Монгол, Хятадын II экспог хөрш улсуудын ХӨГЖЛИЙН БОДЛОГОД уялдуулна

2017-08-7 Гадаад харилцаа

– Монгол-Хятадын хоёр дугаар ЭКСПО-г  “Хамтарч ажиллана, хамтдаа хожно” уриан дор зохион байгуулна –  

Ирэх сарын 26-30-нд Хөх хотод зохиогдох Монгол-Хятадын II ЭКСПО арга хэмжээний бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар Монгол Улсын ХХААХҮЯ, БСШУСЯ, МҮХАҮТ болон БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Засгийн ордон, Хятад ХАҮТ хамтран  Бээжин хотноо хоёр улсын сэтгүүлчдэд мэдээлэл өгч, хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус хэвлэлийн бага хурлын голлох мэдээллийг  Монгол Улсын ХХААХҮЯ-ы Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, БНХАУ-ын Худалдааны Яамны дэд сайд Чянь Кэмин, ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ай Лихуа нар өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Хоёр дахь удаагийн ЭКСПО-г өмнөхөөс илүү өргөн хүрээнд, хөрш улсуудын хөгжлийн бодлогод уялдуулан зохион байгуулахаар болж байна. Ялангуяа Хятад Монголын худалдааны эргэлтэд, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг нягтруулна гэж зохион байгуулагчид онцоллоо.

“Монгол Улс энэхүү арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Зөвхөн бараа бүтээгдэхүүн борлуулахаас илүүтэй хоёр улсын бизнесийн түншлэлийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн нүүр тулсан уулзалтуудыг зохиож бодит төсөл хөтөлбөр эхлүүлэх боломжоор хангана. Мөн улсынхаа брэнд бүтээгдэхүүнүүдийг, ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг урд хөршийнхөндөө танилцуулах, зах зээлд нийлүүлэхийг эрмэлзэх төдийгүй соёл урлагаасаа сурталчилсан олон талт арга хэмжээг зохионо” хэмээн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга тодруулав.

ӨМӨЗО-ны засгийн ордны дэд тэргүүн Ай Лихуа хэлэхдээ “2014 онд батлагдсан Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн бодит ажлуудын нэг учраас бид их ач холбогдол өгч бэлтгэж байна. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцохоор мэдэгдээд байна. Нийт бид 7 хонгийн хугацаанд 4 үндсэн хэсэгт хувааж 22 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаад байна” хэмээв.

Мөн БНХАУ-ын худалдааны яамны дэд сайд Чиэн Кө Мин “Сүүлийн жилүүдэд манай хоёр орны худалдааны хэмжээ нэмэгдсээр байна. 2016 онд, өнгөрсөн жил 4 тэрбум 600 гаруй сая ам.долларт хүрсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 3 тэрбум ам.доллар давж өссөн үзүүлэлт бий. Тиймээс бидэнд хүлээлт их байна. Энэ хэрээрээ хөрөнгө оруулалтын хэмжээ өсч байгаа. 2017 онд л гэхэд Хятадаас Монголд 4,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсон дүн мэдээ байна” гэлээ.

Монгол – Хятадын хоёр дугаар ЭКСПО-ны үеэр Монгол-Хятадын Олон улсын соёлын долоо хоног томоохон арга хэмжээ болох бөгөөд энэ талаар асуусан Хятадын сурвалжлагчийн асуултад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг,БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат нар  доорх хариултыг өглөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.