П.Наранбаяр: БЗС-ийн зээлийн эргэн төлөлт 2024 онд 14.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 15 хувиар өссөн

2025-03-27 Засгийн газар

Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох хуралдааны үеэр Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлт өнгөрөгч онд ямар байсан талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлт 2024 онд 14.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 15 хувиар өссөн. Зээлийн эргэн төлөлтийг хөтөлбөр тус бүрээр авч үзвэл хөнгөлөлттэй зээл 363.18 сая төгрөг буюу өнгөрсөн оноос 52 хувь, оюутны хөгжлийн зээл 11.5 сая төгрөг буюу өнгөрсөн оноос 46 хувиар тус тус өссөн бол гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын зээл 2.4 тэрбум төгрөг төлөгдөж өнгөрсөн оноос 43 хувиар буурсан.

Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас эхлэн оюутны хөгжлийн зээл, хөнгөлөлттэй зээл болон дэлхийн шилдэг их дээд сургуульд зээлээр суралцсан иргэдэд зориулан цахим системээр дамжуулан “зээлийн мэдээлэл” хүргэх үйлчилгээг нэвтрүүлсэн.

Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад “Хөнгөлөлттэй зээл”- ийг 1992-2016 онд олгосон бөгөөд Засгийн газрын 2004 оны 22 дугаар тогтоолоор 1992-2004 онд суралцагчдын зээлийг бүрэн чөлөөлсөн, Засгийн газрын 2008 оны 178 дугаар тогтоолоор “голч дүн 2.8, эзэмшсэн мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажилласан” шалгуурыг хангасан төгсөгчдийг зээлээс чөлөөлж байна.

Одоогоор Боловсролын зээлийн санд 2004-2016 онд хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн нийт 12799 зээлдэгчийн 14.1 тэрбум төгрөгийн зээл бүртгэлтэй байна.

Зээлийн эргзн төлөлтийг сайжруулах хүрээнд 7 аймаг, 2 дүүргийн прокурорын байгууллагуудтай хамтран ажиллаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Оюутны хөгжлийн зээл нь 2016 оноос эхэлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор е-mongolia цахим системээр дамжуулан “зээлийн эргэн төлөлтийн график”-ийг энэ оны хоёрдугаар сараас эхлэн зээлдэгчид хүргэх бэлтгэл ажил хангагдсан. Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагыг 1997 оноос хойш суралцаж төгссөн бүх төгсөгчдийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг үүсгэж, Монголбанк руу “зээлдэгчийн зээлийн мэдээлэл”-ийг нийлүүлэх бэлтгэл ажил хангагдаж байна гэлээ.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.