Хуулийнханд данслагдсан Ё.Баатарбилэг

2018-09-19 Нийтлэл

Төрийн түшээ болоод одоог хүртэл хийсэн ажлаараа олонд танигдаагүй ийм гишүүн байдаг билүү гэмээр хүмүүс мэр сэр парламентад байна. Эдгээрийн нэг нь Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг. Энэ эрхэм ёстой аз нь шовойж МАН-ын бор халзан хонины нэг болж УИХ-ын танхимд хөл тавин орж ирсэн нэгэн.

Ингэж хэлэхийн учир нь тэрбээр Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт холбогдож хуулийнхны овоо хараанд өртөж байсан эрхэм. Тодруулбал, тус аймгийн Цэнхэр сумын нутагт хууль бус алт олборлогч компанийн үйл ажиллагааг мэдсээр байж өөгшүүлэн дэмжиж, 19 сая төгрөгийн хөрөнгөө банкинд хав дарсан нь илчлэгдэж хэд, хэдэн цагдан хорих дамжин саатуулагдаж байсан билээ.

Ямартай ч авлигын хэргээр саатуулагдаж аавынд морилох дөхөж байсан тэрбээр ялаас хөнгөхөөн мултарч амьдралынхаа там болсон өдрүүдийг ардаа орхисон азтай нэгэн. Угтаа бол түүний шургалсан УИХ-д хүн зодсон, дарамталсан, авлига нэхсэн, авсан, эд хөрөнгөө нуусан, хууль бусаар баяжиж хөлжсөн, сонгуулийн хууль зөрчиж байгаад сонгогдсон, тэр бүү хэл улсын хөрөнгө идэж завшсан гэмтнүүд түүнтэй мөр зэрэгцэн сууж байна гэсэн үг л дээ.

Өөрөөр хэлбэл, хариуцлагаас зугтааж нуугдах хамгийн таатай газар бол УИХ болсон учраас аавынд морилох дөхсөн олон эрхэм өдгөө парламентад гэгээнтний дүр эсгэн суух болсны нэг нь Ё.Баатарбилэг. Ёжлон хэлвэл манай шар ордон, хагас дугуй танхим олон ч гэмт хэрэгтнийг хаацайлан, нууж авч үлддэг тун сайхан газар. Энд бид ажил хийгээд, цалин авах гэж зүтгээд хажуугаар нь энэ олон хуулийг дагаж мөрдөн, зөрчвөл хариуцлага хүлээж явдаг бол УИХ-ын гишүүн болбол дархан эрхтэй. Хуулийн байгууллага баримт нотолгоо, энэ тэр гаргаад ирсэн ч гэсэн “ангийнхан” нь аваад үлддэг учраас Ё.Баатарбилэг мэтийн нөхөд олноороо УИХ-д хөл тавьсаар байна.

Тэгэхээр ямар ч гэмт хэрэг өдүүлсэн хүн хариуцлагаас зугтаан амар жимэр сууж байж болох газар бол УИХ. Тэд өнөөдөр ер яагаа ч үгүй юм шиг “Эх орон, ард түмэн” гээд чанга чанга дуугараад энгэр цээжээ балбаад сууж байна. Ичих нүүр гэж байхаа больчихдог амар газрыг авлигачид онилж хорогдох байраа болгон дөрвөн жилийг амар жимэр үдсэн шигээ сууж байна. Тиймээс төрийн мөнгө ууж идсэн авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг төрийн өндөр босгоор давуулахгүй байх хуулийн төсөл боловсруулчих нэг ч гишүүн энэ паралментад байхгүй нь харамсалтай.

Тиймээс ирэх 2020 оны сонгууль хаяанд тулсан энэ цаг үед хуулийнхны хар дансанд данслагдсан энэ мэт эрхмийг нэг нэгээр сонгогчид нь таниулж байхад гэмгүй биз ээ.

Эх сурвалж: Улс төрийн тойм

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.