Нэг доллараас 200 төгрөг, одоо үнэ буух уу?

2024-02-21 Uncategorized
Өссөөр байгаад өөдөө дээшээ хөөрөөд, буухаа мэдэхгүй үүл сандайлдаг хэцүү авир манай наймаачдад байгаад байна. Сангийн сайд Жавхлан Монголын эдийн засаг хүнд үеэ давлаа, дотоодын нийт бүтээгдэхүүн өслөө, одоо энэ өсөлтийг өрх гэрүүдийнхээ босгоор оруулмаар байна гэж өнгөрсөн оны сүүлээр тайлбарлаад байсан даа.

За яг үнэндээ энэ Засгийн газарт байгаа ганц банкир, эдийн засагч нь Жавхлан юм билээ. Үнэхээр ч ноён долларын ханш он гарсаар даруй 200 төгрөгөөр буулаа. Нэг доллараас 200 төгрөг гэсэн үг. 10 доллараар импортлодог бараанаас 2000 төгрөг хямдрах боломжтой.

Импортын өргөн хэрэглээний бараа, хүнс хоол, бензин түлш гээд гаднаас авчирдаг бүхэнд энэ үг хамаатай. 100 доллараас 20 мянган төгрөг хэмнэнэ гэсэн үг. Энэ чинь үндсэндээ 5.0 хувийн хямдрал гэж ойлгож болно. Гэтэл шинэ жил, Цагаан сар, валютын ханш дагаж дэлбэ өссөн үнэ ханш тээр дээр гацчихаад буудаггүй ээ.

Сангийн сайдын хэлснээр өсөлтөө өрх бүрийн хаалгаар оруулахын тулд наймаачид, бизнесийнхэн, импортын бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниуд шуналаа татаж, шударга зарчимтай баймаар байна аа. Хүнд хэцүү цагт хүрэн бөөртэй хүний хүүхэд шиг аашилмааргүй л байх юм. Энэ мэтийг төрөөс зохицуулах бус, төрсөн биеийн төрөлх мөн чанар уг нь зохицуулмаар санагдах юм, зөв үү, Сангийн сайд аа?

Сэтгүүлч Р.Эмүжин

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.