Олноо шударга хэмээн үнэлэгддэг Я.Содбаатар сайд хүртэл хоёр “нахих” жишээний…

2018-11-5 Нийтлэл

Төрийн эрхийг барьсан эрх мэдэлтнүүд гурван хувийн хүүтэй зээлээр амьдарч байжээ. Харин энгийн иргэд 30 хувийн зээлээр амьдардаг учраас бид ядуу, тэд баян байж. Хэдэн тэрбумаар тоологдох татвар төлөгчдийн хөрөнгийг зүгээр шахуу хувийн хэвшилдээ эргэлдүүлэх улстөрчдийн увайгүй үйлдлийг нэг нэгээр нь “Хориггүй сэдэв” булангаараа манай редакци тодруулж байгаа билээ.

Энэ удаад Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж өөрийн хамаарал бүхий компаниуддаа хэдэн төгрөг халаасласан талаар онцолж байна. Түүнийг ард түмэн ууган хүчний зөв дуугардаг, залуу лидер гэж харсаар ирсэн. Тийм ч учраас төрийн эрхэнд хоёр дахь удаагаа Өвөрхангай аймгаас сонгогдон ажиллаж буй биз ээ. Өмнө Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд даргаар ажиллаж байгаад МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдож байсан. МАН сөрөг хүчин байх үед бүлгийн дарга С.Бямбацогтын хамт эрх баригчдыг хамгийн их шүүмжлэгчдийн нэг байсан юм. Тэр үнэхээр болохгүй бүхнийг шударга, зоригтой шүүмжилж чаддаг байлаа. Тэр ч утгаараа түүнийг түмэн олон ардаа хуудуугүй цэвэр улстөрч гэж үнэлдэг байв. Нэг үгээр хэлбэл, түүний энэ хүртэлх улс төрд үлдээсэн мөр өнөөдрийг хүртэл сүүн замтай сүлдэн хийморьтой байсан гэхэд болно.

Харин тэрбээр ЖДҮХС-гаас зээл авсан нь олны анхаарлыг зүй ёсоор татаж эхэллээ. Тэр үнэхээр хамаарал бүхий хувийн хэвшилдээ борчуудын хөрөнгөнөөс авсан уу, авсан. Эрхэм гишүүн ямар ч тайлбарыг хэдэн янзаар гоё яриад ч түүний үгийг сонсох хүсэлтэй нь хуруу дарам цөөн байна. Тэрбээр тус сангаас “Эпато анарваан” компаниараа авсан жилийн 3.0 хувийн 1.2 тэрбум төгрөг банк бус санхүүгийн байгууллагаар нь дамжаад сарын 2.61 хувийн хүүтэй зээл болж иргэдэд очдог байсан гэх мэдээлэл газар аваад байгаа. Хэрэв үнэн бол Я.Содбаатар жилд 30 хувийн ашгийг энэ зээлийн ачаар олж эхэлсэн гэсэн үг. Ийм хүн Зам тээвэр, хөгжлийн салбарт ёс зүй, сахилга бат сахиулж дөнгөх үү. Намын нөхөд нь 100 хувийн саналаар түүнийг салбарын сайдаар нэрлэхэд мань хүн өндөр дуугаар “Зам тээврийн, хөгжлийн яам бол таван салбар харьяалагддаг маш хариуцлагатай яам. Амаргүй цаг үед төрийн ажлын ачаа авах даалгавар ирлээ гэж хүлээж авлаа. Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан, бид томоохон шинэчлэлийн ажлыг эхлүүлж байгаа. Энэ хүрээнд Монголын төр босго өндөртэй байх зэрэг олон асуудлуудыг цэгцлэх шаардлага байгаа. Энэ асуудалд анхаарч ажиллана. Өмнөх сайдын барьж байсан бодлогыг үргэлжлүүлэх асуудалд бас анхаарч ажиллана гэсэн бодолтой байна” хэмээн чухам өөртөө итгэлтэй ярьж байсансан. Гэвч түүний амнаас гарсан хий, үйлдэлтэйгээ зөрөөд эхэллээ шүү.

Нөгөөтэйгүүр, Эпато Анарваан” ХХК нь олон улсын жишиг, стандартад нийцсэн төрсний дараах эх, нярайн асаргаа, сувилгаа, хөхөөр хооллолтыг дэмжих, хөх арчилгаа, нярай хүүхдийг зөв амлуулах, асрах үйлчилгээг Монгол Улсад анх удаа оруулж ирэн, нутагшуулах чиглэлээр удаан хугацаанд ажиллаж байгаа гэсэн дардан танилцуулгатай газар байдгийг олон хүн мэдэх биз ээ. Нэг үгээр, эх нярайн мэргэжлийн сувиллын үйлчилгээг эх орондоо анхлан нэвтрүүлсэн гэх юм билээ. Энэхүү газарт ихэвчлэн томчуудын эхнэр төрснийхөө дараа нярайтайгаа хэвтэн сувилуулдаг чамгүй өндөр төлбөртэй гэж байгаа. Ямартай ч түүний эхнэр Б.Мөнгөнцэцэг “Анарваан” төрсний дараах эх, нярайн сувиллыг үүсгэн байгуулагчийн нэг. Эрхэм гишүүн үүнийгээ “Манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан аж ахуйн нэгж ЖДҮХ сангаас зээл авсан юм билээ. Эхнэр маань тэр компанийн үйл ажиллагаанд оролцохгүй нэлээн удаж байгаа” гэж үнэнээ хүлээсэн. Гэхдээ эхнэрийнхээ компани гэж мэлзсэн билээ. Гэвч тэрбээр Авлигатай Тэмцэх газарт гаргаж өгдөг өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Эпато анарваан” компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг тухайгаа мэдүүлсэн нь гарцаагүй баримт билээ. Ингээд л олныг тоочоод байвал асуудлын ээдрээ хөвөрч гарах нь.

Түүнчлэн ЖДҮХС-гийн 2017 онд зээл авсан компаниудын жагсаалтад Я.Содбаатарын мөн л өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан 100 хувь эзэмшдэг “Ти-Эс-Эм” ХХК  жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авчээ. Ингээд л УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар хоёр жил дараалан ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой боллоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.