Эрдэнэт хүмүүнийг мөнхжүүлдэг “Улаанбаатар буян” компанийнхан тангараг өргөлөө

2018-10-22 Нийгэм

“…Нэг зорилго, нэгдмэл зүтгэлтэйгээр

Эрдэнэт хүмүүнийг мөнхжүүлэх-их үйл хэрэгт

Хоёргүй сэтгэлээр зүтгэж

Цаг ямагт бэлэн байж

Дээдлэн хүндэлж бэлэн байхаа

Тангараглаж байна, тангараглаж байна… хэмээн “Улаанбаатар буян” компанийн ажилчид буяны үйлсээ хоёргүй сэтгэлээр, цэх шулуун хийхээ ийнхүү амлан тангараг өргөдөг уламжлалтай. Тэд өнгөрөгч амралтын өдөр “Бид дэлхийн хөгжлийн түүчээ-2018” уриан дор чуулж, буяны үйлстний тангарагаа өргөлөө.

Тус байгууллагын хамт олон шангаа татаад 14 жилийг ардаа орхижээ. Тэд энэ хугацаанд өөрийн гэсэн үүх түүх, амжилт бүтээлийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл ажиллаж чадсанаараа өнөөдөр бахархаж сууна. Учир нь 2011 оноос эхлэн компанийхаа үйл ажиллагаанд олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ОНSАS 18001 стандартыг амжилттай нэвтрүүлж, олон улсын түвшинд хүрч чаджээ. Үнэндээ ч энэ нь даяарчлагдсан дэлхийтэй хөл нийлүүлэх эхний алхам байж. Түүгээр зогсохгүй сая гаруй хүн амтай том хотын нийгмийн захиалга байсан гэхэд хилсдэхгүй биз. Иргэдийн санал хүсэлт, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэвтрүүлсэн энэхүү үйлчилгээг нийт үйлчлүүлэгчдийн 30 хувь нь сонгох болжээ. Өөрөөр хэлбэл, жилд 15-16 мянган хүн хорвоогоос буцдаг аж. Энэ хүмүүсийнхээ 25-30 хувийг нь шарил чандарлах газарт оршоодог байна.

Тэдний өнгөрсөн хугацаанд 26 мянган бурхан болоочийг чанадарласан аж. Тэдгээр талийгаачийг уламжлалт аргаар нутагшуулсан бол Зайсан толгойг гурав нийлүүлсэн дайтай чулуу зарцуулах байжээ. Тэр ч бүү хэл, 3, 4 дүгээр хорооллын хэмжээтэй тэнцэхүйц газрыг хөндөхөөс сэргийлж чадсаныг энэ үеэр хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний газрыг авч үлдсэн төдийгүй нийслэлийн хүндрэлтэй олон асуудлыг зохистой шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдол үзүүлжээ.

Тус компани нь 200 гаруй ажилтантай, 8 салбар, дөрвөн цогцолбортойгоор “Улаанбаатар буян” компан үйл ажиллагаа явуулдаг аж. Орчин үеийн дэвшилтэд техник технологид суурилсан чандарлах үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ байнгын харуул хамгаалалт, уншлага номтой буяны төвийг Улаанбаатар хотын баруун зүгт Сонгинохайрхан дүүрэг 32-р хороо, Баруун турууны аманд байрлах эл төв өдгөө олны мэддэг газар болжээ.

Чанартай үйлчилгээ үзүүлсэнээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээшлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгосноор ажилтан, ажиллагсдын сэтгэл ханамж дээшилнэ хэмээх зарчим энэ байгууллагад үйлчилдэг байна. Тиймдээ ч семинар зохион байгуулж байгаа газар ч аюулгүй байдлын зааварчилгааг байршуулж, алхам тутамдаа бусаддаа санаа тавьж байхыг чухалчлан сануулсан байв.

2012 онд “Улаанбаатар буян” компанийн үйл ажиллагаанд олон улсын стандартын байгууллагаас аудит хийж, батламж гардуулж байжээ. Ингэснээрээ олон улсын түвшинд хүрсэн компани болж манлайлж ирсэнийг ажилчид нь ам уралдуулан хэлж байсан юм.

Н.Түвшинбаяр: Бурхан болоочийн ар гэрийнхэн их сэтгэл хангалуун үлддэг

Энэ үеэр тус компанийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Түвшинбаяртай цөөн хором хөөрөлдсөн юм.

-Энэ жилийн семинарийн онцлог нь юу вэ?

-Энэ жилийн онцлог нь буяны үйлстний тангаргийг анх удаа өргөж байна. Ингэснээрээ ирэх буцахын үүдэнд байдаг хүмүүс учраас тангараг өргөж, энэхүү хүндтэй үйлийг хийдэг. Түүнчлэн “Улаанбаатар буян” ХХК байгуулагдаад 14 жилийн хугацаа өнгөрсөн байна. “Бид дэлхийн хөгжлийн түүчээ” нэртэй сименарийг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Гол зорилго нь 2010 оноос олон улсын стандарт ISO 20018 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоо ISO 18001 гэсэн стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнээр ажилчдаа хөгжүүлэх, манлайлах зорилгоор энэхүү семинарийг жил болгон зохион байгуулж ирсэн уламжлалтай.

-Өмнө нь энэ тангарагийг өргөж байсан юм биш үү?

-2014 онд нэг тангараг өргөөд түр завсарласан байсан.

-Хичнээн ажилтантай вэ?

-Улаанбаатар буян компани 200 гаруй ажилчинтай, найман салбартай. Мөн дөрвөн цогцолбортой. Тодруулбал, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн, хоёр чандарлах төв буюу Баруун буян, Төв цогцолборт Зүүн баян төв.

-Ажлын байрны хувьд нэлээд онцлогтой шүү дээ. Ажилчдаа хэрхэн сонгон шалгаруулж авдаг юм бэ?

-Тийм шүү, энгийн салбараас тэс өөр л дөө. Иймээс ажилчдаа сэтгэл санааны хувьд бэлтгэж, байнга сургалт семинар хийдэг. Хүндтэй, хариуцлагатай ажил учраас нэг үйлдэл алдаж болохгүй учраас сонгон шалгаруулж, хатуу шаардлага тавьдаг. Дасан зохицох хөтөлбөр маш их өрнүүлдэг.

-Боловсон хүчний хувьд хэр хангалттай байдаг вэ?

-Энэ чиглэлийн боловсон хүчин Монголд бэлтгэдэггүй. Олон улсын оршуулгын холбоодуудтай хамтарч ажилладаг. Тэдний сургалт сиеминарт байнга хамруулдаг.

-Дэлхийн түүчээ гэхээр Монгол ер нь энэ чиглэлийн үйлчилгээгээр дэлхийн аль түвшинд явдаг вэ?

-Азийн орнуудад 80-90 хувьд нь чандарлах үйлчилгээ үзүүлж байна. Монголтой адилхан буддийн шашинтай орнууд. Хүнээ оршоох зан үйл нь яг л дэлхийн түвшинд. Монголд одоогийн байдлаар нийт нас баралтын 30 хувь. Бусад үлдсэн хүмүүс нь уламжлалт хэлбэрээр буюу далд байдлаар нутаглуулж байгаа.

-“Улаанбаатар буян” компанид ганц удаа хандахад л цаашдын бүхий л ажиллагааг танайх хариуцаж хийдэг гэл үү?

-Байнгын арчилгаа тордлогоо, харуул хамгаалалт, цэцэрлэгжүүлэлт, гэрэлтүүлэг бүх зүйлийг шийдэж өгч байгаа. Манайхаас нэг л удаагийн үйлчилгээ авсан бол эргээд буцаж талийгаачийг эргэхэд сайхан бэлэн, нэр усыг нь тогтмол сэргээж, хөшөө дурсгалыг угааж арчиж бүхий л үйлчилгээг хийдэг. Хүмүүс их сэтгэл өндөр үлддэг.

М.Мөнхзаяа:3,4 дүгээр хорооллын хэмжээтэй тэнцэхүйц газрыг хөндөхөөс сэргийлсэн

 Хол, гадаадад байгаа, салах ёс хийж амжаагүй хүмүүс нутагтаа ирвэл талийгаачийнхаа чандарт хүндэтгэл илэрхийлж ёслол үйлддэг. Мөн ар гэрийнхэн нь хүссэн үедээ ирж, талийгаачтай “уулзах” боломжтой. Буяны сэтгэлээр угтаж, бурхны оронд үднэ гэсэн сэтгэлээр тэд үйлчилгээгээ үзүүлдэг аж. Сэтгэлийн зовлонтой хүмүүст үйлчилдэг энэ газрын ажилтнууд нэгэн бодлын дарамттай, нөгөө талаар магадгүй биднээс илүү буян хурааж байж ч мэдэх юм. Тус компанийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяатай ярилцсан юм.  

-Монголчууд уламжлалт аргаар хүнээр хөдөөлүүлж байсан бол цаг үе өөрчлөгдөж, чандарлах боллоо. Олон улсын оршуулгын холбоодтой хамтарч ажилладаг гэл үү?

-Анх манай байгууллага энэхүү уламжлалт семинараа “Бид дэлхийн хөгжил рүү хамтдаа” гэсэн уриан дор хийдэг байсан. Харин энэ оноос эхлэн “Бид хөгжлийн түүчээ” сэдвээр хийдэг болсон. Энэ маань ч өөрийн гэсэн утга хоршилтой. Манай байгууллага анх 2004 онд шангаа татаж байлаа. Өдгөө 14 жил үйл ажиллагаа явуулж байна. Ингэхдээ монгол зан заншил, уламжлалаа олон улсын техник технологид тулгуурлан дэлхийн стандартад нийцүүлж иргэддээ үйлчилгээ үзүүлдэг. Бидний хувьд “Олон улсын оршуулгын холбоо”-нуудад элсэж, харилцан суралцах байдлаар ажилладаг. Эдгээр холбооны төлөөллүүд саяхан манай үйл ажиллагаатай танилцаад Монгол Улсад оршоох үйлчилгээ дэлхийтэй хөл нийлүүлж байгааг онцлоод явсан. Өөрөөр хэлбэл, тэдэнд ч гэсэн биднээс суралцах зүйл их байгааг тодотгож, бидний үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс бид өнөөдөр “Бид хөгжлийн түүчээ” сэдвийн дор чуулж байна.

-Монгол нийт нас баралтын 30 хувь нь чандарлуулж байгаа гэсэн тоон мэдээллийг дурьдаж байна. Тэр хэрээр  газар хэмнэж, байгаль экологид ч  эерэгээр нөлөөлсөн үзүүлэлтүүдийг онцлож байна билээ?

-Энэхүү үйлчилгээ Монголд харьцангуй шинэ ойлголт гэж хэлж болно. Тэр бүр хүмүүс энэхүү үйлчилгээг мэдээд байдаггүй болов уу. Учир нь бид үнэхээр уламжлалт ёс заншилаа дээдлэн хүндэтгэдэг ард түмэн. Гэхдээ энэхүү үйлчилгээ маань байгаль экологид ээлтэй, үр хойчдоо эдэлбэр газрыг эрүүл саруул үлдээдэгээрээ давуу талтай юм. Бидний хийсэн судалгаагаар буюу 14 жилийн хугацаанд 26 мянган бурхан болоочийг чанадарласан байдаг. Өөрөөр хэлбэл, уламжлалт аргаар буюу бурхан болоочийг нутаглуулахад толгой дээр нь чулуун хөшөө залдаг. Энэхүү чулуун хөшөөнд орох хэмжээнд Зайсан толгойг гурав нийлүүлсэн дайтай чулууг чанадарлах явцад хэмнэсэн байна. Мөн 3,4 дүгээр хорооллын хэмжээтэй тэнцэхүйц газрыг хөндөхөөс сэргийлсэн байх жишээний. Ингээд нарийн тооцоод үзвэл байгаль экологийн тэнцвэрт байдлыг бүрэн бүтэн үлдээхэд бидний үүрэг оролцоо их байдагт бахархаж байна. Түүнчлэн манай байгууллага үйл ажиллагаандаа ISO 9001: 2015, ISO 14001: 2015, ONSAS 18001: 2007 стандартыг нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн байгаа.

-Энэхүү олон улсын стандартыг хэдэн оноос эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна вэ?

-Тус стандартыг 2012 онд нэвтрүүлсэн. Ингэснээрээ дэлхийн стандартын дагуу бүх үйл ажиллагаагаа явуулдаг болсон гэсэн үг. Түүнчлэн бид “International Organization for Standardization” буюу Олон улсын стандартын байгууллагаас батламжаа гардан аваад байгаа. Монголдоо анхдагч байгууллагын хувьд, дэлхийд үнэлэгдэхүйц хэмжээнд үйл ажиллагаа явуулж буйдаа баяртай байна. Энд нэг зүйлийг сонирхуулхад, Латин-Амеркийн “Оршуулгын холбоо”-ны ерөнхийлөгч манай дээр ирж, тус стандартыг өөрийн ажиллагаанд нэвтрүүлэхэд хамтран ажиллах санал тавьсан. Тэгэхээр бид өнөөдөр ямар хэмжээнд ажиллаж байгаа нь харагдаж байна.

-Боловсон хүчиний хувьд хэр хангалттай байдаг вэ. Монголд энэ мэргэжлийн бэлтгэдэггүй байх аа?

-Ажил, мэргэжлийн хувьд нэлээд онцлогтой. Юун түрүүнд сэтгэл зүй талаасаа бэлтгэгдсэн хүн байх шаардлагатай байдаг. Монголд энэ төрлийн боловсон хүчин бэлтгэдэггүй. Тиймээс хүссэн хүн бүрт манай хаалга нээлттэй. Гэхдээ юуны түрүүнд сэтгэл зүйн бэлтгэл хангах шаардлага гардаг. Улмаар Олон улсын оршуулгын холбоодтой хамтарч сургалт, сименар их хийдэг. Ингэж л ажилчдаа бэлтгэж байна.

-Өнөөдрийн семинарын нэгэн гол хэсэг нь “Буяны үйлстний тангараг” өргөх ёслол байлаа. Та бүхэн ямар ухагдахуун тээж, тангараг тавьдаг вэ. Тангараг гэдэг маань үнэн шударга, бат нотыг амласан андгайны хатуу амлалт шүү дээ?

-Бидний ажил энгийн бус юм. Эрдэнэт хүмүүнийг мөнхжүүлэх үйлсэд тухайн хувь хүн энэрэнгүй, маш зөв сэтгэлтэй байх ёстой. Нэг утгаараа төрд тангараг өргөдөг эмнэлгийн болон цагдаагийн албан хаагч нар шиг ажиллах учиртай байдаг. Тийм ч учраас бид тангараг өргөдөг юм. Бурхан болоочийг хойтын замд нь эерэг сэтгэлгээгээр, зөв ёсоор үдэх юм бол эргээд сайн төрлийг олдог гэж ярьдаг шүү дээ. Мөн үр хүүхэд, ар гэрийнхэн нь амар амгалан үлдвээс ажил төрөл, амьдрал ахуй нь дээшилдэг гэж билэгддэг. Тэр утгаараа бид хариуцлагатай, зөв сэтгэлээр ажиллах ёстой байдаг.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.