Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд танхимаас гарсангүй

2018-11-30 Парламент


Чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэдийгээр Ёс зүйн дэд хороо хуралдасны дараа асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч дэд хорооны ирц бүрдээгүй юм. Иймээс УИХ-ын чуулганы хуралдааныг хуралдуулахаар болсон юм. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалав.

Гэвч Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан атлаа хуралдааныг даргалах нь зохисгүй хэмээн О.Баасанхүү гишүүн хэлсэн. Мөн гишүүн Д.Тэрбишдагва ч мөн ийм санал гаргасан юм. Тэрбээр “Засгийн газар огцрох ардчилсан нийгэмд галав юүлэхтэй адил зүйл биш. Өмнө нь зөндөө огцруулж байсан. Гэтэл өнөөдөр бүр болохоо байжээ. Аятайхан хуралдахчих юмсан гэсэн болохгүй нь. Би Ж.Энхбаяр гэдэг хүний талаар зөндөө л юм сонссон. Өнөөдөр энд эрх ашгийн зөрчилтэй байж олон юм яриад суух юм. Энэ хурал эвгүйтэх нь. Л.Энх-Амгалан та хурал удирдаад хэрэггүй. Наанаасаа буу. Ашиг сонирхлын зөрчилтэй нь энэ танхимаас гарах ёстой. Би аль алиных нь талд орохгүй. Сайн мууг чинь ёстой хэлмээр санагдчихлаа. Өнөөдөржингөө хэрэлдэх нь дээ. Эв зүйг нь олоод явчихъя гэж бодож байсан юм. Тиймээс гарсан хоёр саналаар хоёулангаар нь санал хураалгаад явъя. Цаана чинь олон том асуудал хүлээгдэж байна” гэсэн юм.

Гэсэн ч Ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, хуралдаанд оролцохгүй байх санал УИХ-ын Тамгын газар ирээгүй учраас хэн ч танхимаас гарахгүйгээр асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон.

Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт “Ёс зүйн дэд хороо хуралдах байсан ч ирц хүрэхгүй хуралдаж чадсангүй. Нийт есөн гишүүнтэй ч гурван гишүүн л орж ирсэн. Миний бие, Г.Тэмүүлэн, М.Энхболд нарын гишүүд хуралдаа ирсэн. ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын 27 гишүүн УИХ-д өргөн барьсан. Тиймээс ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг уг асуудлыг хэлэлцэхэд санал хураалтад оруулах нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд энэ асуудлаар Ёс зүйн дэд хороог хуралдуулах шаардлагатай байсан. Гэхдээ өчигдөр ирц бүрдээгүй, өнөө өглөө бас ирц бүрдсэнгүй. Нэгэнт хуралдаж чадаагүй учраас чуулганы хуралдаанаа эхэлж байх шиг байна. Гэхдээ гишүүддээ хандаж хэлэхэд маргааш амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Ёс зүйтэй байх л ёстой. Ёс зүй зөрчсөн л бол Ёс зүй дэд хороо хуралдана шүү гэдгийг анхааруулж хэлье” гэсэн юм.

Гишүүн Н.Номтойбаяр хэлэлцэж байгаа асуудлыг батлахаас өмнө Ашиг сонирхлын хуульд заасан ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд, сайд нарыг чуулганы танхимаас гаргах нь зүйтэй гэх саналыг ч мөн гаргасан юм.

Мөн гишүүн С.Эрдэнэ хууль зөрчихгүй талаас нь хуралдааныг явуулах ёстойг тайлбарлаж, Нийтийн болон ашиг сонирхлын тухай хуульд заасан заалтын дагуу ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс хуралдааныг орхиж, гарах хэрэгтэйг сануулав.

Түүнчлэн тэрбээр АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах дэмжсэн. Үүнийг Я.Санжмятав гишүүн дэмжсэн байгаа. Тэгэхээр бас ашиг сонирхлын зөрчилтэй байхыг үгүйсгэхгүй юм. Тэгэхээр хэнээр удирдуулахыг дахин ярих хэрэгтэй гэдгийг ч хэлсэн.

Ийнхүү нэгдсэн хуралдааныг хэн удирдах уу гэх асуудал хэсэгтээ өрнөсөн. Гэвч эцсийн мөчид дэд дарга Л.Энх-Амгалан хуралдааныг удирдан, асуудлыг хэлэлцэхээр болсон. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.