Гадны өрсөлдөгчдийг хавчин гадуурхдаг МИАТ олон улсад шившиг болсоор байх уу

2017-06-21 Ертөнц

Монголчууд бид тун удахгүй будаг нь ханхалсан цоо шинэ нисэх буудлаар үйлчлүүлнэ хэмээн баяртай байгаа ч япончуудын барьж өгсөн Хөшигтийн хөндийн нисэх буудал нэрдээ таарсан олон улсын үйлчилгээ үзүүлдэг нисэх буудал байж чадах уу гэдэг асуудал гарч ирлээ.

Энэ тухай  asia.nikkei.com сайтад “САPA”иргэний нисэхийн судалгааны төвийн шинжээч Брендан Собигийн бичсэн нийтлэлийг уншигчдадаа хүргэе.

Монгол Улс ирэх жил олон улсын шинэ нисэх буудлаа ашиглалтад оруулах гэж буй. Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу ЖАЙКА-гийн хэрэгжүүлсэн 580 сая ам.долларын энэ төсөл 3,1 сая хүн амтай, 12 тэрбум ам.долларын ДНБ-тэй тус улсад томоохон хөрөнгө оруулалт болох нь дамжиггүй.

Гэвч Засгийн газар нь иргэний нисэхийн зах зээлээ либеральчилж, төрийн өмчит МИАТ компаниа  “Air Astana”, “Turkish Airlines” зэрэг өрсөлдөгчдөөс нь өмгөөлөн эрхлүүлэхээ зогсоохгүй л бол агаарын тээврийн хөдөлгөөн зогсонги хэвээр, шинэ нисэх буудал нь хөндий хоосон байшин болж үлдэнэ.

Улаанбаатарын одоогийн нисэх буудал нь өнгөрсөн жил нэг сая хүрэхгүй зорчигч хүлээн авч, үдэн гаргажээ. Харин нийслэлээс 50 км-ийн зайтай шинэ нисэх буудал ашиглалтад орсон эхний жилдээ гурван сая, цаашдаа бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед 12 сая зорчигч хүлээн авах чадавхтай юм.

Монголын нисэхийн салбар асар хурдан өргөжин тэлэх боломжтой ч Засгийн газрынх нь одоогийн хязгаарласан бодлогоор бол жигүүрээ дэлгэж чадахгүй нь. Тус улс дахь олон улсын зорчих хөдөлгөөн 2012 оноос хойш ойролцоогоор 800 мянга гэсэн тоон дээр л тогтмол эргэлдэж байна. Эрх баригчид нь Казахстаны “Air Astana”-г Улаанбаатар руу нислэг гаргахыг зөвшөөрдөггүй, “Turkish Airlines”-ийг Истанбулын шууд нислэгээ нэмэгдүүлэх боломж ч олгодоггүй. Одоо тус компани хоёр улсын хооронд байгуулсан гэрээ ёсоор долоо хоногтоо 500 суудлаар л хязгаарлагдах хэмжээнд үйлчилгээ үзүүлж байна. Уг нь тус  компани үйлчилгээнийхээ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой бөгөөд Истанбулаас шууд болон Бишкекээр дамжуулан нислэг хийх ч боломжтой гэсэн төлөвлөгөө гаргажээ. Гэвч МИАТ компани “Turkish Airlines”-ийн хүсэлтийг хүлээн авахгүй байгаа аж. Улаанбаатараас Истанбул хүрэх шууд нислэг нь МИАТ-ын Европын нислэг, тэр дундаа Герман, Баруун Европын гол зах зээлд нь нөлөөлөх учраас ийн хориг тавиад байгаа юм.

Шинэ нисэх буудлыг санхүүжүүлэгч Японы тал Монголын нисэхийн салбарыг илүү нээлттэй болгохыг шахаж буй нь мэдээж хэрэг. Гэвч Засгийн газрын бодлогыг өөрчлөхгүйгээр шинэ нисэх буудал барилгын зардлаа нөхөж, Монголын тал өрөө төлөхөд бэрх болно.

МИАТ “Air Astana”-гийн төлөвлөгөөнд ч удаа дараа татгалзсан хариу өгсөн. Казахстаны компани Астана-Улаанбаатарын чиглэлд долоо хоногтоо гурван нислэг гаргахаар зарлаж, тасалбараа борлуулж эхлээд байхад Монголын Иргэний нисэхийн удирдах газрын гаргасан шийдвэр өөрчлөгдөж, арга буюу цуцлахад хүрсэн байдаг.  “Air Astana” энэ оны сүүлчээр нислэг хийж эхлэх төлөвлөгөөтэйгөөр дахин зөвшөөрөл хүссэн ч МИАТ-ын эсэргүүцэлтэйгээр бүтэх нь юу л бол. Улаанбаатар-Астанагийн нислэгийн эрэлт хэдий бага ч “Air Astana” Европын транзит зорчигчдод гол найдлагаа тавьж байгаа юм. Мэдээж энэ нь МИАТ-ын Орос, Германы бизнест өрсөлдөгч гарч ирнэ гэсэн үг. “Turkish Airlines” ч ялгаагүй Герман, Европт өргөн хэмжээний сүлжээтэй учраас МИАТ-ын хувьд хүчтэй өрсөлдөгч болох нь дамжиггүй.

МИАТ өөрөө Москвагаар дамжин Берлин руу нислэг үйлддэг, Франкфурт руу улирлын чанартай нислэг гаргадаг. Тус компани “Aeroflot”-той түншлэн Москвагаар дамжуулан Европын үлдсэн хэсгийн зорчигчдоо авдаг.Эндээс харвал МИАТ, “Aeroflot” дангаараа Монгол-Европын зах зээлийг монопольчилж байна гэсэн үг. Үүнээс өөр сонголт гэвэл дундаа хоёр зогсдог“Turkish Airlines”-ыг сонгох эс бол Бээжин, Сөүлээр дамжин Air Сhina, Korean Air-ээр нисэхээс өөр аргагүй юм.

Одоо Монголын агаарын тээврийн салбарт гадаадын дөнгөж таван компани л үйлчилгээ үзүүлж буйгаас өнгөрсөн жил нийтдээ 360 мянган зорчигч л тээвэрлэжээ. Гэтэл Монголын дотоодын МИАТ компани дөрвөн онгоцоор долоон чиглэлд 400 мянган зорчигч тээвэрлэж байна. Хувийн хэвшлийн Aero Mongolia and Hunnu гэсэн компаниуд дотооддоо болон хөрш Хятад, ОХУ-д нислэг үйлдэж байна. Монголын дотоодын зах зээл маш жижиг, 2016 онд 23 нисэх буудлаар дамжин 230 мянган зорчигч нисчээ.

Астана, Истанбулаас шууд нислэг явдаг болох нь Монголд эдийн засгийн хувьд ч, аялал жуулчлалын хувьд ч ахиц авчрах давуу талтай. МИАТ-ын монопольчилсон хязгаарлагдмал үйлчилгээ нь зорчигчдын хувьд тасалбар нь үнэтэй, маш удаан нисэх ёстой болдог гээд дутагдлуудг бий олгож байна. Яг энэ шалтгаанаар Европын зорчигчдын тоо сүүлийн 12 жил өсөлтгүй, тогтмол хэвээр байгаа юм. Тиймээс монголчууд одоо МИАТ-ыг өрсөлдөөнөөс хамгаалахаас илүүтэй аялал жуулчлалаа тэтгэх нь эдийн засгийн хувь илүү үр шимтэй гэдгийг ойлгох цаг нь болжээ. Шууд нислэгийн шинэ чиглэлүүдийг нэмснээр зах зээл илүү нээлттэй болж, хамгийн завгүй Сөүлийн чиглэлд ч эрэлт нэмэгдүүлэхэд туслана.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд Япон, Өмнөд Солонгосын зорчигчдын тоо ч өсөлтгүй, тогтмол гарч байгаа нь нислэгийн компани цөөн байгаатай холбоотой. Өмнөд Солонгосын хоёр дахь том авиа компани болох Asian Airlines Монголын хязгаарлалтад хүлэгдэн нислэг гаргаж чадахгүй байгаа. МИАТ-Кorean Air-ийн түншлэлийг л Монголын эрх баригчид сонгосноор Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгийн тасалбар маш өндрөөр үнэлэгддэг.

Монголын зах зээлд Булангийн орнуудын авиа компани, Япон, Солонгос, зүүн өмнөд Азийн хямд үнэтэй авиа компаниуд ч орж ирэх боломжтой. Хэрэв хямд үнэтэй нислэгүүд нэмэгдвэл гадагшаа, дотогшоо аль аль урсгалд зорчигчдын хөдөлгөөн нэмэгдэх боломжтой. БНСУ-ын “Air Busan” компани хямд үнэтэй нислэг өнгөрсөн жилээс гаргасан ч энэ нь хоёр долоо хоногтоо нэг л удаа нислэг үйлдэгдэж байгаа учраас Улаанбаатар-Сөүлийн чиглэлд үндсэндээ өөрчлөлт авчирч чадаагүй.

Шинэ нисэх буудлыг санхүүжүүлэгч Японы тал Монголын нисэхийн салбарыг илүү нээлттэй болгохыг шахаж буй нь мэдээж хэрэг. Гэвч Засгийн газрын бодлогыг өөрчлөхгүйгээр шинэ нисэх буудал барилгын зардлаа нөхөж, Монголын тал өрөө төлөхөд бэрх болно.

Монголын нисэхийн салбар маш урт удаан хугацааны турш хангалтгүй ажиллаж ирсэн. Одоо харин шинэ нисэх буудал ашиглалтад орох гэж буй энэ үед Засгийн газар зах зээлээ чөлөөлөх цаг нь иржээ.

Б.Номун

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.