Өөр өөрийн өгөөш хайсан өрсөлдөгчидтэй МАН

2018-08-3 Нийтлэл

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд агсамнажээ. Улмаар түүнийг огцруулахаа амласан байдаг. Арга ч үгүй юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараахан баярын ширээний ард Засгийн газраа хоёр жилээр ээлжлэн барих тохиролцоо яригдсан байдаг. Өөрөөр хэлбэл, эхний хоёр жил Ж.Эрдэнэбат Засгийн газрыг толгойлж, улмаар Ж.Энхбаярт албаа шилжүүлэхээр баярын хундага тулгахдаа тунхаглаж. Харамсалтай нь нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөж, тэр хоосон амлалтаас өөр зүйлгүй үлдсэн байна.

МАН-ын их хурлаар намын дарга болчих санаатай зүтгэсэн Д.Хаянхярваа 32-ын бүлгийнхнээ хааяахан цуглуулж, мэдээлэл солилцож, төлөвлөгөө зохиох нь бий. Үнэндээ парламентад хэдэнтээ сонгогдсондоо бардсан энэ нөхрийг 65-ын бүлгээ ч удирдаж чадахгүй байж гэх үгс нөхдийнх нь амнаас цухалздаг л юм.

Үнэхээр бүлгийнхээ 65 гишүүнийг нэг зүгт залж чадалгүй жолоодлого алдчихсантай маргах аргагүй юм хойно яалтай. Гэхдээ бүдүүн бүлэгт олон бүлэг фракци бий. Нэгэнт дараагийн сонгуульд ах нам ялахгүй тул ялгарах нь чухал гэх ойлголтод бүгдийнх нь тархинд суучихсан. Тиймээс өөр өөрийн өгөөш хайж, попрох сэдэв хөөцөлдөх болов. Хоёрхон сар хүлээж тэсэлгүй, өөрийн намын Засгийг өвдөг шороодуулсан У.Хүрэлсүхэд ч энэ бүхэн хамаарна. Ээлжит бус зарлахтай зэрэгцэн Засгийн газар нь ганхаж, мань хүн давхар дээлээ нимгэлж эхэлнэ гэдгийг намын нөхөд нь дуу авалцан хэлдэг.

Нөгөөтэйгүүр, дайны хажуугаар дажин гэгчээр Л.Оюун-Эрдэнийн сонсгол түүнд аз гэхээс гай болж мэдэх талтайг ч тодотгох нь бий. Хортой нь 65 гишүүний 40 нь шинэков. Салхинд туугдах хамхуулын үлгэрээр амьдрагчид гэсэн үг. Засгийн газар тонгороход тэд ямар хортойг нийтээр харсан. Зарим нь юунд оролцож, ямар хэрэг хийснээ ч мэдэхгүй толгойгоо маажиж зогссоныг бид мартаагүй байна. Хамхуулуудыг хөдөлгөх амархан. Иймээс л Ж.Энхбаяр У.Хүрэлсүхийн өөдөөс харж байгаад огцруулна гэдгээ зоримог хэлсэн хэрэг.

Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулаад эхэлмэгц Д.Эрдэнэбатаар ахлуулсан АН-ынхан алгаа тосоод угтана. Тэдэнд Засгийн газар аль болох огцорч л байвал, тэр дундаа дотроосоо энэ хэргийг өдүүлж л байвал сайн. Тэгж гэмээнэ 2020 онд эсрэгээрээ МАН бус АН 65 суудлыг эзэгнэж мэдэх эвгүй нээнтэг болох юм.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.