УИХ-ын 40 гишүүн “ажил хаялт” зарлаж байна

2018-11-22 Парламент

Хэвлэлийн бага хурал

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүйн улмаас одоог хүртэл хуралдаан эхлээгүй байна. Энэхүү байдал юунаас үүдэлтэйг нэр бүхий гишүүд тайлбарлаж, хэвлэлийн бага хурал хийв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар тайлбар хийсэн юм. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрох хүртэл УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд Ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын даргатай хамтран ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдэж 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан хэмээв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Үндсэн хуулийн цэц хүртэл М.Энхболд гэдэг хүний өмнө хүчин мөхөстөж байна. М.Энхболд хүнээс болж улс төрийн тогтворгүй байдал үүсч байна. МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс гэж би харж байна. Бүлэглэл нь тусдаа, төр нь тусдаа байх ёстой. М.Энхболд гэдэг нэр хүнд нь уначихсан, төрт ёсны зарчмаасаа гажчихсан байгаа хүнээр парламентыг удирдуулж явах боломжгүй гэж харж байна” гэв.

Ийнхүү гишүүдийн зүгээс 60 тэрбумын хэрэг өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа. Нээлттэй сонсгол хийхийг шаардсан боловч ямар нэгэн тайлбаргүйгээр хийхгүй байгаа. Ийм УИХ-ын даргатай байхыг бид дэмжихгүй. УИХ-ын даргыг огцортол УИХ-ын 40 гишүүн чуулгандаа суухгүй хэмээж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Болд “АН-ын улс төрийн зөвлөл Засгийн газрыг огцруулах асуудал дээр байр сууриа илэрхийлсэн. Харин бид хууль зөрчсөн УИХ-ын даргыг огцруулах асуудал дээр санал нэгдэж зогсч байна. Монголын төрийг буруу замаар хөтлөөд явах бололцоо байх ёсгүй. Ирц бүрдэх ямар ч нөхцөлгүй болгоно” хэмээн тодруулав.

О.ГЭРЭЛ

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.