
УИХ-ын өчигдөр болон өнөөдрийн чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн бол Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд УИХ-аар хэлэлцэхийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Тус асуудалтай холбогдуулан нэр бүхий гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Хүүхдийн тэтгэлгийн тухайд, шүүх гэр бүл цуцлалтыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлд тусгасан эсэхээс үл хамаарч, хүүхдийн эрхийг хангаж, хамгаалдаг жишиг тогтоох хэрэгтэй. Тэтгэлэг гэдэг нэр томьёоноосоо эхлээд, хэвшмэл ойлголт хандлагыг халахын төлөө ажиллах шаардлагатай. Ажлын хэсгээс хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалж, тэдний эрх, үүргийг хангаж, хамгаалах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан.
Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар: Гэр бүлийн асуудлаар хүүхэдтэй холбоотой шүүхийн шийдвэрт 7-оос дээш насны хүүхдийн саналыг сонсохоор төсөлд тусгасан. Харин дундын өмчлөлийн хөрөнгө хураахдаа шүүхэд эрх олгосон зохицуулалтыг холбогдох хуулийн төсөлд оруулсан байгаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд хувь нууцтай холбоотой асуудал хөндөгддөг. Ялангуяа сүүлийн үед цахим орчинд хүний нэр төрд халдах, зураг, хөрөгтэй нь байршуулсан хүний эрхийн зөрчил үйлдэгдэх болсон. Тэдгээрийн хохирогч нь хүүхдүүд болж, гадаадад суралцахаар явах, нийгмийн харилцаанд ороход ялгаварлагдахад хүрдэг. Энэ асуудлыг хууль санаачлагчид анхааралдаа аваарай.
17 минутын өмнө
2 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.