“60 тэрбум”-ын нууц бичлэгийг ил болгосон Г.Доржзодов МАН-ын Ёс зүйн хороонд ханджээ

2018-08-2 Нийтлэл

МАН төрийн албыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгох тухай нууц бичлэг олон нийтэд цацагдсан. Бичлэгийг хуулийн байгууллага шалгаад эвлүүлэг хэмээн үзэж, хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Өдгөө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дээрх асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын даргаас шаардаж, намын нөхдөө уриалаад буй.

Бичлэгийг анх олон нийтэд цацсан иргэн Г.Доржзодов МАН-ын Ёс зүйн хороонд хандсан байна. Тэрбээр гомдолдоо “Иргэн Г.Доржзодов би 2014 оны наймдугаар сарын 1-нд “Монгол хаад групп” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрээр тус компанийн Стратеги хариуцсан захирал албан тушаалд тэнцэж, мөн есдүгээр сарын 1-ний дотор тус компанийн Гүйцэтгэх захирал Алтанхуягийн Ганбаатартай Хөлсөөр ажиллах гэрээ байгууллан ажиллах үүрэг хүлээсэн болно.

Гэвч 2014 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн есдүгээр сары 10 хүртэлх хугацаанд тухайн үеийн Нийслэлийн МАН-ын дарга Цэндсүрэнгийн Сандуй, Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч, МАН-ын Бага хурлын гишүүн Алтанхуягийн Ганбаатар нарын өгсөн үүрэг даалгаврын дагуу тэдний боловсруулж байсан сонгуулийн санхүүжилт, бүтэц, зохион байгуулалт, стратеги төлөвлөлтийн ажилд дайчлагдан ажиллах болсон.

Улмаар Ц.Сандуй, А.Ганбаатар нар өөрсдийн төлөвлөсөн, зорьсон ажлаа дуусгаад, 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдод танилцуулахад миний бие байлцсан билээ. Эл уулзалтын талаар өнөөдрийг хүртэл миний бие иргэний үүргээ биелүүлж олон нийтэд хүргэсээр ирсэн нь өдгөө “60 тэрбум” гэх тодотголтой асуудал болоод байна.

Гэтэл 2016 оны зургадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар эрх мэдлээ ашиглан миний нэр төрийг гутаасан, гүтгэсэн, гүжирдсэн асар их хэмжээний мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, шторкийг зохион байгуулалттайгаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр удаа дараа төлбөртэйгээр цацах, үгсэн хуйвалдаж хуулийн байгууллагуудад худал мэдүүлэг өгч, намайг эрүүгийн хэрэгт гүтгэн өөрсдийгөө цэвэрлэх, хуулийн байгууллагуудад хууль бусаар нөлөөлөх, авлигадах хууль бус чиглэл, үүрэг өгөх, нотлох баримтуудыг устгуулахын тулд удаа дараа хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудаар баривчлуулах, шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдүүлэх, орон байранд нэгжлэг хийх, эд зүйлс хураан авч шинжилгээнд хамруулах нэрээр дотор нь агуулагдаж байсан нотлох баримтуудыг эрж хайх, эд зүйлсийг эвдэж гэмтээх, хууль бус аргаар гүйцэтгэх ажиллагаа явуулж мөрдөж мөшгих, хүч хэрэглэх бүлэглэн дээрэмдэх, амь насанд заналхийлэн айлган сүрдүүлэх зэрэг маш олон ноцтой гэмт үйлдлийг удаа дараа хийсээр ирлээ.

Эл хугацаанд миний болон миний ойр дотны, эргэн тойрны хүмүүс алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаа, аюулгүй байдал, эдийн засгийн асар их хохирол амсаад байна.

Өдгөө 100 гаруй жилийн түүхтэй Монголын ууган улс төрийн хүчин МАН-ын эгнээнд энэ мэт ёс зүйгүй улс төрчид дураараа авирласаар байгаад туйлын харамсаж байна. Тэдний үйлдсэн гэмт үйлдлүүдийг цаг хугацаа, нолох баримтуудын хамтаар www.dorjzodov.org сайтад байршуулсан тул дэлгэрэнгүйг тэндээс үзэж болно.

Иймд нэр дээр дурдагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын ёс зүйн асуудлыг шүүн хэлэлцэж, тэдний гэмт үйлдлийг таслан зогсоож, МАН-ын нэр хүндийг удаан хугацаанд сэвтэж унахаас сэргийлж арга хэмжээ авна уу.

Гомдол 2014 оны наймдугаар сарын 28-ны өдөр Ц.Сандуй, А.Ганбаатар нар төрийн албыг үнэлэх аргачлалыг хэрхэн боловсруулж тооцоолж байгааг нотлох 40 минутын аудио бичлэг, 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын албан ёсны 90 минутын уулзалтын аудио бичлэг болон тэдгээрийг буулгасан текстүүд, мөн 90 минутын бичлэгт Америкийн шинжээч Франк Пиаззагийн хараат бус шинжээчийн дүгнэлтийг англи, монгол хэл дээр хавсаргав. Хавсралт нийт 50 хуудас, 1 ширхэг DVD. Гомдол гаргасан Г.Доржзодов. 2018 оны наймдугаар сарын 1″ гэжээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.