 340 гаруй мэргэжилтэн гар бие оролцсон гэдэг. Үйлдвэр байгуулах энэхүү нүсэр төслийг хэрэгжүүлэхэд МАК, Данийн Вант улсын BHF банк болоод “Чингис” бондын санхүүжилтээр нийт 330 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулжээ. Төслийн хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км зам, Говьсүмбэр аймгийн төвөөс 65 км зайнд 110 кВт хүчин чадалтай агаарын шугам татаж, 110/35-ын дэд станц барьж байгуулсан байна.

Одоогийн байдлаар тус банкнаас зээл авсан Монроудын Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь түмний нүдэнд ил болоод буй билээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.