Амьдрал мэдэхгүй, баян Тэргүүнтэй байх хэцүү юм байна

2017-11-3 Нийтлэл

Ерөнхийлөгч Та баян байж болно. Таны ач, зээд хүүхдийн 20 мянган төгрөг хэрэггүй байж болно. Энэ хүний орчин тойрны хөгшчүүл тэтгэврийн хэдээ тэсч ядан хүлээдэггүй байж болно. Бас насанд хүрсэн үр хүүхдүүдэд нь цалин мөнгө хэрэггүй байж болно. Төрийн тэргүүнд хориг тавих эрх мэдэл байж болно. Гэхдээ ядарсан иргэдийнхээ амьдралд ингэж гар дүрмээргүй байна.

Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь хориг тавьснаар Засгийн газар төсөв захиран зарцуулах эрхгүй болж, парламент дахиад хоригтой “ноцолдох” боллоо. Ингэснээр хүүхдүүд 20 мянган төгрөгөө авч чадахгүйд хүрлээ. Бас төрийн албан хаагчид цалингаа, ахмадууд тэтгэврээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамжаа авч чадахгүй нөхцөл байдал үүслээ.

Уг нь тэрбээр ард түмнээ боддог бол энэ бүхнийг бодолцож, хэсэгчлэн хориг тавьж болох байсан. Өөрөөр хэлбэл, таван хоногийн өмнө Тамгын газрын дарга З.Энхболдоороо дайж байсан  55.4 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад тараах тухай асуудалдаа л хориг тавина биз. Ингэж ард түмнээ бултаар нь “шийтгэх” хэрэг байсан л юм байх даа.

Эсвэл улсаас олгох зөвхөн хүүхдийн мөнгөөр амь зогоодог айл өрх бий гэдгийг энэ хүн мэддэггүй юм уу. Хатуу хөтүү ийм амьдрал бий гэдгийг төсөөлөх ч үгүй байгаа бололтой. Найм, ес, аравдугаар сарын хүүхдийн 20 мянган төгрөгөө авахаар хоног тоолж суусан ядарсан иргэд задарсан түүний дөнгөнд орчихлоо.

Өнөөдөр цалингийн зээлгүй төрийн албан хаагч хэд байгаа билээ. Энэ асуудлаар Х.Баттулга Төрийн тэргүүний өндөр сэнтийд морилохдоо хүртэл асуудал дэвшүүлж, халаглаж суусан. Ард түмэн түүнд итгэсэн. Гэвч хэлсэн үгнийх нь шүлс хатаж амжаагүй шахам байхад байр суурь нь ингэж өөрчлөгдөх гэж дээ. Төрд зүтгэсэн албан хаагчид цалингаараа банкны өндөр хүүгээ барагдуулж, найман хувиар арай ядан авсан байрны лизингээ барагдуулдаг юм, Төрийн тэргүүн ээ. Хэрвээ тэднийг хугацаандаа зээлээ төлөхгүй бол найдваргүй зээлдэгчээр цоллож банк дахиад зээл өгдөггүй юм. Төр засгаас л хугацаандаа цалингаа тавихгүй бол хэдэн зуун төрийн албан хаагчийн ар амьдрал сүйрэхийг Та мэддэг үү…

Цаашлаад банкнаас зээл аваад сургууль, цэцэрлэг барьсан олон компани санхүүжилтээ авч чадахгүйд хүрлээ. Төрийн ажлаас нугалалцсан нь хувийн хэвшлийнхний хохь юм уу. Эцэст нь хэлэхэд, УИХ дахь 65-ын бүлэгтэй ар өврөөрөө хэмхэлдэх хэрүүлийн туламд Та ялагдаж болно, ялж болно. Гэхдээ энэ дажиндаа ядарсан ард түмнийнхээ өр шир, аж амьдралыг бүү золиосол. Хөдөлмөрчин түмэн бидэнд ч амьдрал байдаг юм. 

О.СЭЛЭНГЭ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.