Өдөрт 11 цагаас дээш дэлгэц ширтэхэд бидний нүд яадаг вэ

2019-05-26 Амрах агшин

Хэдхэн жилийн өмнө эцэг эхчүүд хүүхдүүдээ телевизээс хол суу гэж үглэдэг байсан бол өнөөдөр тэднийг гар утаснаас нь салгах, компьютерийн араас өндийлгөх гэж аргаа ядаж байна. Энэ тэмцэл амаргүй байгааг “нүдний дижитал ачаалал” хэмээх цогц шинж тэмдэг сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд насанд хүрсэн, ажил алба эрхэлдэг хүн бүрт илэрч байгаагаас харж болно. Нүд бүрэлзэх, хуурайших, хүзүү нуруу хөших, толгой өвдөх, нойрны хэвшил алдагдах шинж тэмдгийг хамтад нь нүдний дижитал ачаалал хэмээн нэрлэдэг аж. Америкийн насанд хүрсэн хүн амын бараг гуравны хоёрт нь яг ийм шинж тэмдэг илэрч байгаа нь компьютер, ухаалаг төхөөрөмжийн хэрэглээтэй салшгүй холбоотой.

Өдгөө хүн төрөлхтөний ажлын нөхцөл, хүмүүс хоорондын  харилцаа гээд бүгд технологио даган өөрчлөгдөж байна. Өмнө нь гараар захидал бичиж, гадагш гарч уулзалт товлодог байсан бол ихэнх ажил хэргийг өнөөдөр илүү хурдан шуурхай мэйл, гар утас зэрэг бусад харилцааны хэрэгслээр амжуулдаг болсон. Ойр дотныхоо хүмүүстэй ч уулзаж учрахаас илүүтэй зураг дүрсээ харан ярилцдаг дижитал харилцаа руу шилжлээ. Ингэснээр өдрийн ихэнх цагийг бид дэлгэц ширтэн өнгөрүүлэхэд хүрч байгаа юм. АНУ-д гэхэд 18-аас дээш насныхан өдөрт дунджаар 11-ээс дээш цагийг дэлгэц ширтэн өнгөрүүлж байгаа бол Их Британид хүүхдүүдийн 6,5-аас дээш цагийг гар утас, компьютер гэх мэт дэлгэцтэй найзлан өнгөрүүлж байна.

Гэтэл амьдралын энэ шинэ хэвшил маань бидний нүдийг засал авах аргагүйгээр гэмтээж байгааг бид тэр бүр анзаардаггүй. Гар утас, компьютерийн дэлгэц нь хүний нүдэнд аюултай цэнхэр гэрэл ялгаруулдаг. Шар, улаан гэх мэт хамгийн тод өнгөнөөс ч хурц, хүчтэй энерги ялгаруулдаг энэ гэрэл нүдний ретинаг гэмтээж, харааг муутгадаг байна. Харамсалтай нь, энэ гэрлийн нөлөөгөөр муудсан харааг эргэж сэргээх ямар ч аргагүй байдаг учир үүний мэдсэн даруйдаа дэлгэц ширтэх цагаа хүн өөрийн ухамсраар л багасгах ёстой болж байна. Гэвч ажил амьдралын шаардлагаар зайлшгүй компьютерийн ард суудаг хүмүүст зөвлөхөд 20-20-20 гэсэн дүрэм баримтлахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ бол 20 минут дэлгэц дээр ажиллаад 20 секундын завсарлага авч, 20 фит буюу 6 метр орчим зайтай зүйлсийг харж нүдээ амраах дүрэм юм.

Маш амархан энэ дүрмийн зэрэгцээ нүдээ ойр ойрхон анивчуулан хөдөлгөх нь бас тустай болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Түүнчлэн дэлгэц чинь хэт хурц гэрэлтэй бол өөртөө тохируулах бууруулж болох юм.

“Нүдний дижитал ачаалал” гэдэгт нойрны хэвшил алдагдах ч бас багтдаг хэмээн дээр дурдсан. Энэ бол хараа муудах, нуруу өвчтлөхтэй эн зэрэгцэхүйц хүний эрүүл мэндэд хортой. Унтахын өмнө цэнхэр гэрэлд нүдээ “сүлбүүлсэн” хүмүүс эрт унтаж амарч чадахаа больдог. Улмаар сайн унтаж амарч чадахгүй, нойргүйдэхэд хүрвэл биеийн дархлаа, эрүүл мэнд бүхэлдээ дордож, ажлын бүтээмж ч үгүй болно. Тиймээс өөрийнхөө тусын тулд гар утас, компьютер гээд дэлгэцтэй харьцахаа багасгахыг хичээгээрэй. Үүний тулд ажлаа цагт нь дуусгаж, ажлынхаа  дундуур нүдээ амрааж, үдэш орой гар утсаа оролдохгүй байхыг таны тусын тулд мэргэжилтнүүд зөвлөж байна.

Б.Номун

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.