О.Алтангэрэл: 2002 оноос хойш авлигын хэргээр ял авсан, өршөөгдсөн хүмүүсийн хөрөнгийг хураана

13 цагийн өмнө Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон талаар Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын хуралдаанаар Нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д хүргүүлсэн. Энэ бол зөвхөн хөрөнгө хураах тухай зохицуулалт биш авлигын эсрэг багц хуулийн төсөл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг олон хуульд өөрчлөлт оруулах төсөл байгаа юм. Гэвч УИХ хэлэлцүүлж чадалгүй олон сар өнгөрсөн. Иймээс Засгийн газар өнгөрсөн даваа гаригт хуулийн төслөө татаж аваад зохих өөрчлөлт хийгээд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж, УИХ-д дахин өргөн мэдүүлэхээр боллоо.

Хуулийн үйлчлэл 2002 оноос эхлэхээр тусгасан. 2002 оноос хойш эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж байгаад шалгагдаж өршөөгдсөн хүмүүс бий. Шүүхээр ороод авлигын хэрэгт ял авсан атлаа хөрөнгөө хураалгаагүй. Ямар нэг эрүүгийн хэрэгт буруутгагдаж, шүүхийн шийдвэр гараагүй боловч хөрөнгөө тайлбарлаж чадахгүй хүмүүс байна. Эдгээр хөрөнгүүдийг шүүхээр хураая, гэхдээ иргэний шүүхийн журмаар хураая, бүх процессуудаа хийе гэдэг өөрчлөлт оруулж байна.

Хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан зүйлүүд дээр ял шийтгэл ярих бололцоогүй байгаа. Ийм ч учраас олон жилийн өмнө хөрөнгө завшсан, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүс санаа сэтгэл амар яваад ирсэн. Үүнийг өөрчлөх гэж хуулийг санаачилсан” гэв.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.