Ардын Засгийн газрын мэргэшсэн “хумслагчид”

2018-10-31 Нийтлэл

 

Ийм нөхдүүд У.Хүрэлсүхийн Засгийн газарт үүрлэчихэж. Ухнаагийн хүү Ардын Засгийн газраа мэргэжлийнхнээр бүрдүүлнэ хэмээн цэрэг хүний ёсоор тангараглаж байв. Тэр ч бүү хэл, хагас цэрэгжилтийн байдлаар кабинатынхнаа хариуцлагажуулж, хатуу чанга байхаа амласан удаатай. Харамсалтай нь, ашиг сонирхол бол ажлын хариуцлагаас ангид хэмээн мэргэжлийн гэх тодотгол бүхий Засгийн газрынхан эндүүрсэн бололтой.

Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх ямба нь Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт бий. Тиймдээ ч эрхэм сайд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, эхнэртээ зээл олгосон гэж үзэж болох юм. Хачирхалтай нь, түүнд Л.Отгонжаргал гэж эхнэр байдаггүй гэсэн үү, эсвэл салчихсан уу. Тийм зээл аваагүй гэж мэлзэнэ билээ.

Хөрөнгийн биржийн албан ёсны мэдээллээр “Тээвэр ачлал” ХК гэж бий. Захирал нь Б.Батзоригийн үгүйсгээд байгаа Л.Отгонжаргал хэмээх эхнэр нь. ЖДҮХС-гаас “Тээвэр ачлал” ХК-иараа 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан нь ч маргашгүй үнэн. “Тээвэр ачлал” ХК-ийн 89.9 хувь уг нь Б.Батзоригийн нэр дээр байсан гэх мэдээлэл ч бий. Харин Б.Батзоригийн эхнэр Л.Отгонжаргал мөн эсэхийг гэр бүлийн баталгаагаар нь гаргаж тавих шаардлага үүсэв бололтой.

Гэхдээ дээрх сангаас зээл авахын тулд хэд хэдэн  шалгуур үзүүлэлтийг давж, Б.Батзоригийн нүдэнд дулаахан харагдаж байж, хүртэнэ. Энэ тийм ч амар зүйл биш. Тийн атал Л.Отгонжаргал сайдын харцыг булаагаад зогсохгүй, зүрхийг нь эзэмдэж, “Тээвэр ачлал” компани 1.5 тэрбум төгрөгөөс дээш орлоготой мөртлөө хөнгөлөлттэй зээл авсан. Шулуухан хэлэхэд, сангийн сонгон шалгаруулалт хууль бусаар явагдахад зүрхээ залгиулсан сайдын эрх мэдэл нөлөөлөөгүй гэх үү.

Удаах хариуцлагагүй сайд нь Я.Содбаатар. Сүрчиг нь ханхалсан шинэхэн сайд. Зам, тээвэр, хөгжлийн яамыг гартаа оруулах гэж зүдэрч, зүхэж явсан тэрбээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хүртэхээ умартсангүй. Мэдээж, мөн л нохойд тавьдаг мод шиг эхнэрээрээ түрий барьсан байгаа юм. Аз болж, эхнэр минийх гэж мэлзээгүй нь яамай даа. Түүний хувьцааг нь эзэмшдэг “Эпато анарваан” ХХК 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Сайдын эхнэр Б.Мөнгөнцэцэг захирлаар нь ажилладаг бөгөөд жилийн 3.0 хувийн 1.2 тэрбум төгрөг ББСБ-аар дамжуулан сарын 2.61 хувийн хүүтэй зээл олгож, ашиг хүртдэг байж болзошгүй гэсэн хардлага бий. Гэхдээ хувьцааг нь эзэмшиж, ашгийг нь хүртдэг энэ компанийнхаа үйл ажиллагаанд сайд болоод түүний эхнэр оролцдоггүй гэсэн ядмаг тайлбар бий. Эхнэрээ сольсноос дээр хувилбар л даа.

У.Хүрэлсүхийн хэлээд байгаа сахилга, бат хариуцлага аль шатандаа хэзээ, хэрхэн хэрэгжихийг таашгүй. Магадгүй зээл эзэндээ хүрч чадахгүй дээгүүрээ эргэлдсэн бол хариуцлага харалган юм чинь доогуураа эргэлдэж, доголон өвгөнийг бэртээх биз.

Мэргэжлийн Засгийн газрын мэргэшсэн сайд нарын ар хударга нэг иймэрхүү бол эрх баригч намын гишүүдийн хормой ч хоосонгүй. Жишээ нь, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Жилийн 2.4 тэрбум төгрөгийн орлоготой, банк бус санхүүгийн байгууллагатай  Ж.Энхбаярын аазгай хүртэл хөдөлчихөж. Тэрбээр нөхдийнхөө ижил ЖДҮХС-аас “Газар Буудай” ХХК-иараа 950 сая төгрөгийн зээл авчээ. Үнэндээ түүний тухайд энэ сангийн хөрөнгөнөөс хумслаж гаршсан нэгэн бололтой. Учир нь “Газар” ХХК-ийн охин компани болох “Газар Агро” 2016 онд ч ЖДҮХС -аас зээл авч байсан аж. Өдгөө нахисан төдий. Хөрөнгө орлогоороо пароламентад толгой зохидог Ж.Энхбаяр хүртэл сангийн хөрөнгийн дэргэдүүр зүгээр өнгөрч чадаагүй нь энэ.

Хувьдаа сургуультай, уул уурхайтай Н.Учрал хүртэл шуналаа хориглож дийлээгүй гэхээр арга ч үгүй юм даг уу. Цаашлаад гишүүн Г.Солтан, Х.Болорчулуун гээд нэрлээд байвал чамгүй урт жагсаалт хөврөх нь. Ирэх жил гэхэд бүдүүн бүлгийнхэн нийлээд сангийн хөрөнгийг тоншчихсон байх вий.

Нийлээд идээд уучихсан УИХ Засгийн газартаа хяналт тавьж чадах уу. Хариуцлага гэж цээжээ дэлдэх Ухнаагийн хүү кабинетийнхаа гишүүдтэй хэрхэн ярихыг харах л үлдэх шив.

<

© 2018 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.