У.Хүрэлсүхийн танхим огцрохгүй ээ

2018-11-29 Нийтлэл

Ардын засгийн У.Хүрэлсүх огцрохгүй ээ, наадуул чинь илүү кноптой. Харин УИХ-ын нэр бүхий 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичгийг ёсыг бодож, чуулганаар хэлэлцсэн болоод өнгөрөх байх. Гэхдээ улс орныг донсолгосон сценари чамгүй хугацаанд дэглэсэн болохоор эзнээ огцруулахыг шаардсан хэсэг нөхөд ичсэн нүүрэндээ ярьдаг юмаа ярина л даа. 

Угаасаа Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буй Д.Хаянхярваа тэргүүтэй 27 нөхрийн чац дутах нь ажиллагааны явцад тодорхой болсон. Эдгээр гишүүн нэгдсэн журмаар үзэл бодолдоо үнэнчээр кнопоо ажиллуулсан ч цаана буюу ОГЦРУУЛАХГҮЙ талд нь 40 гишүүн үлдэж байгаа биз. Гэхдээ бас тус саналын эсрэг хуруугаа хөдлөгдөггүй юм гэхэд хуралдаанд оролцохгүй байх магадлалтай хэсэг нөхөр бий. Тэр нөхөд чинь алсын зайнаас асуудлыг ажиглаж байгаад дараагийн нүүдлээ боддог хорголжин нүдэлсэн хүмүүс байдаг юм. Гэхдээ л ХҮК даргын танхим унахгүй.

Ер нь түүнийг аялдан дагагсад ч олон болж. Парламентад суудалгүй 14 намын төлөөлөл У.Хүрэлсүхийн ард асаалттай танкны үүрэг гүйцэтгэхээ илэрхийлээд уулзлаа. Тэд Ерөнхий сайдын эхлүүлсэн өөрийнх нь хэлсэнчлэн “их цэвэрлэгээ”-нд нэгдэж байгаагаа илэрхийлэв. Намын төлөөллүүд “Хэзээ нэгэн цагт Монгол төрд бий болсон шударга бус зүйлийг хэн нэгэн таслан зогсооно. Харин тэр цаг одоо ирсэн” хэмээн дуу нэгтэй ХҮК даргын цөсийг хөөргөөд явна лээ. Тиймээс байсан юм байрандаа л байх болно. Харин энэхүү улс төрийн донсолгоо өнөөдөр, маргааш хуралдах парламентаар төгсгөл болох нь ээ…

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.