УРАНЫ САЛБАРТ ЗЭС, НҮҮРС ШИГ ДОЛЛАР ЦУТГАХ ЦАГ ХОЛГҮЙ БАЙНА

2024-01-19 Байгаль орчин

Манай улсын доллар олдог гол суваг бол зэс, нүүрс. Зэс нүүрснээс гадна дэлхийн зах зээлээс их хэмжээний доллар татах салбар ганцаар тогтохгүй бий. Хамгийн ойрын хэрэгжиж болох нь юу билээ гээд харахад метан хий байна. Зөв бодлого барьж чадвал газрын ховор элементээс дажгүй доллар олчих боломжтой. Метан хий шиг хугацаа алдахгүй доллар татах баялаг маань уран. Ураны хэд, хэдэн төсөл хэрэгжиж буй ч өнөөхөндөө амжилттай яваа нь цөөхөн.

Ураны төслүүдийн хэрэгжилтийг тоймлоод харахад монголчууд хоёр сонголтын өмнө улсаараа ирчихэж. Эхний сонголт нь ураны хэд хэдэн компанийг “Хан ресурс”-ийн замаар оруулж төсвөөс өчнөөн сая ам.доллар гаргаж гадаадын хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөр болгож өгөөд өөрсдөө хохироод үлдэх. Төр засаг өмнөх шигээ харзнасан, их хөршөөсөө эмээсэн хандлага гаргавал ийм эрсдэлтэй тулах магадлал өндөр.

Наад захын жишээ гэхэд л өдгөө шатахуун, цахилгаанаа хааж боосон геополитикийн тоглолт хийж буй ОХУ-ын удирдагч “Хан ресурс” дээр “Та нар наад төслөө хэрэгжүүлэх хэрэггүй. Олон улсын шүүхээс тогтоох төлбөрийг нь бид төлөх болно” гэж байв, олон жилийн өмнө. Яг хэлснээр нь явж, хөрөнгө оруулагчдад төлбөр мөнгө өгөхдөө тулаадахтал ноён Путин хэлсэндээ хүрээгүй тас гүрийгээд орхисон түүх өнгөрсөнд бий. Энэ удаа ч мань эр “Францтай хийсэн тохироогоо больчих. Элдэв арыг нь бид даана. Хэрвээ үгнээс гарвал тог, цахилгаан битгий хэл юм болно шүү” гэж сүрдүүлсэн шигээ сууж байхыг үгүйсгэх аргагүй юм. Эгийн гол дээр усан цахилгаан станц барих, ураны төслүүдээ гуравдагч хөрштэй нийлж хөдөлгөх дээр хэзээнээсээ харшилтай явсаар ирсэн хойд хөршүүд геополитикийн ийм хэцүү, хатуу орчинд ураны овоо наашилж яваа төсөл дээр бойкотлох нь тийм ч гайхахаар зүйл биш. Гэхдээ эзээр гэх үү, золоор гэх үү нөгөө хөрш маань Хятад. Өнгөрсөн түүхээ шүүрдээд харахаар Оросын нөлөөллөө ахиулах даварсан бодлогод хазаар тавьсаар ирсэн ганц улс нь урд хөрш байдаг. Эсрэгээрээ урд хөршийн даварсан алхам бүрд тээг тавьж чаддаг нь Орос.
Тэдний жийргэвч улсдаа ингэж анхаардаг нь бидний тусгаар орших том шалтгаан болдог нь нууц биш. Францтай хамтарсан ураны төслөө хөдөлгөх алтан боломж гараад ирчихсэн ийм үед, У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн айлчлалын дараа ид өрнөж буй бичиг цаасны ажлаа зогсоохгүй, яг энэ эрчээрээ үргэлжлүүлэх нь алсдаа цахилгааны хамаарлаас гарах, ураны зах зээл дээр гол тоглогчдын нэг болж эдийн засгийн хамаарлаас гарах хоёр том давуу талтай. Ингэж чадах геополитикийн боломжийн тухай сая цухас хөндлөө.

Орос манайд үзүүлэх нөлөөллөө хэтийдүүлбэл урд хөрш яг ийм эгзэгтэй үед лав зүгээр суухгүй нь ч гадаад харилцаа гадарладаг хэнд ч тов тодорхой хэрэг. Дараагийн сонголт нь ураны том төслөө зориг гаргаж хэрэгжүүлэх эсэхээс хамаарна. Ураны хэрэгжүүлэхэд бэлэн болсон цөөхөн хэдэн төслөө хөдөлгөж чадвал бид экспортын шинэ том сувагтай болж Казахстан шиг ураны экспортоосоо жилд олон сая доллар олсон шигээ хөгжих бүрэн боломжтой улс.

МОНГОЛЫН УРАНЫ НӨӨЦИЙГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭН ЗӨӨВЧ-ОВОО

Одоогоос олон жилийн өмнө буюу 2013 онд “Арева Монгол” ХХК, “Кожеговь “ХХК-ийн ерөнхий захирал Тьерри Плэзант “Манай геологичид хоёр орд нээж илрүүлсэн. Эхний нээсэн орд нь Дорноговийн Дулаан-Уулд бий. Дулаан-Уулын ордын нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлөөр 6000 орчим тонн ураны нөөцтэй гэж баталсан. Хоёр дахь орд маань Зөөвч-Овоо. Дулаан-Уулын ордоос 30 орчим км зайд оршдог. 57 мянган тонн ураны нөөцтэй гэж үзэж байгаа.

Зөөвч-Овоо бол Монголын төдийгүй дэлхийн сүүлийн 20 жилийн ураны нөөцийг хангахаар томоохон хэмжээний орд. Энэ хоёр орд дээр томоохон ажлууд явагдана гэсэн төлөвлөгөө бий. Ордын хамарч байгаа хүрээ, зах хязгаараар хайгуулын ажлыг үргэлжлүүлж хийхэд дахиад нөөц илрүүлэх байх.

Дулаан-Уул, Зөөвч-Овоо болон бусад хайгуулын талбайг нийлүүлээд тооцвол 100 орчим мянган тонн ураны нөөц илрүүлэх болов уу гэж тооцоолж байна” хэмээн онцолж байв. Зөөвч-Овоогийн эхний нөөцийг 2013 онд бүртгүүлж байсан бол нэмэлт хайгуулын дүнд нөөцөө өсгөж чадаад буй. Өнөөдрийн тухайд Зөөвч-Овоо дэлхийд эхний аравт жагсах том орд. Нөөц нь 93291 тонноор хэмжигдэж байна. Тус төслийн геологичид нөөцийг ингэж нэмснээр Монголын ураны нөөцийг хоёр дахин нэмэгдүүлснийг энэ ташрамд тодотгоё. Харин Дулаан-Уул ордын нөөц есөн жилийн өмнөхөөс нэг их нэмэгдээгүй яваа.

Энэ ордын нөөц 6400 гаруй тонн. Эдгээр ордын нөөц тодорхой болсноор Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд 12-т жагсаж байгаа нь Монголын хувьд олзуурхам сайн мэдээ. Ураны үнэ ойрын долоо, найман жилдээ өснө гэсэн таамаг давтамжтай дуулдаж буйг энэ зуур онцолъё. 2010, 2011 оны супер циклийн үед ураны ханш 120-130 ам.долларт хүрч цойлж байсан юм. “Бадрах Энержи”-гийн амжилттай туршсан шар нунтгийн үйлдвэр төлөвлөсөн ёсоор 2029 онд ашиглалтад орчихвол манай улс ураны зах зээлийн анхаарал татсан тоглогчдын нэг байх боломж нээгдэж, валютын шинэ урсгал нээгдэнэ. Ингэж чадвал гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай хоёр дахь том төсөл хэрэгжих юм.

Одоогоор манай улсад гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай ганц том төсөл хэрэгжиж буй нь Оюу толгой гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Давтан тодотгоход Монголд хэрэгжиж буй ураны төслүүдээс хамгийн ахицтай, амжилттай яваа нь “Бадрах Энержи”-гийн хэрэгжүүлж буй төсөл юм. Францын Орано группийн Монгол дахь энэ салбарын хувьд орд илрүүлж нөөц тогтооход 250 сая ам.доллар зарцуулсан гэх тоо дуулддаг.

Тэдний хэрэгжүүлж буй энэ төслийн дийлэнх хувьцаа эзэмшигч нь Орано групп, Монголын Засгийн газрын тухайд 34 хувийг нь эзэмшдэг. Тус группийн “Орано майнинг” компани зөвхөн ураны зах зээлд ажилладаг, гурван улсад таван уурхайтай. Ураныг газар доогуур уусган олборлох технологиор дэлхийд тэргүүлэгч нөү хаутай, ийм технологи ашигладаг хамгийн том уурхайг Казахстанд ажиллуулдаг. Канадад гүний уурхай, Нигерид гүний болон ил уурхайтай. Газар дор уусган олборлох технологи манай улсын хувьд шинэ ч уг технологийг дэлхийд ашиглаад жар орчим жил болж буй.

Өдгөө дэлхийн улсуудад олборлож буй ураны 57 хувийг энэ технологиор олборлодог. Олон улсын атомын энергийн агентлагийн зүгээс энэ технологийг байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл хамгийн бага гэж хүлээн зөвшөөрсөн юм. Эдийн засгийн тухайд ч өндөр үр ашигтай технологи гэгддэг. Дэлхийд цөөхөн компани уран олборлодог, тэдний дунд тод гялалзаж яваа нь манай улстай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа нь бас л том олзуурхал.

Ташрамд сонирхуулахад дэлхийн зах зээл дээр ойролцоогоор 60 мянган тонн уран эргэлддэг гэсэн статистик бий. “Бадрах Энержи” Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулагчдын гэрээг амжилттай хийсэн тохиолдолд томоохон үйлдвэрлэлийн хэмжээний барилга угсралтын ажил, ажилчдын сургалт гээд чамгүй их ажил Дорнын говьд өрнөнө. Хэлэлцээр төлөвлөгөө ёсоор амжилттай өрнөвөл зургаа, долоон жилийн дараагаас үндсэн олборлолтод шилжих боломжтой. Төлөвлөгөө ёсоор 2029 оноос ураны олборлолт эхэлбэл тус компанийн босгосон үйлдвэрт 800 хүн байнга ажиллаж, туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсдын тоо 200-д хүрч, нийтдээ мянга гаруй хүн ажилтай, орлоготой болно. Зөөвч-Овоо ордыг 2030 жил ашиглах тооцоо таамаг бий.

УРАНЫ САЛБАРТ ТОРОЙЖ ҮЛДСЭН ГУРВАН КОМПАНИ ХАЙГУУЛЫН ТӨВШИНД Л АЖИЛЛАЖ БАЙНА

Яг одоогийн байдлаар гурван компанийн төсөл хэрэгжихэд бэлэн болсон ч иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхны эсэргүүцэл гэсэн ганц шалтгаанаар гацсаар өнөөг хүрээд буй. Түүх сөхөхөд ураны салбар 2009-2013 онд ид цэцэглэж байв. “Камеко”, “Арева”, “Денисен майнз” зэрэг аваргууд хөрөнгө оруулж байсан тэр цагт ураны хайгуулд жилд хорь, гучаад сая ам.долларын ажил хийгдэж байлаа. Хайгуулын зуу орчим лиценз байсан тоо дуулддаг.

Ураны салбарт хөрөнгө оруулсан гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчид эцэстээ Монголыг орхих шийдвэр гаргасаар олон жил өнгөрч байна. Сүүлийн тод жишээ гэхэд л Канадын “Хан ресурс”. Лицензээ хураалгасан тус компани арбитрт хандаж, арбитрын шүүх Монголын Засгийн газрыг 100 гаруй сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасныг уншигчид санаж байгаа байх. Сүүлдээ төсвөөс 70 сая ам.доллар гаргаж Канадын компанид өгснөөр маргаан дуусч байв.

Өнөөдрийн тухайд ураны салбарт гуравхан компани л торойж үлджээ. Тэд хайгуулын үйл ажиллагаа эрхэлж буй. Төгсгөлд нь онцлоход, манай улсын ураны ордуудын нөөцийг тандвал жилд 1000 тоннын олборлолт хийлээ гэхэд 100 жил, 2000 тонныг олборловол 60 жилийн турш хэрэгжих боломжтой.

Сэтгүүлч Гонгорын Идэрхангай

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.