Нэр бүхий гишүүд асуулга хүргүүлжээ

2018-01-26 Парламент

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад хандан шатахууны нийлүүлэлт, хомсдолын шалтгаан, түүнтэй холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөөцтэй холбоотой асуудлаар энэ сарын 24-нд асуулга тавьжээ.

Учир нь сар шинэ дөхсөн энэ өдрүүдэд шатахууны хомсдол үүсч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх хандлагатай байгааг албаны хүмүүс онцолж байгаа юм. Өнөөдрийн байдлаар шатахуун түгээх станцуудын гадаа уртаас урт дараалал үүссэн байдалтай байна. Энэхүү нөхцөл байдалд Засгийн газраас арга хэмжээ авч иргэдийн олонх нь хэрэглэдэг А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэж, бусад төрлийн шатахууны онцгой албан татвар болон үнэ нэмснийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Гэвч энэ нь түр аргацаасан хэлбэр болохыг албаныхан тодотгож байна.

Тиймээс нэр бүхий гишүүд асуулга хүргүүлж, хариулт өгөхийг шаардаж байгаа юм. Уг асуулгад “2018 он гарснаас хойших 20 гаруй хоногийн хугацаанд шатахуун, түлшний жижиглэнгийн үнэ нэмэгдэж, нийлүүлэлтийн хомсдолтой байдлаас шалтгаалан ард, иргэдийн дунд бухимдал газар авч байна. Уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан шатахууны үнэ нэмэгдсэн гэх шалтгаанаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдэх хандлагатай байгаа нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлэхээр байна. Иймд шатахууны үнэ нэмсэн гэх шалтгаанаар бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөхөөр байгааг тооцоолсон эсэх, хангалттай нөөц бүрдүүлсэн эсэх, цаашид энэ тал дээр ямар бодлого барьж ажиллахаар талаар тодруулж байна” гэжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.