Ил тавих ёс

Монголчуудын дунд нас барсан хүнийг хээр ил тавих ёсон байжээ. Ил тавьж оршуулах ёс нь хэдий үеэс эхэлсэн нь тодорхойгүй бөгөөд талийгаачийг уулын энгэр ээвэр газар шарилыг цагаан даавуунд ороон тавьж хөдөөлүүлэх үед лам залж дэргэд нь ном уншуулдаг байжээ. Нас барсан хүн хэрвээ буянтай хүн байх юм бол шарил тэр дороо араатан амьтны идэш болно гэж үздэг бөгөөд хэрвээ нүгэл ихтэй хүн байсан бол амьтан ч тоож идэхгүй хэмээдэг. Тийм учраас хээр ил тавихдаа тухайн нас барсан хүний нүглийг цайруулах утгаар лам залж ном уншуулдаг байжээ.

“Археологийн хээрийн судалгааны хэрэглэгдэхүүн болон аман мэдээнд тулгуурлан тооцож үзэхэд монголд 60 гаруй газарт 4000-6000 орчим хүннү булш, 12-16 орчим хэрэм бэхлэлт, суурин, Өвөр Байгальд 2000 орчим булш, хүн урт удаан хугацаагаар оршин сууж асан хэд хэдэн суурин байна” хэмээн эрдэмтэн З.Батсайхан бүтээлдээ дурджээ. Тэгэхээр дээрхи тоо баримтаас үзвэл Хүннү гүрний үед хүнийг оршуулах ёсон хэрхэн явагдаж байсныг судлаачдын бүтээлүүдэд тойм байдлаар болон жирийн иргэдийн болон язгууртны гэсэн хоёр ангилалд эрэмбэлэгдэн судлагдаж байгааг анхаарч болно.

Судлаач О.Пүрэв ”ил хөдөөлүүлсэн цогцос төдийчинээ хурдан арилж, бутарч үгүй  болохыг маш сайн зүйл хэмээн бэлэгшээдэг. Монгол бөөгийн шашинтан тэнгэр, лус, савдгийг голлон шүтэж байх үедээ ус чийг бүхий газар шороонд оршдог байсан бол дээдсийн сүнсийг голлон шүтдэг болсноос хойш газар шороонд холбоотой болмогц аль болохоор ил байж дэгдээх эрмэлзлэлтэй болсон нь илэрхий. Иймээс задгай оршуулга нь бөөгийн язгуур оршуулга бөгөөд үүнд шарын шашны нөлөө гэх юм зан үйлийн зарим зүйлд л оршино ” хэмээснийг нягталбал эрт цагт ил оршоох ёс нь өнөөгийн монгол нутагт оршиж байсан эртний улсуудад ямар нэгэн хэмжээгээр байсан гэж үзэж болно. Ил оршоох ёс нь XVI  зууны үеэс Монголд дахин дэлгэрсэн бурхны шашны нөлөө, номлолтой  холбоотойгоор монголчуудын дунд нийтлэг, баттай байр суурийг эзлэх болжээ. Эл ил тавих, нутаглуулах ёс нь жирийн ард иргэдийн  дунд өргөн дэлгэрсэн ёс байжээ.

XX зууны эхэн хагаст хүн нутаглуулахад олон хүн явдаггүй, яс барьдаг хүн, талий болоочийн ар гэрээс нь 1-2 л хүн явдаг байжээ. Яс баригсдын дотор лам хувраг, эгэл ард гэх мэт хүмүүс байсан ба ерөнхийд нь авч үзвэл буян санасан хүмүүс байжээ гэж үзэлтэй юм. Автономит Монгол улсын үед нас барсан хүний цогцосыг газарт  булах ёсгүй, харин шувуу араатны идэш болгох учиртай бөгөөд хээр талд ил орхиж араатан амьтан, агаар салхиар үрэн таран хийлгэдэг, нас бараачийн цогцосыг хаалгаар биш харин гэрийн ханыг аль нэг газраар задалж тэр завсраар гаргаж, дагалдан явах ламын заасан газарт аваачин толгойд нь чулуу дэрлүүлж гарт нь уншлагын тарни бариулан ямар нэгэн бүдүүн давуугаар бүтээж дөрвөн өнцгийг нь дарж орхидог байжээ хэмээн судалгааны бүтээлд дурджээ. Ил тавих заншил нь 1940-1950 он хүртэл байсан гэдэг.

<

© 2018 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.