УИХ-ын гишүүн Л.Энхболдын “хамсаатнууд”-ыг илрүүлээд эхэлсэн юм бус уу

2018-11-17 Нийтлэл

Өнгөрсөн шөнө хоёр хүнийг холбогдох албаныхан саатуулсан мэдээтэй. Тодруулбал, “Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн болон “Хас говь транс” компанийн захирал н.Чагнаасүрэн гэгчийг саатуулсан гэнэ дээ. Зүгээр сонсоход, энгийн нэгэн бизнесмэнүүд, жирийн нэгэн иргэд. Гэвч эдгээр захирал нь өндөр дээд язгууртангуудтай холбоо зүлбээтэй, зүгээргүй бололтой юм. Учир нь эдгээр компанийн авсан зээлийг УИХ-ын гишүүн Л.Энхболд болон өөр хоёр ч залуу гишүүнтэй хамаатай байж болох сэжүүр олдсон сураг ч дуулдаж байна.

Хамгийн гол нь жижиг дундаас 950 саяыг туусан гэх “Хас говь транс” компани үйл ажиллагаа явуулдаг эсэх нь эргэлзээтэй гэнэ шүү. Шуудхан хэлэхэд, цаасан дээрх компани ч байж магадгүй гэсэн яриа чих дэлсэв. Харин ЖДҮХС-гаас 1,2 тэрбумын зээл авсан “Жаргалант харвест” 2009 онд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Одоогийн эзэмшигч Л.Батсүрэн нь 2018 оны дөрөвдүгээр сард худалдаж аваад зургадугаар сарын 29-нд данс руугаа мөнгөө шилжүүлээд авсан баримт нь бий. Мөн тус сангаас 650 саяыг зулгааж чадсан “Азийн говь” гэж нэртэй компанийг ч түүнд хамаатай гэж байна.

Ийнхүү УИХ дахь “ЖДҮ-чин” тодотголтой гишүүдийн эгнээ гурван хүнээр нэмэгдэх магадлалтай болжээ. Янз нь Авлигатай тэмцэх газраас улстөрчдийн нөлөөгөөр ЖДҮХС-гаас авсан зээл нь зориулалтын бусаар зарцуулагдсан, бусдад авлига өгсөн байх магадлалтай гэж үзсэн компанийн захирал болон хамаарал бүхий хүмүүсийг нь дуудаж байцаалт авч байгаа. Тиймээс л урьд шөнийн баривчлагаа болж, Л.Энхболд гишүүний “хамсаатан” гэгдэх хоёр эрхэм хууль хяналтынханд тоосоо гөвүүлж буй нь энэ юмдаг уу.

Түүний хувьд, өмнийн говиос сонгогчдын итгэлийг хүлээж, парламентад суух эрх авсан. Хааяа хачин сонин үйлдэл үзүүлж, сонгогч олноо цочоодог гэмтэй. Тэрбээр өнгөрсөн жил улсын баяр наадмын үеэр сонгогч олондоо гэнэтийн бэлэг барьсан нь өөрийн хөргийг жаазалж тараасан явдал байв. Ийнхүү саяхныг хүртэл “Жааз” хочтой явсан тэрбээр өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн “Хаан” хочтой болсон. Зүй нь мань эр Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын төрийн тахилгат хайрханы тэнгэрийг тайх ёслолд оролцож яваад ийн хочийг зүүх болж. Уг нь түүний оронд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ суудалд суух байсан ч тэрбээр энэ үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан гэдэг. Ингээд нутаг орноо төлөөлөн төрийн хамгийн том албан тушаалыг хашиж буй Л.Энхболд энэ суудалд суужээ. Гэтэл өнөөх “Хаан” Энхболд өнөөдөр “ЖДҮ-чин” гэх хочтой болов оо хөөрхий. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 315 сая төгрөгийн орлоготой гэх түүнд ЖДҮХС-тай ямар нэгэн байдлаар холбогдох “тавилантай” л байж.

Түүний Авлигатай тэмцэх газар мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад, гэр бүлийн орлого нь 13.980 төгрөг, орон сууц, барилга байгууламж таван ширхэг байдаг аж. Харин гэр, авто зогсоол, авто граж, өвөлжөө, хаваржаа, гүний худаг, хүлэмж гэх мэт зүйл нь ганц байна. Зах зээлийн үнэлгээг 1.023.800.000 төгрөг гэж тайлагнажээ. Харин түүний хувьд ах “гишүүд” шигээ ланзгар жийп унадаггүй. Ёстой нөгөө ард түмэнтэйгээ амь нэг гэгчээр приусын “жолооч”. Түүнийхээ зах зээлийн үнэлгээг 11 сая төгрөг гэжээ. Орон нутгийн түшээ юм хойно 530 хонь, 390 адуу, 590 ямаатай гэнэ. Хувийн хэвшлийн газаргүй, үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлгүй ч дансандаа 13.794.000 төгрөгтэй байна. Парламентад суухаасаа өмнө Өмнөговь аймгийн МАН-ын даргаар  ажиллахын сацуу аймгийн залуучуудын хөгжлийн төв ТББ-ын тэргүүний албыг давхар хашдаг байсан. Мөн “Ирээдүй инвест” ББСБ ХХК-ийн захиралаар ажиллаж байж. Түүний ББСБ 230 сая төгрөгийн өртэй ч 1600, 3216, 2080 ширхэг хувьцаатай. Нийт дүрмийн сангийн хэмжээ нь 2.081.600.000 төгрөг. Үүний ногдол хувь- 50,  50 хувийн харьцаатай…  Ийм хөрөнгөтэй хүнд ч цагаан захтнууд сайхан л харагддаг байж таарна. Тэднийхээ замналаар “ЖДҮ-чин” тодотголтой болж байх шиг ээ.

 

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.