Б.Цэвээндаш: Газар хөдлөлтийг Гималайд 6500 метрийн өндөрт байхдаа үзлээ

2018-06-25 Танил биш танил

“Эрүүл монгол хайкин” /hiking/ клубын тэргүүн, ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны менежер, хошууч Б.Цэвээндаштай ярилцлаа.  Тэрбээр анх 2012 онд дэлхийн дээвэр Эверестийн оргилд  Монголынхоо төрийн далбааг мандуулсан юм. Түүний хоёр дахь оролдлого 2015  оны дөрөвдүгээр сард байсан ч Балбад болсон газар хөдлөлтийн улмаас авиралтаа зогсоон буцахаас аргагүй болсон билээ. Оргилд ойрхон очсон уулчны харамслыг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Ийнхүү түүнтэй ярилцсанаа хүргэж байна. Түүний яриа “Бидний нөхөд Эверест рүү авиралт хийхийнхээ өмнө овоо босгож, өөрсдийгөө тэнгэр бурхандаа даатгаад, зам шулуудаж байгаа юм” хэмээн эхлэв

-Хамгийн сүүлд Эверестэд авиралт хийсэн Монгол уулчин нь Та болж байна. Байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр оргилд нь гарч чадсангүй.  Олон ч хүн харамссан байх. Дөрөвдүгээр сард Эверестийг зорьсон бил үү?

-2015  оны дөрөвдүгээр сарын 5-нд “Найрсаг Улаанбаатар-Эрүүл монголын төлөө” гэсэн уриан дор авиралт хийсэн. Авиралт хийхийнхээ хажуугаар Эверестийн  амьдралыг харуулсан нэвтрүүлэг,  баримтат кино хийх, үзэсгэлэн гаргах фото зураг авах зэрэг уран бүтээл хийх зорилготой байсан. Миний хувьд Эверестийн хоёр дахь удаагийн авиралт байсан. Урьд нь 2012 оны тавдугаар сарын 19-ний өдөр урд буюу Непаль талаас нь авиралт хийж төрийнхөө алтан соёмбыг 11:16 цагт  мандуулж байлаа.

-Сүүлийн авиралтыг хойд талаас нь хийсэн юм уу?

-Төвдийн талаас авиралт хийсэн.  Би сар гаруй хугацаанд Эверестэд байсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас буюу газар хөдлөлт болсноор оргилд нь гарч чадаагүй. Хамгийн дээд өндөр нь 7189 метр хүрсэн.  Бид нарыг 6500 метрийн өндөрт байх үед газар хөдлөлт болсон. Эхнийх нь нилээн хүчтэй болж ширээн дээр байгаа юмнууд нурж, газар дайвалзан чичрээд маш их дуу чимээ гарч, уулнаас чулуу, цас  нурах үзэгдэл гарсан. Миний хувьд анх удаа газар хөдлөлттэй нүүр тулсан нь энэ байсан. Үзэх үзэхдээ Гималайд 6500 метрийн өндөрт байхдаа үзлээ. Газар хөдлөх үед бүгд л майхнаасаа гарч бөөгнөрч зогсож  байсан. Харин миний хувьд шууд л зургийн аппарат, камераа авахаар майхан руугаа ухасхийсэн. Аль болох сандрахгүйг бодсон ч дотроо айдас байлгүй яахав. Гэхдээ тийм муу зүйл бодоогүй. Ингэж байгаад гайгүй болчих байх гэсэн бодолтой байсан. Тэгээд  3 дахь газар хөдлөлт дээр их гайхсан. Энэ чинь одоо юу болоод байнаа гээд л. Удаа ч үгүй хүмүүс сандраад л… Хятадын уулын холбооныхон 6500 метрийн өндөрт байгаа хүмүүсийг  бүгдийг нь буухыг шаардсан.  4- 5 хоногийн дараа эргэн ирж, авиралтаа үргэлжлүүлээрэй  гэж байсан.

-6500 метрийн өндөрт хэр удсан юм бэ?

-Гурав  хоногийн турш бид мэдээллээс тасарсан. Холбоо хэрэгсэл юу ч байхгүй байсан. Энэ хугацаанд 6500 метрт хонохын тулд  бид заавал дээшээ авиралт хийж, буцаж бууж хонодог байсан. Бидний өндөр авалт 7189 метрт хүрсэн. Уулан дээр өндөрийн өөрчлөлтүүд хүн бүрт харилцан адилгүй явагддаг учраас өндөр авалт хийхгүй байх нь аюултай зүйл. Гурав хоногийн дараа кэмпээрээ бууж ирээд гар утасаа асаахад маш олон мессеж ирсэн байсан.  “Амьд  байна уу” гэсэн мессеж ар араасаа ирж зүгээр байгаагаа мэдэгдсэн. Хятадын Засгийн газар, Аялал жуулчлалын яам, Уулын холбооноос уулчдыг авиралтаа үргэлжлүүлэх эсэхийг шийднэ гэсний дагуу хэдэн өдөр хүлээсэн ч Эверест болон ойролцоох уулын  авиралтыг бүтэн жилээр зогсоох шийдвэр гаргасан. Оргил маань харагдаж байхад бууна гэхээр үнэхээр харамсалтай байсан.

Бас азтай..?

-Тийм ээ. Амьд сэрүүн ирнэ гэдэг их аз шүү. Уул байж л байна, хэзээ ч авиралтаа үргэлжлүүлж болно гэж тайвширсан даа.  Тэр үед манай багийн Английн уулчин Жорж “Цэвээндаш аа чи бол азтай, харамсах хэрэггүй ээ. Чи 2012 онд Непаль талаас амжилттай авиралт хийсэн хүн шүү. Харин би  2006 онд Эверестэд авирчихаад хөл гараа хөлдөөж, хөлдөө дөрөвхөн хуруутай  үлдсэн. Хоёр дахь удаагаа авиралт хийхдээ ч эд эрхтэн, мөнгө төгрөгөөр хохирсон байхад чи харамсах зүйлгүй” гэж хэлж билээ. Дараа нь бодоход үнэхээр тийм байсан л даа.

-Авиралтыг зогсоочихоод байхад л горьдлого хэвээр байдаг юм байна уу?

-Юмыг яаж мэдэхэв, авиралтыг үргэлжлүүлж болох байх гээд  хамгийн сүүлд арав гаруй уулчин үлдсэн. Тэдний нэг нь би байсан. Бараг л хамгийн сүүлд би буусан гэхэд болно.

-Тантай хамт хэдэн уулчин байсан бэ?

-Олон улсын баг хамт авиралт хийсэн. Манай багт надаас гадна Английн гурав, Испани,  Словаки, Орос, Украйн, Румыний туршлагатай, чадвартай уулчид нэг баг болсон байсан. Хамтдаа сарын хугацаатай цуг байсан. Харамсалтай нь наана байхад Украины уулчин өндөрийн өөрчлөлтөнд ороод баруун талын нүд нь юу ч харахаа больж Непалийн эмнэлэг рүү  явсан. Мөн удалгүй  Оросын уулчны толгой, ходоод нь өвдөөд 5700 метрээс буцсан.

-Тэд дээшээ авирах үнэхээрийн боломжгүй болоод буцдаг уу?

– Өндөрийн өөрчлөлтөнд дасан зохицол сайн явагдахгүй байна гэсэн үг. Манай багаас хоёр нь гарцаагүй шалтгаанаар хасагдсан. Тэгээд дээшээ 6500 метр руу бусад нь явсан юм.

-Багийн гишүүн нь замын дундаас буцахад сэтгэлзүйн талаасаа танд нөлөөлсөн үү?

-Их харамссан, бас их нервтсэн, сэтгэл дундуур байсан.

-Уулчдын нөхөрлөл хүндлэл, бишрэл, итгэл дээр үүсдэг болов уу?  

-Намайг Эверестэд амжилттай авиралт хийсэн гээд их хүндэлдэг байсан. Энэ нь хооллох үеэр илүү мэдрэгдэнэ. Бүгдээрээ ширээндээ суусан ч намайг хүлээж, хоймортоо суулгах жишээний. Иймэрхүү хүндэтгэл үзүүлдэг нь  яг бөхчүүд шиг сайхан санагдсан. Монгол гэдэг энэ сайхан  нэрийг олон улсын шилдэг уулчдад, тэр дундаа олон улсад сурталчилж, талын нүүдэлчдийн тэвчээр хатуужил, эр зоригийг харуулсан.  Монголынхоо төрийн далбааг байнга мандуулж  байсан. Тухайн үед Хятад, Монголын далбаа л мандаж байсан юм. Хятадууд бааз лагераас гадна өөрсдөө том кэмптэй. Ер нь бол аливаа улсын, байгууллага хамт олны  сүр хүч, хийморь нь туг далбаандаа байдаг. Тиймээс эрт дээр үеэс Монголчууд  тугандаа маш их ач холбогдол өгдөг байсан. Хамгийн шилдэг цэргээ тугчин болгож тугаа бариулдаг.  Маш олон байгууллага надад итгэж тугаа өгч явуулсан. Тэгээд надтай хамт сар гарны хугацаанд  байлаа.  Хэдийгээр Эверестийн оргил дээр гарч чадаагүй ч гэсэн  7189 метрт  мандуулж чадсан шүү. Бас л чамлахааргүй амжилт 80 гаруй хувийн амжилттай авиралт хийлээ. Хятадын уулын холбооноос “Та нарыг Эверестийн оргил дээр гарсан гэж үзэж байна, битгий сэтгэлээр уна” гэж хэлэхэд сайхан санагдсан ч  харамсалтай байсан. Энэ авиралтыг дэмжсэн маш олон байгууллага хамт олон, найз нөхөд, ах дүү, хамаатан садан, ивээн тэтгэсэн олон байгууллага бий. Энэ хүмүүстээ маш их баярлаж байгаа. Би өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны менежер хийдэг. Үе үеийн ахмад уулчид болон Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа нарын булган сүүлтэй уулчид, хамтдаа 2012 онд авиралт хийсэн “Хөх тэнгэр” багийн Б.Ганбаатар ахлагчтай  Ц.Цогзолмаа, Л.Баярсайхан, Ж.Элбэгжаргал нартаа баярлаж, талархаж явдгаа илэрхийлж байна.

-Газар хөдлөлтийн мэдээ аваад л бүх улс уулчдынхаа талаархи мэдээллийг чих тавин сонсож байсан нь тодорхой.

Жингүйдээд хөвж байгаа юм шиг, зүүдлээд ч байгаа юм шиг, итгэхийн аргагүй төсөөлөл бий болсон. Үүлс, шовх шовх уулсын орой  тээр дор харагдаж байх жишээний. Монгол хүн гэдгээрээ бахархахаас өөр юу ч бодогддоггүй юм билээ. Тухайн авиралтын үеэр 11 хүн нас барсан. Тэр жил урьд жилүүдийг бодвол маш хүйтэн жил болсон.  Хөл, гараа хөлдөөгөөгүй хүн байхгүй байсан. Би хамраа хөлдөөсөн. Одоо жаахан хүйтэн салхи салхилахад л андахгүй улайна. “Хөх тэнгэр” баг Монголоос  тавуулаа гарч хоёр нь өндөрийн өөрчлөлтөд ороод  бие нь муудаад буцсан. Үлдсэн гурав нь Эверестийн оргилд гарч чадсан. Моторын дуу үл сонсогдох өндөрт зөвхөн сарлаг л уулчдын ачаа, хоол хүнсийг хүргэдэг байна

Элчин сайдын яамдаас анхаарал хэр тавьж байсан бэ?

-Тухайн үед Англи, Румын, Испанийн Элчин сайдын яамнаас хүнээ хайж,сураглаж ярьж байсан. Харин манайхаас тиймэрхүү байдал мэдэгдээгүй. Манайх анхаарал тавих  тал дээр дутагдалтай санагдсан.

-Эверестийг анх зорихдоо ном бичих, баримтат кино хийх, үзэсгэлэн гаргах фото зураг авах зорилготой явсан.

-Энэ зорилгоо биелүүлсэн үү?

-Ном бичихдээ ашиглахаар өдөр бүр өдрийн тэмдэглэл хөтөлсөн, Боломж л гарвал зураг авч бичлэг хийж явсан. Хангалттай баримт байгаа.  Удахгүй Эверестийн тухай нэвтрүүлгийг олон нийтийн хүртээл болгоно, фото зургийн үзэсгэлэн ч гаргана.

-Эверестэд өмнө нь ялалт байгуулсан юм чинь дахин авирах хэрэг байна уу гэж бодогдохгүй юу?

-Хоёр талаас нь авирдаг болохоор хоёулангаар нь авирахыг хүссэн. Тамирчин хүн бүр л амжилтаа ахиулна гэсэн бодолтой байдаг. Хүн өндөрийн өөрчлөлтөд  орохоороо нойр хүрдэггүй, хоол идэх сонирхолгүй болдог юм билээ. Хүн хоол муутай, нойргүй хэд хоноход л сульдаж эхэлнэ.  Тэгэхлээр хоолоо сайн идэж, сайн унтаж амардаг байх хэрэгтэй. Тэнд зүгээр хэвтээд байхгүй ээ,байнгын өндөрийн бэлтгэл хийж байдаг. Хийхгүй байсан ч болно л доо, биднийг  хий гэж хэн ч шаардахгүй. Гэхдээ тэнд зүгээр хэвтээд байж болохгүй учраас бэлтгэлээ байнга  хийдэг. Хүн зовохгүйгээр амжилтанд хүрнэ гэж байхгүй. Бүх л тамирчид тэгдэг. Зарим нэг улсууд мөлхөж очоод оргил дээр нь гарсан мэтээр ойлгодог. Тийм биш шүү дээ. Өөрийнхөө амь насаар  дэнчин тавиад хөлс хөдөлмөрөөрөө гарсан. Энэ бол агуу спорт хэн нэгэнтэй өрсөлдөх биш өөрийгөө ялдаг спорт. Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн гуай “Бусад спорт бол асуудлыг 5,10 минутын дотор л шийддэг бол Эверест авирна гэдэг уулчин хүний тэвчээр байгалын хүчин зүйлийг даван туулдаг. Гэтэл уулчдын хувьд хэдэн жилээр ч тэмцэх хэрэгтэй болдог.

-Таны хувьд ууланд авирахад тохиолддог хамгийн том бэрхшээл юу бэ?

-Хүмүүсийн эсэргүүцэл.  Тийм учраас хэлэхгүйгээр явах нь сэтгэлзүйн хувьд хамаагүй дээр байдаг.  /инээв/ Аргагүй л дээ.  Уулын спортын хамгийн сөрөг мэдээлэл болох үхлээ, олдохгүй боллоо гэх мэдээлэл хурдан хүрдэг болохоор. Эверест бол авиралт болгондоо хүмүүсийн амь насыг авдаг, догшин хайрхан шүү дээ.

-Уулчид Эверестэд хог хаягдал их үүсч байгаа нь санаа зовоосон асуудал гэж ярьдаг. Үнэхээр тийм их хогтой байна уу?

-Миний нэг эмзэглэдэг зүйлийн нэг нь энэ. Эверестэд гарч байгаа хүмүүс маш их хог хаяж байгаа. Хог түүх авиралт зэргийг зохион байгуулдаг юм байна лээ. Миний хувьд очсон газрынхаа ёсыг нь дагаж бүх хогоо авч явдаг. Хүчилтөрөгчөө үүрээд, хогоо дүүрээд нийт 25-35 кг ачаатай эгц хана руу авиралт хийнэ. Хүнээс маш их тэсвэр бас сэтгэлзүй шаарддаг. Маш сайн бэлтгэлтэй байгаад очоод тэр өндөр хайрхануудыг харж сүрдээд  явж чадахгүй болсон хүмүүс байдаг. Ер нь тамирчин хүмүүс тэр дундаа монгол тамирчид маань сэтгэлзүйгээ л хамгийн гол нь бэлддэг.

-Уулчид голдуу  Непаль талаас авиралт хийсэн байх юм.  Ямар учир байна вэ?

-Непаль талд аялал жуулчлал илүү хөгжсөнтэй холбоотой.  Төвдүүд шашин шүтлэгтэйгээ холбоотойгоор уулын аяллыг хөгжүүлээгүй. Тиймээс хайрхан дээр гарсан хүнийг бурхан шигээ шүтэж, хүндэлдэг юм байна лээ. Непальчуудын 100-ны 70 хувь нь энэтхэгчүүд байдаг. Уулын клубүүд  нээж, Эверестийг бизнес болгосон. Төсвийнхөө бараг 60-70 хувийг зөвхөн аялал жуулчлалаас олдог гэж байгаа. Жуулчдад  зориулсан Эверест бааз лагер хүртэл 5-8 хоног авиралт хийж очоод нэг  хоноод буцдаг маршрут бий. Энэ аяллыг  маш олон хүн зорьж очдог. Төвдийн талаас ч тэр кэмпэд ирж болдог.

-2012 онд Эверестийг зориход хүмүүсийн эсэргүүцлүүдээс хамгийн хүнд нь гэр бүлийнхэн байсан байх. Ээж тань хамгийн их эсэргүүцэж байв уу?

-Ээж минь “Ээж нь сэтгэл, зүрхээрээ хүүтэйгээ хамт, миний хүү чадна аа” гэж хэлсэн. Энэ үг надад маш их эрч хүч өгсөн. Ээж минь өөрийнхөө өлөнгөөр арвайн гурил зуурч бөөрөнхийлөөд өгч явуулсан. Бие өвдөхөд нь идчихээр сэтгэл дагаад ч юмуу зүгээр болдог байсан. Эх хүү хоёр хүйн холбоотой гэж үнэн юм байна лээ. Ижийтэй хүн алзахгүй гэдэг, сайхан үг шүү. Бие өвдөх тохиолдол байнга гарна. Тэр болгон л “би заавал гарна, чадна, юу ч тохиолдсон тэснэ, давна” гэж өөрийгөө “код”-олсон байсан. Хүний бодол гэдэг асар их хүчтэй байдгийг ойлгосон. Ээж “Миний хүү чинь ээждээ бол уулын бүргэд,  хүүгээрээ бахархаж байна” гээд л би бас ээжээрээ бахархаад л… Ээж хүү хоёр амь нэгтэй.

-Авиралт хийгээд явж байхад шувуу ч юмуу амьд амьтан харагддаг уу?

-Эверестэд амьд амьтан байхгүй. Тэс өөр ертөнц. Маш их үзэсгэлэнтэй, үлгэрт гардаг сүмбэр уулнууд нь хүн урлачихсан урлагийн бүтээл мэт санагддаг.  Надад маш олон гоё гоё зураг байгаа. Ядарч байхдаа тэрийгээ хараад маш их тайвшрал авч баясдаг. Хүмүүс  олон янзаар л харах байх харин миний хувьд бол яг л үлгэрийн оронд очсон юм шиг санагдсан. Зүгээр л бөөн эрч хүч тэндээс оргилж надад хуримтлагдсан.

-Уулчдын хувьд сэтгэлийн хат, ачаалал даах чадвар зэргийг асуугаад ч хэрэггүй байх тийм үү?

– Хүмүүс ажлын найман цаг ажиллаад ядарч уналаа гэсээр гэртээ ирдэг. Надад бол юу ч биш санагдсан. Харин ч жаргал шиг. Байгууллагын боловсон хүчнүүдийг ажилд авахдаа хэдэн сургууль төгссөн, ямар праграмм дээр ажилладаг зэргийг асуухаас илүү ямар спортоор хичээллэдгийг асуух хэрэгтэй гэж бодож байгаа. Спортоор хичээллэдэг хүмүүс маш их тэвчээртэй, ачаалал даах чадвартай байдаг.

-Залууст хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Танай сайтаар дамжуулаад хүүхэд залуучууддаа архи дарс , тамхинаас хол бай гэж хэлье.  Би өмнө нь архи, тамхи хэрэглэдэг байсан. Хэрэглэхээ болиод 13 жил болж байна. Залуу насыг туулж өнгөрүүлсэн болохоор залуусдаа  анхааруулж хэлж явдаг. Архи бол ерөөсөө л амьдарлын дайсан, тамхи ч гэсэн. Энэ хоёроос хол байж, биеийн тамираар хичээллэж, Монгол орноороо аялах нь сайхан шүү дээ. Би амьдралыг 34 хүрч л ойлгож эхэлсэн. Миний охин  намайг хүмүүжүүлсэн. Би охиндоо их хайртай. Охин маань  “Ааваа, та тамхи битгий тат” гэдэг байсан. Тэгээд л охиныхоо төрсөн өдрөөр аав нь бэлэг барина гээд л тамхинаас гарсан даа. Охиндоо амласан хүн чинь татаж чаддаггүй юм байна.  Заримдаа  “Хэрэггүй ч амладаг байж” гэж бодсон үе бий шүү. Гэхдээ л  охиндоо худлаа хэлж болдоггүй юм билээ. Эхнэрийн үглэхийг  тоодоггүй хүн чинь  гүрийсээр байгаад тамхинаас гарсан. Охидууд л аавыгаа хүмүүжүүлдэг шүү. Хүн үр  хүүхдийнхээ үгэнд сайн ордог юм байна. Тэр цагаас хойш биеийн тамираар хичээллэж, одоо бие эрүүл, биологийн нас 20 насаар залуу болсон.

-Эрүүл монгол хайкин клуб хэдэн гишүүнтэй вэ. Ямар журмаар гишүүнчлэлээ авдаг вэ?

-Манай клуб 410  гишүүнтэй. Нэг төгрөгний ч татаас авдаггүй. Ерөөсөө л эрүүл Монгол хүний төлөө явдаг клуб байгаа. Би өөрөө энэ клубыг үүсгэн байгуулсан. Манай клубынхэн цуглахаараа өглөөний  дасгал, бясалгал хийж, бас хөгжөөнт тоглоом тоглоцгоодог. Бид хүүхэд байхдаа маш их тоглож, инээдэг  байсан. Харин томрох тусам энэ байдал багассаар бараг инээдэггүй болдог, энэ нь буруу юм. Тиймээс хүмүүс оюун ухаанаа сэтгээх түргэн хөдөлгөөнтэй тоглоомуудыг тоглож байх хэрэгтэй. Бид эрүүл байхын тулд байнга инээх хэрэгтэй. Өглөө гарахдаа инээгээд л орой буцахдаа инээсээр ирдэг хүмүүстэй клуб. Манай клуб 7 хоног бүрийн бүтэн сайн өдрийн өглөө 08:30 цагт Драмын Эрдмийн театр дээр цуглаад алхдаг. Нүүрномд “Эрүүл монгол хайкин клуб” гэсэн хайлтаар бидэнтэй  холбогдож болно. Ууланд авирч байгаа хүмүүсийн 60-70 хувь нь эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүд эрүүл мэнддээ эрчүүдийг бодвол илүү анхаарал тавьдаг. Эмэгтэйчүүд байнга дасгал хөдөлгөөн хийхээр  бие нь  аажмаар турж булчин нь чангараад их гоё болдог. Хүн ерөөсөө л 7 хоногийн нэг өдрийг өөртөө зарцуулах хэрэгтэй. Эрүүл байх амархан шүү дээ.  Өглөө эрт босч  дасгал, бясалгал хийх, цэвэр ус уух ёстой. Тэгээд зөв хооллодог байх хэрэгтэй. Давс, өөх тос, чихэр гэсэн гурван хорыг хэрэглэхгүй байх, тэр тусмаа хоносон хоол идэхгүй байх хэрэгтэй. Дээр нь зөв цагтаа унтаж амардаг байх, өдөр болж өгвөл 30-60 минут унтах хэрэгтэй. Дулаан болохоор их гоё уртын аялал хийвэл зүгээр. Алхаж, голоор  завиар явах, мотоцикль, морь унах гээд сонирхолтой аяллууд байдаг. Манай клубт явдаг эгч нар надад талархсанаа хэлдэг юм.  Нэг  эгч “Би ойр ойрхон гадаад руу эмчилгээнд явдаг байсан, одоо бие маань их сайжирлаа” гэж байсан. Ийм үгэнд урамшихаас гадна  том шагнал болдог.

Б.САНЖ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.