Уул уурхайн бирж шударга өрсөлдөөний талбарыг бүтээнэ

2024-11-22 Хориггүй сэдэв


Нүүрсний хулгайгаас эхлэлтэй сургамж

Монголчуудын ой тойнд “40 их наядын нүүрсний хулгай” гэх ойлголт хэзээ ч арилахааргүй гүн суужээ. Хэдэн арван их наядаар хэмжигдэх энэ их мөнгө оргүй хоосон болсноор монголчуудын ирээдүйг хуй салхи мэт хамж одсон нь бодит юм. Гэхдээ харуусаж суух бус цаашид баялгийнхаа өгөөжийг хэдэн зуун их наядаар нь цөөн хэдэн хулгайч нарын идэш болгохгүйн тулд томоохон өөрчлөлт хийх цаг ирсэн нь уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжих явдал байв. УИХ-ын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, 2023 оноос хэрэгжиж эхэлсэн. Манай нүүрсний гол худалдан авагч болох Хятадын www.sxcoal.com сайтад “Монголд эрдэс бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар экспортын худалдаа нээлттэй, ил тод болж олон улсын зах зээлийн шударга үнээр борлуулах боломж бүрдэж байна” хэмээн бичжээ. Өөрөөр хэлбэл, энэ үйл явдал нь Монгол төдийгүй олон улсын худалдан авагчид, түншүүд, хөрөнгө оруулагчдын хувьд олзуурхууштай мэдээ байв.

Монголын хөрөнгийн биржээр дамжуулж 2024 оны эхний хагас жилд 339 удаагийн арилжаа амжилттай явагдаж, 15.54 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа хийгдсэн байна. Тодруулбал, 14.5 сая тонн нүүрс, 980 мянган тонн төмрийн хүдэр, 6000 тонн зэсийн баяжмал тэргүүтнийг арилжжээ. Анх нүүрсний арилжаа эхлэхэд урд хөршийн 45 компани итгэл муутайхан сонирхож, Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж байсан бол цаг хугацааны явцад тун давгүй үр дүнг мэдэрсэн худалдан авагчид нэмэгдсээр өнөөгийн байдлаар 390 гаруй компани биржийн арилжаанд оролцох гэрээгээ байгуулаад байгаа аж. Итгэлцэл бэхэжсэнээр худалдан авагчийн сонголт өргөн болж, өрсөлдөөн ширүүсэж, бүтээгдэхүүний үнэ өсөх шаталсан өгөөж бий болсоор байна.

Өмнө нь уул уурхайн бүтээгдэхүүнийг зах зээлийн бодит үнээр арилжаалж чаддаггүй. Бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ, худалдах үнийн нөхцөл, мэдээлэл хаалттай байв. Үүнээс болж экспортын үлэмж хэмжээний орлогоо алдаж, зарим “нөхөд”-ийн халаасыг түнтийлгэж байсан нь нүүрсний сонсголын үеэр зах зухаасаа л ил болсон. Учир нь энэ аалзны тор мэт бие биеэ хэрсэн ашиг сонирхол, өгөө авааг бүрэн дүүрэн илчилж гаргана гэдэг амаргүй бөгөөд хүнд сорилт билээ. Өдгөө биржээр дамжуулж шударга өрсөлдөөнт худалдааг явуулснаар бүх юм алган дээр тов тодорхой болох нөхцөл бүрдэж байна. Ямар чанартай нүүрсийг хэдэн төгрөгөөр хэнд, хэдий хэмжээтэй борлуулсан, үүнээс татварыг хэрхэн суутган авах зэргээр утасны үзүүрийг хөвөөлсөөр дуусгах тодорхой барьцтай, баримттай болж эхлэв.

Ялангуяа, үүн дээр татварын маргааныг онцгойлон дурдах ёстой. Өмнө нь нүүрс олборлогчид АМНАТ шударга бус байна хэмээн үзэж буйгаа илэрхийлж, ихээхэн эсэргүүцсээр ирсэн. Энэ нь экспортын нүүрсний үнийг бодит эсэхийг магадлахад бэрхшээлтэй байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, төр бидний борлуулсан үнээс өндөр буюу олон улсын ханшийг дундчилж АМНАТ тооцож аваад байна хэмээн эсэргүүцдэг. Илүү татвар төлөөд байна гэсэн эгдүүцлэл л дээ. Гэтэл нөгөө талд АМНАТ бол улс орон, ард түмэн баялгийнхаа үр өгөөжийг хүртэх хамгийн чухал, нөлөө бүхий арга хэрэгсэл юм. Тиймээс төр уг асуудал дээр компаниудад найр тавиад байх боломж бас хомс.

Тэгвэл уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалснаар хоёр талаас хэн нь ч маргах аргагүй тоо баримтыг гаргаж тавиад ойлголцох боломжийг бүрдүүлж байна. Борлуулалтын бодит дүн тодорхой учир татвар тооцоход хялбар болно гэсэн үг. Нөгөөтээгүүр, биржид бүртгэгдсэн өргөн дата мэдээлэлд тулгуурлаж асуудал, бэрхшээл хаанаа байгааг олж, хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлоход бодлогын нэг чухал хэрэгсэл болж хувирах юм. Урт хугацааны туршид цугласан бодит тоо баримт биднийг юу хийх, хаашаа явахыг хэлж өгөх нэг жим болдог.

Түүнчлэн, уул уурхайн бүтээгдэхүүний чанараас хамаарч бирж дээр үнэ тогтдог. Өмнө нь бид нүүрсийг коксжих, хүрэн гэсэн ерөнхий ангилалд хамааруулж борлуулсан. Үүнтэй холбоотойгоор ордын өрөм тосыг хамаад урагш хямд үнээр зөөж, баялгийн өгөөжийг үнэгүйдүүлж байна гэх шүүмж их гардаг байв. Өдгөө Монголын хөрөнгийн биржид нүүрсийг чанараар нь 6-8 ангилж худалдан авагч нарт санал болгосныг харж болно. Өндөр чанартай нүүрсээ өндөр үнээр өгнө. Энэ бол шударга наймаа билээ.

Үндсэндээ туршлагатай, бааз суурь бүрэн бүрдсэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулж уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг явуулсан нь том агуулгаараа хамгийн чухал үйл явдал байлаа.

Сорилт хөгжлийг авчирна

Мэдээж биржийн арилжаанд дутагдалтай зүйл олон бий. Байхаас аргагүй юм. Учир нь бид анх удаа уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр борлуулж байна. Алдаа оноо гарах, засаж сайжруулах зүйл олон бий. Засдаг, сайжирдаг, цаашид төгөлдөршдөг үйл явц учир хөгжилд хүрэх замын заавал туулах нэг хэсэг гэж ойлгох учиртай.

Биржийн арилжаа эхэлсэн анхны жилээ манай улс нийт 70 сая тонн нүүрс экспортолсноос 15 сая тонныг биржээр дамжуулсан. Цаашид нүүрсний худалдааг 100 хувь биржээр явуулах ёстой гэсэн байр сууриа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар илэрхийлж байгаа. Гэхдээ уг зорилтыг биелүүлэхэд тодорхой цаг хугацаа шаардагдах шалтгаан байгааг дурдах нь зүйтэй. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК худалдан авагч түншүүдтэйгээ урт хугацааны гэрээ байгуулж тодорхой урьдчилгаа төлбөр авсан тул эдгээр гэрээг шууд цуцалж нүүрсийг биржээр бүрэн арилжаалах боломжгүй. Өөрөөр хэлбэл, хоёр талын бизнесийн ёс зүй, яриа хэлцэл, үүргийг хүндэтгэн үзэх учиртай. Өнөөгийн байдлаар ойрын 3-4 жилд дуусгавар болох 100 орчим гэрээтэй байгаа аж. Цаашид гэрээний тоо буурснаар биржээр арилжаалах нүүрсний хувь хэмжээг шатлалтай өсгөх юм.

Харин хувийн хэвшлийн компаниудын хувьд дээрх “чөдөр” харьцангуй бага. Өнгөрсөн онд биржээр худалдсан нийт нүүрсний 13.4 хувь нь “Энержи ресурс”-ынх байжээ. Тус компани нийт 986 тэрбум төгрөгийн борлуулалтыг биржээр дамжуулж хийж чадсан байна. Үүнээс гадна 2024 он гарснаас хойш “Эрдэнэт үйлдвэр” 6000 тонн зэсийн баяжмалыг хоёр удаагийн арилжаагаар борлуулсан нь нэг чухал үйл явдал байв. Энэ мэтээр төр, хувийн хэвшил бүтээгдэхүүнээ биржээр бүхэлд нь борлуулах нээлттэй, ил тод жишиг дэлгэрнэ гэсэн хүлээлттэй байна.

Дараагийн нэг хүндрэл нь боомтын хүчин чадал, төмөр зам, тээвэрлэлтийн асуудал билээ. Биржээр “үнэ дуудсан” уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдан авагчид хүргэхэд тээвэр логистикийн хүчин чадлаас хамаарч саатах, хүлээгдэх эрсдэлүүд үүсэж буй юм.

Уг нь олон улсын туршлагаас харахад арилжаалах бүтээгдэхүүний нөөц хэмжээнээс эхлээд арилжаа идэвхтэй, тасралтгүй явагдах, агуулах, тээвэр логистик гээд цогц сүлжээ найдвартай ажиллах учиртай. Бид онлайнаар бараа захиалаад гартаа авах хүртэлх бүх үйл явцыг хүлээлтгүй, найдвартай байхыг шаарддаг. Яг үүнтэй ижил нэгдсэн систем бүрэлдэн үйлчлэх учиртай. Гэхдээ тээвэр логистик дээр нааштай томоохон хүлээлт байгаагаас гадна цаг хугацаатай уралдсан тодорхой зохицуулалтууд хийгдэж буйг дурдах нь зүйтэй. Тухайлбал, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр “Удахгүй төмөр замын холболт хийгдсэнээр Гашуунсухайт боомтоор урд хөрш рүү манай бүтээгдэхүүн саадгүй гарч, хоёр улсын хооронд хоёр дахь том гарц бий болно” хэмээн ярьсан. Энэ бол уул уурхайн салбарынхны хамгийн том хүлээлт үүсгэсэн сэдэв юм. Тодорхой зохицуулалтын тухайд тодруулбал, төмөр замын холболт хийхийг хүлээж суулгүй өнгөрсөн жил Гашуунсухайт-Ганцмод боомтоор тусгай гарц буюу шилжүүлэн ачих терминалыг байгуулж, жилийн 12 сая тонн ачаа тээвэрлэлтийн хүчин чадалтайгаар ашиглалтад оруулсан. “Эрдэнэс тавантолгой” компани 128 мянган тонн коксжих нүүрсийг өнгөрсөн гуравдугаар сард уг боомтоор дамжуулж экспортолсон юм. Энэ бүхнээс харвал биржийг тогтвортой, цогц бодлогоор ажиллуулах нэгдсэн системийг бүрдүүлэх үйл явц урагштай байна.

Биржийн арилжааг үл таслах нь нийгэм, эдийн засгийг олон харилцааг цэгцэлнэ

Дээрх мэдээллийг нэгтгэн дүгнэвэл, уул уурхайн бирж үйл ажиллагаагаа тогтвортой явуулснаар зөвхөн бүтээгдэхүүнээ “шилэн” борлуулж өгөөж хүртэхээс гадна олон талын “анагаах” үүрэгтэйг харж болно. Цогц систем бүрэлдэж байж бирж бүрэн утгаараа ажиллах болно хэмээн дээр өгүүлсэн шүү дээ.

Нэг үгээр хэлбэл, бирж нэгэнт гараанаасаа хөдөлсөн бол үүнтэй уялдсан маш олон асуудлыг дагаад шийдээд, цэгцлээд явахаас өөр аргагүй шаардлага тулгарснаар салбарыг тойрсон асуудлууд бага багаар илаарьшиж эхлэх юм.

Биржээр арилжаа хийснээр үнэ шударга тогтож эхэллээ, бүтээгдэхүүнүүд чанартаа таарсан үнэлгээтэй болж стандартууд мөрдөгдөж эхэллээ, дата мэдээлэлд тулгуурласан судалгаа дүгнэлтүүд хийгдэж татвар болоод бусад асуудалтай холбоотой бодит тооцооллууд явагдаж эхэллээ, дагалдаад тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх нөхцөл шаардлагуудыг шахаж эхэллээ гэх мэт. Мөн эдийн засгийн өсөлтийн гол гарц болсон уул уурхайн бүтээгдэхүүнийхээ өгөөжийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагч, худалдан авагчдын итгэлийг алдахгүйн тулд улс төрийн хувьд илүү тогтвортой бодлого явуулах ойлголт нөлөөллийг ч үзүүлж эхэлсэн. Эндээс үзвэл уул уурхайн бирж сорилт ихтэй ч ирэх өгөөж нь түүнээс ч арвин байх нь гарцаагүй юм.

Үүнд нэмж хэлэх нэг зүйл байгаа нь цаашид тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн брокеруудын оролцоог илүүтэй хангахад анхаарах нь Монголын хөрөнгийн биржийн зоо нурууг бага ч болов амрааж, ачааг үүрэлцэх ач холбогдолтойгоос гадна биржийн арилжааг олон улсын жишгийн дагуу явуулах чухал хөшүүрэг болно. Өөрөөр хэлбэл, үнэ тогтох үйл явц илүү хяналттай болж, мэдээллийн ил тод байдал хангагдахад брокерууд үүрэг хариуцлага хүлээх учиртай билээ. Брокерууд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж арилжааны эрсдэлийг бууруулах зах зээлийн шинжээч, зохицуулагчийн үүргийг гүйцэтгэх үндсэн “командтай”.

Монголын хөрөнгийн бирж түүхэн үүргээ гүйцэтгэж байна

Зарим хүн уул уурхайн бирж бие дааж үйл ажиллагаа явуулах ёстой, Монголын хөрөнгийн бирж уг үүргийг гүйцэтгэх нь зохимжгүй хэмээн “цэцэрхэж” байна. Ер нь олон улсын туршлагыг харахад уул уурхайн бирж нь хөрөнгийн биржээс тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулдаг нь үнэн. Гэхдээ одоогийн бааз суурь, дэд бүтэц, хүний нөөц, туршлагыг жигнэхэд Монголын хөрөнгийн бирж дээрх хариуцлагатай үүргийг зайлшгүй гүйцэтгэх цор ганц сонголт, бас боломж болж байгаа юм. Иймд Монголын хөрөнгийн биржид түүхэн үүргээ гүйцэтгэж буйд талархал илэрхийлж, урмын үг хэлэх нь зүйтэй. Нөгөө талаас Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг олон нийт эзэмшдэг. Сангийн яамнаас бүрэн хамаарсан бүтэц гэж ойлгох нь буруу. Хяналттай, нээлттэй билээ.

Цаашид мэдээж уул уурхайн бирж бие даасан үйл ажиллагаа явуулах нь ойлгомжтой. Нэг үгээр хэлбэл, Монголын хөрөнгийн бирж асарч тойлж, хөлд оруулсны дараа бие дааж алхах нь жам ёсны асуудал билээ. Ер нь олон улсын туршлагыг харахад уул уурхайн бирж ихэнх тохиолдолд 100 хувь хувийн өмчид байдаг. Эсвэл төр, хувийн хэвшил хосолсон өмчлөлтэй. Энэ утгаараа уул уурхайн бирж “өрх тусгаарлаж гарсны” дараа 4-5 жил тогтвортой ажиллаад хувьцааныхаа тодорхой хэсгийг олон нийтэд санал болгох үйл явц заавал хийгдэх учиртай. Уул уурхайн бирж яван явсаар чангарч “эр өсөж эсгий сунана”.

Эцэст нь Монгол Улс тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж, ил тод байдлыг эрхэм болгох ирээдүйд Монголын хөрөнгийн биржийн нэр, үүнд хүчин зүтгэж явсан эрхэм хүмүүсийн алдар олонтоо дурдагдах нь гарцаагүй юм. Уинстон Черчилл “Бүү бууж өг, бүр хэзээ ч битгий бууж өгөөрэй” хэмээсэн байдаг. Энэ үгийг Монголын хөрөнгийн бирж, түүнийг тулан босгож буй эд эс болсон хамт олонд хүндэтгэн зориулъя.

Д.Өнөржаргал

 

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.