Хоёрхон цагийн нойрны ялгаа

2020-09-19 Амрах агшин

Энэ бүсгүй нойрны туршилтад орохоор зөвшөөрчээ. Туршилтын дараах түүний зургийг харахад л нойр хүний эрүүл мэнд, нүүр царай, гоо сайханд хэрхэн нөлөөлдгийг илэрхий харж болохоор байгаа юм.
Түүнийг Сара Чалмерс гэдэг, 46 настай, Их Британид амьдардаг нэгэн аж. Тэрээр нойр дутагдахад хүний биед ямар үр дагавар гардгийг өөрийн биеэр туршжээ.
Хоногт дөрвөөс дээш цаг унтаж болохгүй туршилтын эхэн үед судлаачид Сарагийн арьсыг  тодорхойлсон бөгөөд туршилт дуусах үед ямар байгааг нь харжээ. Түүний арьсыг нарийн сканнердаж харахад нүх нь хоёр дахин томорч, арьсны өнгө ерөнхийдөө гунджээ. Энэ нь энгийн нүдээр харахад ч илт мэдэгдэж, нүдний доогуур хар хүрээ татаж, эрүүн дээр нь бараан толбо ганц нэгээр гарч ирж, арьс уян зөөлөн байдлаа алджээ. Гоо сайханд ингэж нөлөөлөөд зогсохгүй, амархан ядардаг, уур уцаартай болж эхэлжээ.

/Хоногт зургаагаас доош цаг унтах үед/

Гэхдээ энэ үедээ Сара төдийлэн ядарч байгаагаа мэдрээгүй гэнэ. Харин үдийн үед шартсан мэт хачин мэдрэмж төрж байснаа хуваалцсан байна.
Туршилтын хоёрдугаар шатанд Сара хоногт 5-6 цаг унтжээ. Ингэхэд туршилтын дунд үед тэр ядарч байгаагаа гэнэт ихээр мэдэрч, энерги авахын тулд амттай зүйл ихээр идэх болжээ.  Ингээд долоо хоногийн дараа түүний нойрыг хэвийн шатанд шилжүүлж, дараагийн туршилтыг хийсэн байна. Сара энэ үед хоногт найман цаг унтаж байсан бөгөөд долоо хоногийн дотор түүнд өмнө нь ажиглагдсан зовиур, шинж тэмдэг бүгд алга болжээ. Түүний арьс өнгө орж, ядрахаа больж, ааш зан нь ч засарчээ.

 

                                         /Хоногт найман цаг унтаж, бүтэн нойр авсан үед/

Дээрх туршилтыг явуулсан эмч Сарад гарсан өөрчлөлтийг ингэж тайлбарласан байна. Нойр дутуу явснаар хүний биед кортизол хэмээх стрессийн даавар ихээр ялгардаг аж. Ингэснээр хүн амархан уурлаж бухимддаг, цухалдуу болдог аж. Мөн хангалттай нойр аваагүй үед тосны булчирхай идэвхжиж, улмаар арьсанд асуудал үүсдэг байна. Түүнчлэн хангалттай амарч нойрсоогүй үед өсөлтийн даавар ялгарахаа зогсдог нь хүний бие эрхтэн тогтолцоо хэвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрдэг аж.

Б.Номун

<

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.