Орчин цагийн Шагдар буюу Б.Батзоригийн булхай

2018-10-25 Uncategorized

Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг гэргийгээ сольсон бололтой юм. Шулуухан хэлэхэд, мань хүн орчин үеийн Шагдар болсон юм даг уу. Түүний ярианаас яах аргагүй ингэж ойлгогдохоор байна билээ. Учир нь эрхэм сайд “Миний эхнэрийн нэр дээр ямар ч компани байхгүй” хэмээн мэлзэв. Мань сайдын санаа нь Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх мэдээллийг няцаах гэсэн оролдлогондоо бүдэрч, бантахдаа эхнэрээ үгүйсгээд амжсан нь энэ. Ёстой л ичсэн хүн ална гэгчээр юм болсон нь тэр.
Жижиг дунд үйлвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан компаниудын жагсаалтад “Тээвэр ачлал” компанийн нэр тодоос тод харагдана. Энэ компанийн талаар Б.Батзориг сайдын Хөрөнгө орлогын мэдүүлэгт байхгүй. Гэхдээ эл компанийн нэг захирлаар түүний эхнэр Л.Отгонжаргал ажилладагийг Монголын Хөрөнгийн Биржийн албан ёсны сайт мэдээлж, сайдыг гарах гарцгүй болгож орхилоо.

Магадгүй сайд бантсандаа эхнэрээсээ салчихсан гэж мэдэх юм. Уг нь ЖДҮХС-гийн хөрөнгийг төрийн нэрийн өмнөөс захиран зарцуулах эрх нь мань сайдын эрх яамбад бий. Өөрөөр хэлбэл, энэ мөнгийг тэр хүссэндээ өгч чадна. Тиймдээ ч эхнэрийнхээ захирлаар нь ажиллаж байгаа “Тээвэр ачлал” ХК-иараа 1.4 тэрбум төгрөг “гулгуулсан” биз. “Тээвэр ачлал” ХК-ийн 89.9 хувь уг нь Б.Батзоригийн нэр дээр байсан гэлцдэг. Гэтэл Б.Батзориг өнгөрсөн жилээс АТГ-т мэдүүлдэг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэхээ больсон байна.

“Тээвэр ачлал” ХК-ийн түүхийг сөхвөл Б.Батзориг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад буусныхаа дараа Тамгын газрын даргаар ажиллаж асан Д.Баатарнямтайгаа нийлж байгуулжээ. ЗТХЯ-наас олгодог хот хоорондын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийг “…Техникгүй мөртлөө тендерт ялчихдаг. Тэгээд хот хоорондын тээврийг базаж байна” гэх хэл ам үргэлж дагалддаг.

Дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа хоёр хөшөө босгож, гэмт хэргийн гаралтыг бууруулж дөнгөсөн тэрбээр салбар хариуцсан сайдаар тухлаад Ховдынхныг өөт нь татаж, хөдөө аж ахуйн салбарыг цэргийнхнээр дүүргээд зогсохгүй, сангийн хөрөнгийг танил тал, эхнэрийнхээ компани руу гулсуулж эхэлсэн нь энэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэргэжлийн сайд нарын мэргэн ухаан хийгээд, хариуцлагын үр шим энэ юм даг уу. Цаашлаад удахгүй Б.Батзориг сайдын эхнэр өөрчлөгдөх ч янзтай.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.