Мэргэжлийн зөвлөгч болох дөрвөн зөвлөгөө

2019-10-28 Подкаст

Ямар нэг салбарт мэргэшсэн, хэнийг ч урдаа гишгүүлэхгүй болсон хүн ихэнхдээ мэргэжлийн зөвлөгч, багшийн тусламжтай тэрхүү түвшинд хүрсэн байдаг. Түүнчлэн таны дадлага хийсэн компани, албан газар эсвэл туршлага өндөртэй танил нэгэн өдий хүртэл явахад чинь тус дэм болсон байж болох юм.

Бизнесийн салбарт амжилтад хүрсэн хүмүүсийн ихэнх нь тэгээс эхэлж ихэвчлэн хэн нэгний тусламжтай тодорхой хэмжээний амжилтад хүрсэн байдаг. Нэгэнт карьерынхаа чадварыг бүрэн эзэмшээд хэнээс ч тусламж харахааргүй болсон цагт бусдыг амжилтад хүрэхэд нь туслах цаг ирдэг. Таны өдийг хүртэл туулсан замнал бусдад урам өгч хичээл зүтэлийн үлгэр жишээ болж болох юм.

“Зөвлөгчийн тус нэмрийг үнэлж баршгүй. Зөвлөгч хүн хамгийн оновчтой замыг заагаад зогсохгүй тухайн салбарт дөнгөж хөл тавьж буй хүнийг амжилтанд хүрэхэд нь дөхөм болдог юм. Туршлагатай сайн зөвлөгч шинэ хүний айдас, шаналалыг ойлгодог. Яагаад гэвэл тэр хүн өөрөө зовлонг нь туулж гарсан байдаг” гэж цахим сурталчилгаа бизнесийн It Works Media компанийн контент менежер Жеймс Нуттал хэлжээ.

Зөвлөгч болохоор шийдсэн бол эхний ээлжинд таны саналыг дэмжиж туслах хүмүүстэй харилцаа тогтоох хэрэгтэй. Энэ цагаас л эхлэн мэргэжлийн чиг баримжаагаа олж авах, мэргэжилдээ хамаг зүрх сэтгэл, цаг заваа зориулах үе ирнэ.

Харилц, сонс

Ажил мэргэжлийн зөвлөгөө авч байгаа үйлчлүүлэгч тань ирээдүйн ажил мэргэжлийн замналаа нарийн тодорхойлж өөрийн гэсэн төсөөлөлтэй болсон байх нь ойлгомжтой. Харин түүний мөрөөдлийн ажлыг бодит болгохын тулд таны зөвлөгөө чухал үүрэгтэй. Гэхдээ зөвлөгч байлаа гээд хувийн хүсэл шаардлагаа тулгаад байж болохгүй. Тэдний бодож төлөвлөсөн ажлыг нь асууж, танаас юу хүсэж буйг сонсох нь зүйтэй юм. Түүний дэмжигч, хөтөч, туслагч нь бай. Гэвч хувийн зан чанараа сурагч хүнээрээ шууд даган дуурайлгах гэсэн үг биш харин өөрийн санаа зорилгыг тусгах замаар түүнд цааш ахин дэвжихэд туслах гэсэн үг юм.

Нэгэн цагт хамтран зүтгэж ижил завинд байсан хүндээ юм уу эсвэл боломж нь төдийлэн гарч өгөхгүй байгаа хэн нэгэнд мэддэгээ зааж өгөн тусламжийн гараа сунгах хэрэг гарна. Хүчин чармайлт хүсэл тэмүүлэлтэй бүрэн нийцэх ёстой ба зорилго нь ач тустай, тодрхой байх ёстой.

“Чухам юуны учир зөвлөгч хэрэг болсон юм, зөвлөгчөөр дамжуулан юу хүсэж байгааг нь тодорхойлсноор зорилгодоо хүрэхэд тус болох нь тодорхой. Итгэл найдвар, хүсэж буй зүйлээ нээлттэй хуваалцаж чадвал та хамтран ажиллаж байгаа хүнтэй харилцах харилцаагаа улам үр өгөөжтэй болгох боломжтой. Зөвлөнө гэдэг зөвхөн та ганцхан яриад байна гэсэн үг биш. Нээлттэй харилцаа нь бодол санаа, асуулт, шийдлийг үргэлж нээж өгч байдаг. Харин ямар нэг шүүмжлэл хязгаарлалт тавих хэрэггүй. Хэрэв таны үйлчлүүлэгч асуулт асуухгүй хаалттай юм шиг байгаа бол тэр хүнийхээ сэтгэлийг нээж өөртөө итгэлтэй хүн болоход нь туслах хэрэгтэй. Тэдэнд тулгарч буй бэрхшээл, тэдний хүсэл, зорилго, бодлыг мэдэж байж л тэдэнд тус болж чадна. Энэ их чухал юм” гэж effectUX-ийг үндэслэгч Сара Дэн хэлжээ.

Бодитой, үр ашигтай шүүмжлэл

Харилцагч хүнээ шүүмжилж хатуу үг хэлмээргүй байгаа нөхцөлд тэднийг гонсойлгохгүй байх үүднээс аливаа зөвлөгөө, мэдээлэл ямар нэг шүүлтүүргүй байх ёстой. Хүсэл зорилгыг унтраахгүйгээр шүүмжлэлийг эвтэйхэн ойлгуулах боломжтой. Шүүмжлэлээр асуудлыг шийдвэрлэхдээ аргатай, арга эвийг нь олох чадвартай байх хэрэгтэй. Алдаа дутагдал болгоныг нь сануулахын оронд аль болох эерэг талаас нь харахыг хичээх нь хамаагүй үр дүнтэй.

Ямар ч хүнд зааж зөвлөж байсан эхний оролдлого тэр болгон бүтэмжтэй байдаггүй. Тиймээс хамтрагчдаа өгөх зөвлөгөө мэдээлэл бодитой бөгөөд үр дүнтэй байж ямар нэг дэвшил гарч байх ёстой. Харин эмзэг, өөрийгөө өмөөрөх янзтай хүнд зөвлөгөө өгөхдөө аль болох түүнийг дэмжих талаас нь харах хэрэгтэй. Алдаж оносон зүйлээ хуваалцах, бэрхшээлийг хэрхэн давж амжилтад хүрч байсан туршлагаасаа ярилцах нь зөвлөгч хүний бас нэг сайн арга юм.

Бусдын зовлонг ойлгож сурах

Зөвлөгөө авч буй хүнтэйгээ улам ойр байж тэдний хүсэж буй зүйлс сэтгэлийг нь ойлгох чухал. Ажил бүтэлгүйтэх, азгүйтэх гэх мэт хүн болгонд л онцгүй таагүй өдөр тохиох үе байна. Тийм үед нь түшиг болж хэцүү үеийг нь даван туулахад нь туслах хэрэгтэй. “Сайхан сэтгэл, хүнийг ойлгох чадвар бол сайн зөвлөгч хүнд байх ёстой зан чанар” юм гэж Нуттал хэлжээ.

Хүнийг ойлгож сурах, сайхан сэтгэлийг заагаад байх шаардлагагүй чадвар гэж ойлгодог. Гэвч үүнийг хэвшүүлэхэд багагүй тэвчээр, цаг хугацаа, дадлага хэрэгтэй. Анхааралтай сонсох, сониуч байх, өөрөөсөө өөр сэтгэдэг нэгнийг хүндэтгэх, шүүмжлэлийг хүлээж авч сурахад багагүй хүчин чармайлт шаардана. Жишээ нь та хүн болгоныг өөртэйгээ ижил түвшинд очиж чадах эсэхийг таашгүй. Таны хандлага, сонирхол, амьдралын туршлага өөр өөр. Тиймээс хүнийг (тэр дундаа харилцагчаа) гаднаас нь өнгөцхөн дүгнэх зохимжгүй.

Ихэнхдээ хийх нь ярихаас хүнд. Үр бүтээмжтэй зөвлөгч хүний бас нэг чадвар бол тэвчээр юм. Хүн болгон тань шиг бүхнийг ойлгоод хүлээж авах чадваргүй, таны ажлын арга барилыг ойлгохгүй. Хэрэв таны арга барил нэг л явж өгөхгүй, үр дүнгүй байвал арга барилаа өөрчлөх хэрэгтэй.

Харилцагчаараа шийдвэр гаргуул

“Илүү ихийг мэддэг” учраас жолооны хүрдийг өөрөө барьж харилцагчаа хажуугийн суудалд байлгахыг боддог. Гэвч зөвлөгөө өгч авч байгаа хүмүүсийн хооронд ийм маягийн харилцаа байж болохгүй. Харин та зөвлөгч хүний хувиар өөрөө зааварлагч болж хажуу суудалд байж харилцагчаа жолооны хүрдний ард суух хэрэгтэй. Хажуунаас нь хэрэгтэй зөвлөгөө, тусламж өгч онцгой үед тоормоз татаж шаардлагатай арга хэмжээг авна.

Зөвлөгөө авч буй хүндээ тодорхой хэмжээний хариуцлага хүлээлгэж өөрөөр нь шийдвэр гаргуулах хэрэгтэй. Энэ нь тэднийг өөртөө улам итгэлтэй болгож танд ч итгэх итгэл улам дээшилнэ. Хэрэв харилцагчдаа итгэж байвал түүнд илүү их хяналтыг гарт нь атгуулснаар хамтын хүчин чармайлтыг улам үр дүнтэй болгоно.

Эх сурвалж: www.businessnewsdaily.com

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.