УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг энэ сарын 25-нд өргөн барина

2019-01-21 Парламент

Хэвлэлийн бага хурал


УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг энэ сарын 25-нд өргөн барихаар төлөвлөж байгаа талаар өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийв.

УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаалыг энэ сарын 07-нд зохион байгуулж, улмаар Сүхбаатарын талбайд суулт зарлан иргэдийн гарын үсгийг цуглуулж буй юм. Одоогоор нийт 30 мянган иргэн УИХ-ын даргыг огцрохыг шаардаж гарын үсэг зурсан гэдгийг Л.Болд гишүүн хэллээ.

Мөн тэрбээр, “Энэ сарын 25-нд УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тиймээс УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хууль хэрэгжиж эхлэх өдөр өргөн барихаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор гишүүдийн гарын үсгийг цуглуулах ажлыг эхлүүлж байна. УИХ-ын даргыг чөлөөлсний дараа “60 тэрбум”-ын хэрэг, стратегийн ордуудыг ард түмний мэдэлд шилжүүлэх, Засгийн газрын 28 сангийн үйл ажиллагаа болон Үнэ тогтворжуулах хөтөлбөр, концессын гэрээ зэрэг эдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг тодорхойлно” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.