Сумъяа сайдын “барьц ханажээ”

2017-10-19 Нийтлэл

Улс төр бол бөхийн дэвжээ, жудогийн татами биш. Ганц хүний амжилтын төлөө урагшладаг талбар байж болохгүй. Харамсалтай нь өнөөгийн манай улс төрд спортын дэвжээ урлагийн тайзнаас үсрээд ороод ирэх нөхөд олон болжээ. Тэдний нэг биш нэлээд олон жилийн ажилласан хөдөлмөрлөсөн явцыг харахаар инээдэмтэй. УИХ-д гарсан нь ч улсын нийслэлийг удирдах эрх авсан нь ч тэр ялгаагүй зөвхөн хувийн бизнесээ өргөжүүлэх боломжийн төлөө амбийцалсан нь харагдана. Хийсэн ажил, хэлсэн үгийг нь архивлахаар нийтийн эрх ашигт нийцэх гарт баригдаж нүдэнд харагдах ажил ер алга. Сумъяа гишүүний хувьд давхар дээлтэй болтлоо улс төрийн сүлжээнд орооцолдож албан тушаал, авлага өглөгийн “хор” найруулжээ. Түүнтэй холбогдох ийн нэг хууль бус үйлдэл “хуулийн” дагуу явагджээ.

Баримт нь энэ байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн  Д.Сумъяабазарт хамаарах “но”-г сийрүүлбэл тэрбээр өөрийн вант улсаа болгоод буй Сонгинохайрхан дүүрэгт 9.9 га газрыг дүүргийн газрын албаар зөвшөөрүүлээд авчихсан гэх мэдээлэл юм. Булавч бултайх энэ газар нь хотын засаг захиргааг тус дүүрэг рүү нүүлгэн шилжүүлэх тухай яриа газар авч эхэлсэнтэй шууд холбогдох юм. Учир нь 2013 оноос л яригдаж эхэлсэн энэхүү ажлын явц удааширсаар өдгөө төсөл төлөвлөгөө гаргаж хот төлөвлөлтөд оруулан шийдэх гэтэл тус дүүргийн VI хороонд хамаарах 9.9 га-г нь Д.Сумъяабазар авсан нь ил гараад ирсэн байх юм. Нэг үгээр бол засаг захиргааны байгууллагын байрыг барихын тулд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай наймаа хийх нөхцөл үүсчихсэн байна. Түүнийг учир мэдэх хүмүүс Сонгинохайрхан дүүргийн “савдаг” хэмээдэг. Учир нь тэрбээр тус дүүрэгт ямар л томилгоо хийгдэнэ бүгдийнхийг нь биш юм гэхэд 80 хувийнх нь замыг заадаг “Алтан гадас” нь гэх юм билээ. Түүний хоёр ч удаа дүүргээсээ парламентад сонгогдсон шалтгаан нь энэ. Хийсэн дорвитой ажил байхгүй ч дүүрэг, хороодынхоо албан тушаалтнуудыг тойглож тойлж байгаад ширүүхэн баг бүрдүүлдэг нь түүний улс төрийн дэвжээн дээр ялалт авдаг нууц тактик. Сонгууль болохоор л ахмадуудыг асрамжлах, залуучуудын дунд нэрэмжит спортын тэмцээн явуулдаг түүнд өөрөөр нэрлэчих дорвитой ажил байдаггүй. Ямар сайндаа төрийн ордон дахь өрөөндөө ч бараг харагддаггүй гэдгийг ангийнхан нь дурсдаг. Санаачилсан хуулийн төслөөр маруухан ч ажлын хэсэгт нь багтсан хэд хэдэн хуулийн төсөл бий. Түүнд холбогдох ажлын амжилт ердөө л ийм. Бөхийн спортоор олж авсан алдар хүнд, нэр төрөө ашиглаж хэрхэн улс төрд урагшилж дээлээ давхарлаж болдгийг тэрбээр харуулж яваа сайдтан.

Түүний энэ овжин занг илтгэдэг бас нэгэн жишээ байдаг. Тэр нь өмнөх парламентад сууж байх хугацаандаа буюу МАН зургаахан сарын хугацаатай засагт орж ажиллахад Худалдаа хөгжлийн банкинд байсан 8 хувийн зээлтэй иргэдийн тал хувийг “өөрийнхөө”  Үндэсний хөрөнгө оруулалтын банк руу шилжүүлж, үйлчлүүлэгчгүй байсан банкаа  мөнгөний болоод эдийн засгийн  эргэлтэд оруулсан гэх үйл явдал юм. байдаг. Тэгвэл одоо СХД-т засаг захиргааны нэгжийн шинэ байр барих газрын 9.9 га-г нь   хувийн эзэмшилдээ авчихсан нь илэрлээ. Бүхэл бүтэн дүүрэгт баг бүрдүүлж чаддаг энэ хүн ажил хийхэд бус албан тушаал авахад л багаа дайчлан хөдөлгөж чаддаг нь түүний улс төрд явсан зам мөрөөс харагдана. Согогдсон дүүргийнхээ “нүүрийг” угааж чадаагүй хүн Монголын уул уурхайн салбарыг авч явж дийлэх үү. Банкаараа дамжуулаад баахан нүүрсний наймаа хийж мөнгө угаасных нь дараа л харамсан халаглаж амаа барих вий дээ. Улс төр дэхь хэлгүй гишүүдийн эгнээнд зүй ёсоор бичигддэг түүнд албан тушаалын бялуу нь хурцдах вий дээ. 9.0 га газрын хэмжээг 9.9 болтол нь өсгөж өөрийн нэр дээрээ болгож чадсан хүн Уул уурхайн сайдын суудалд тухалчихаад юу хийхийг харах л үлдлээ. Тэрбээр ханасан барьцтай улс төрийн дэвжээнээ зодоглосоор л…

Эх сурвалж: Niigmiintoli.mn

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.