Я.Сод-Эрдэнэ чинь Я.Содбаатар гишүүний дүү мөн шүү дээ

2018-11-14 Нийтлэл

Айл гэрийн амьдрал баян байдаг аа. Гэхдээ л эхнэрээ хэдэн тэрбумаар нь зээл тавьж байхад мэдээгүй гээд толгойгоо унжуулаад суудаг өрх гэрийн тэргүүн гэж байх уу. Арай л аргуун уу, үгүй юу.

Гэвч юманд учир бий дээ хө. Хөшигний цаана эхнэрээ хүртэл танихаа болих шахсан Я.Содбаатар ЖДҮДС-гийн гурван хувийн хүүтэй зээлийг банк бусаараа дамжуулан эргэлдүүлсэн байх магадлал бий. Холбогдох хууль хяналтынхан хүртэл ингэж хардаад, яг энэ хүрээний хэргийг шалгаж эхэлсэн мэдээтэй.

Тэгэхээр энэхүү хэрэг явдлын учгийг хөвөхийн тулд эхний ээлжинд эрхэм гишүүдийн давхар дээлийг нэг нэгээр нь тайлах шаардлага бий. Ялангуяа, УИХ-ын гишүүний бүрэн эрх гэгч айхтар халхавчийг нь.

Ер нь ажиглаж суух нь ээ, эрхэм албан тушаалтнууд зам мөрөө их эртнээс бэлдэж байсан байх нь. Содоо гишүүн л гэхэд ам ангайх бүртээ жижиг дунд үйлдвэрлэгчдийг өрөвдөж, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хүүг бууруулахаар санал оруулж байсан.  Гэтэл өнөөдөр яав. Тэр хэдэн тэрбумтай. Төр араас нь гүйдэлтэй. Гүйгээд ч гүйцэх үгүй нь өнөөдөр тодорхойгүй байна. Нэг үгээр хэлбэл, ам үйлдэл нь зөрчилддөг тэр жижиг дунд шиг сахилга батыг сахих тухай ярихаас хэтрэхгүй биш үү. Эсвэл шийдэр гаргахдаа хойрго түүнийг намын даалгавар биелүүлж дуустал нь тэр суудалд нь хатаах уу.

Бүр цааш нь учиг зангилааг хөөвөл хөрөнгө мөнгөтэй ажил төслүүд яригддаг, явагддаг улсын чухал салбарт Я.Содбаатар, харин төрсөн дүү Я.Сод-Эрдэнэ нь Хөгжлийн банкинд дэд захирлын албан тушаал хашдаг. Тэр ч бүү хэл, банкны хяналт, шалгалт, Тамгын газрын захирал хэмээх сэтэртэй. Эл албанд очоод удалгүй өөртөө телевизор авах тушаал гаргаж байснаар нь олон хүн таних биз. Тодруулбал, Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт, шалгалт, тамгын газрын захирал Я.Сод-Эрдэнэ 2016 оны арванхоёрдугаар сарын 1-нд Үндсэн хөрөнгө худалдан авах тухай 3/17 тоот тушаал гаргасан байдаг. Тэрхүү тушаалд Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал болон Хяналт, шалгалт, тамгын газрын захирал буюу өөртөө ажлын өрөөний зурагтыг “БСБ электороникс” ХХК-иас 6 399 800 төгрөгөөр худалдан авсугай хэмээжээ.

Өөрөөр хэлбэл, 4-5 зурагт худалдаад авчих боломжтой мөнгөөр өрөөгөө чимэж тансаглаж суусан нь тэр. Ахынхаа буянд дэвшин дээшилсэн тэрбээр өмнө нь нийслэлийн Мэдээлэл технологийн газрын даргаар ажиллаж байсан намтартай. Электроникийн инженер мэргэжилтэй тэрбээр “Экспи” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2001 оны тавдугаар сарын 1-нээс Нийслэлийн Захирагчийн ажлын албанд мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнээр орсон байдаг.

Ийм нэгэн ахан дүүс хөрөнгө мөнгө хамгийн ихээр эргэлддэг чухал салбаруудыг эзэгнэн суугаа нь энэ. Удахгүй нэгнээ танихгүй болтлоо идэж уусан байх вий.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.