Л.Оюун-Эрдэнэ: E-Mongolia 1.4 их наяд төгрөгийн зардал хэмнэжээ

5 цагийн өмнө Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа E-Mongolia платформын талаар ийнхүү тодруулжээ.

Тэрбээр “E-Mongolia хэрэглэгчийн тоо 2 саяд хүрлээ. 2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үедээ Эстони Улсад айлчилж, тус улсын цахим засаглалын сайн туршлагыг судалж, “Цахим Монгол” төслийн баг Эстонийн e-Governance Academy-тай хамтран ажилласнаар E-Mongolia платформын эхлэл тавигдсан. Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр, “Алсын хараа–2050” бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор “E-Mongolia” системийг 2020 оны 10-р сарын 2-нд нээж, 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулсан билээ.

Өнөөдөр E-Mongolia платформд 88 байгууллага 1264 үйлчилгээ цахимаар үзүүлж, насанд хүрсэн иргэдийн 88 хувь нь ашиглаж, дээрх хугацаанд нийт 73.6 сая гаруй удаагийн үйлчилгээ авч, 1.4 их наяд төгрөгийн зардал хэмнэжээ.

Энэ нь иргэн төвтэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээний шинэ соёлыг төлөвшүүлж, цахим шилжилтийн үр дүнг тод харуулж байна. 2020 онд НҮБ-ын цахим засаглалын индексээр 92 дугаар байрт жагсаж байсан Монгол Улс 2024 онд 46 дугаар байр, Ази тивд 13 дугаар байрт эрэмбэлэгдсэн нь бидний хамтын зүтгэлийн үр дүн билээ. Цаашид ч төрийн үйлчилгээг илүү ухаалаг, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгохын төлөө Засгийн газар тууштай ажиллана” гэжээ.

 

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.