Засгийн газрыг огцруулах санал дээр гишүүд худалдагджээ

2018-11-29 Парламент

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг өнөөдөр (2018.11.29) УИХ-ын чуулган хэлэлцэх байв. Чуулганы нэгдсэн хуралдаанаас өмнө УИХ-ын Ёс зүйн дэд хороог хуралдуулж, энд ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэх ёстой хэмээн УИХ-ын дарга М.Энхболд шийдсэн юм.

ЖДҮ-ийн баримт хэвлэл мэдээллийн онцлох сэдвээс салахаа больж, У.Хүрэлсүхийн танхимыг түгшүүрт автуулаад сарын хугацаа өнгөрч байна. Зээл авсан сайд нарын тоо анхандаа гурваар тоологдсон бол өнгөрсөн долоо хоногт 7-8 сайдын нэр дуулдаж эхэллээ. Энэ бол дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн Засгийн газрын нэр хүндийг улам унагах мэдээ болохоос аврах юм биш.

Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ү.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар багтаж, тэд 300 саяаас 2.9 тэрбум төгрөгийн зээл авсан баримтыг мэдээллийн сайтууд дэлгээд байгаа.

Прокурорын байгууллага нэр бүхий зургаан сайдад хэрэг үүсгэсэн гэж мэдэгдсэн. Ингэснээр У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын бараг 70 хувь нь ЖДҮ-чин болж таарах гээд байгаа юм. Тиймээс УИХ-ын даргын гаргасан ЖДҮ-чин гишүүдийг Ёс зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх асуудлыг сөхөн хөндөөд байна.

УИХ-ыг хуралдуулахаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар шуурхай ажиллаж, нэг нь сэтгүүлчид нэвтрэхийг хориглоод удсан УИХ-ын чуулганы танхим руу сэтгүүлч авч орохоор довтолж, нөгөө нь УИХ-ын чуулганы танхимд сурвалжлагчийн үүрэг гүйцэтгэж, гишүүдээс шууд ярилцлага авч дамжуулав. Харин нэг нь УИХ-ын даргыг эрэн сурвалжилж байна хэмээн попорч амжив.

Засгийн газрыг огцруулах асуудал дээр УИХ-ын гишүүд хоёр хуваагдсан байдалтай байгаа. Засгийн газраа огцруулахгүй байх талаар У.Хүрэлсүхийн авч хэрэгжүүлсэн нэг ажил нь УИХ-ын гишүүдийн саналыг худалдан авсан явдал гэж эх сурвалжууд хэлж байна.

Тухайлбал, Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан Г.Мөнхцэцэг гишүүнд томилолт өгөөд Солонгос руу нисгэсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Би энэ Их хурлын хамгийн ахмад хүн, жаахан тохьтой байя” гэх маягийн үг хэлээд саналаасаа хойш суусан гэнэ. Мөн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдавга нар байнга хоёр тал руу холбирч, хэн ялах тэр талыг дагахад бэлэн байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ч хэдхэн өдрийн өмнө өгсөн мэдэгдлээсээ огцом ухарч, Засгийн газрыг дэмжээд эхэлсэн. Энэ нь түүний ах Ж.Бат-Эрдэнэд Засгийн газар томоохон юм амласан талаар Төрийн ордонд яригдаж байна.

Ингээд Засгийн газрыг аврах кноп хангалттай хүрэлцэх болсон учраас ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Ёс зүйн байнгын хороогоор ЖДҮ-чдийн асуудлыг хэлэлцэхгүйгээр УИХ-ын чуулганыг хуралдуулахаар улайран гүйж байгаа нь энэ аж.

ЖДҮ-чид бол ард түмний, жинхэнэ ЖДҮ-чдийн хоолыг булаасан хүмүүс. Тэд бол энэ Засгийн газрын сайд нар. Одоо Ёс зүйн хариуцлага хүлээхгүйгээр Засгийн газраа дэмжин санал өгөх нь шударга ёсонд нийцэнэ гэж үү? Хэрвээ тэд санал хураалтад оролцвол Хэрвээ санал өгвөл Ашиг сонирхлын хуулийг зөрчих юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.