Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын үзүүлэлтийг танилцууллаа.
ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар” Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.1 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өсжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 8.2 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 9.5 хувиар, барааны бүлгийн үнэ 6.7 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 16.6 хувиар өсжээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны гуравдугаар сард 6.2 хувь байсан бол 2025 оны гуравдугаар сард 9.1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 2.9 нэгж хувиар өсжээ.
Ингэж өсөхөд,
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 11.0 хувь),
Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.5 хувь,
Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 21.8 хувь,
Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.0 хувь,
Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14.6 хувь,
Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Гадаад худалдааны хувьд Монгол Улс 2025 оны эхний гуравдугаар сард нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 3.0 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам. долларт хүрч, тэнцэл 465.1 сая ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 504.1 сая ам.доллар, экспорт 637.5 сая ам.доллар, тэнцэл 771.0 сая ам.доллароор тус тус буурч, импорт 133.4 сая ам.доллароор өссөн байна.
Экспорт 2025 оны эхний гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 637.5 сая ам. доллароор буурахад нүүрс 882.8 сая ам.доллар, алт 46.5 сая ам.доллар, хонь, ямааны мах 18.9 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 16.4 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 13.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин зэсийн хүдэр болон баяжмал 291.8 сая ам.доллар, цайрын хүдэр,баяжмал 39.7 сая ам.доллар, жоншны хүдэр, баяжмал 29.3 сая ам.доллароор өссөн” гэв.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87666
31518
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.