ХЭЛЧИХЭЭД БОДДОГГҮЙ ЮМ, Ц.ЦОГЗОЛМАА САЙД АА

2018-08-29 Нийтлэл


Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Есдүгээр сарын нэгэн бол уг нь эрдэм номд шамдан суралцаж буй хүүхэд залуучуудын баярын өдөр. Харамсалтай нь бүх хүүхдүүд энэ өдөр хүссэн сургууль, цэцэрлэгийнхээ босгыг алхаж чадахгүй байх нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1 зарим хүүхдийн хувьд уйтгар гунигт авсан өдөр болдог. Хүүхдээ орох ёстой сургууль, цэцэрлэгт нь гуйгаад ч оруулж чадахгүй яваа эцэг эх олон.

Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тэднийг тавлаж байгаа юм шиг “Манайд хүүхдээ бүртгүүлээч гэж гуйх түвшинд хүртэл сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ” гээд ярьж суух юм. Үнэхээр ингэдэг бол сайхан л байна. Уг нь Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, тайлбар нь иргэдийг бага ч гэсэн тайвшируулах учиртай. Гэвч энэ удаад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үг үйлдэл иргэдийг улам бухимдуулж байна. Монгол Улсын боловсролын салбарын хэм хэмжээг тодорхойлох үүрэгтэй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд үг хэлэх бүртээ мэдлэггүй гэдгээ харуулах боллоо. Хамгийн сүүлд л гэхэд эзэн хаант Япон улсыг Бүгд найрамдах Япон улс гэж хэлээд олон нийтийн элэг доог боллоо. Олон улсын харилцаа, улс орнуудын түүх сонирхон судалдаггүй байж болно.

Гэхдээ Монгол Улсын гуравдагч хөрш Япон улсын тухай мэдэхгүй байна гэдэг боловсролын салбар хариуцсан сайдын хувьд ичмээр зүйл. Мөн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалагаруулах тэмцээний нээлтэд зориулсан арга хэмжээнд оролцохдоо “Ливерпулийг дэмжиж байгаа” гэж нүд бүлтийлгэж байлаа. Хөлбөмбөг мэдэхгүй, эмэгтэй хүн гээд өршөөж болох ч спорт хариуцсан сайдын амнаас гарахаагүй үг. Индер дээр үг хэлэхээр гарахаасаа өмнө туслах, зөвлөхөөсөө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй багуудаас алийг нь дэмжвэл зүгээр болохыг асуухад л болох байлаа. Хэлснийхээ дараа боддоггүй юм гэдгийг Ц.Цогзолмаа сайдын амнаас унасан буруу үг болгон л батлаад байна.

Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэдэг. Зөвхөн хийсэн ажил амжилтаарааа хичээлийн шинэ жилийн өмнө олны анхаарлыг татаж байх ёстой Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд өнөөдөр мэдлэг боловсролгүй гэдгээрээ олны анхаарлыг татаж байна. Цахим орчинд “Сайд нь ийм байхад салбар нь ямар байх нь тодорхой. Жирийн иргэн биш тусгаар улсын Боловсролын сайдын ерөнхий мэдлэг ийм ядруухан байж болохгүй” гэх зэрэг сэтгэгдэл хөвөрсөөр байна. Уг нь түүнийг анх сайдаар томилогдох үед олон нийт “Мэргэжлийн хүн томилогдлоо” хэмээн ихэд олзуурхаж байлаа. Гэтэл Ц.Цогзолмаа сайд олны тэр их итгэлийг даанч дааж чадсангүй.

Томилогдсон даруйдаа хийсэн уулзалт бүр дээрээ хэн нэгнийг хална гэж сүрдүүлсээр, загнаж зандарсаар ирсэн. Доод албан тушаалтнаа бүр ухаан алдаж унатал загнасан тохиолдол ч гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч нь сайддаа загнуулснаас болж өрөөндөө ухаан алдаж унажээ. Азаар яамны үйлчлэгч нь түүнийг ухаан алдаж унасан байхыг нь харж яаралтай тусламж үзүүлсэн гэдгийг эх сурвалж хэллээ.

Ц.Цогзолмаа сайд зөвхөн яамныхаа албан хаагчдыг ч бус өөрт хамааралтай бүх л газрын удирдах албан тушаалтнуудыг дээрх хэлсэнчлэн хална хэмээн сүрдүүлсэн. Тэрээр өнгөрсөн хугацаанд энэ үгээ үйлдэл болгосоор иржээ. Ховд аймгаас гаралтай Ц.Цогзолмаа сайд 2020 оны УИХ-ын сонгуулиар аймгаасаа нэр дэвшиж бэлтгэлээ хангаж нутгийнхаа хүмүүсийг ажилд дэвшүүлэн томилох болжээ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.