Хүн төрөлхтний анхны аялал

2020-07-13 Амрах агшин


XV зуун нь хүн төрөлхтний газар зүйн нээлт, далайн аяллын эрэн үе байлаа. 1492 онд Кристофер Колумб Америк тивийг харин 1498 онд Васко дө Гама Африкийн өмнөд хязгаарийг нээж хүн төрөлхтний түүхэнд аугаа нээлт хийсэн юм. Үүний дараагаар өөр олон том далайн аяллууд үргэлжилж шинэ тивүүдийг удаа дараа нээж байлаа. 1519 онд Португалын далайчин Фернанд Магеллан дэлхийг тойрох анхны том аялалдаа гарсан түүхтэй. Нийт 5 хөлөг онгоц, 270 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлсөн баг замдаа далайн шуурга, өлсгөлөн, тахал өвчин, бослого, угуул иргэдийн дайралт зэрэгтэй тулгарч байв. Уг аялал бүхэл бүтэн 3 жил үргэлжилсний эцэст 270 хүнээс 18 нь л эсэн мэнд нутаг буцжээ. Харамсалтай нь аяллын удирдагч Магеллан замдаа амиа алдсан байдаг.  Магелланы аялал Дэлхий бөөрөнхий гэдгийг нотолсон ба Их Нээлтийн үед маш том нөлөө үзүүлсэн гэж үздэг.

Гэхдээ XV зууны эдгээр аяллууд хүн төрөлхтний түүхэнд анхдагч нь биш байлаа. Одоогоос 100 мянган жилийн өмнө хүн төрөлхтний анхны аялал буюу шилжилт хөдөлгөөн явагдсан гэж үздэг. Харин ойролцоогоор 30 мянган жилийн өмнө төв Азиас Америк тив рүү их шилжилт хөдөлгөөн явагдаж эхэлсэн гэж судлаачид үздэг. Хожим XXзуунд хойд Европын далайчид Америк тивд хөл тавьж XV зуунд буюу Их нээлтийн үед Испаничууд очжээ. Иймээс хүн төрөлхтний Америк тив рүү аялсан аялал цаг хугацааны гурван том үед хуваагдаж байна. Их мөстлөгийн үе, дундан зууны үе, Их нээлтийн үе буюу XV зуун юм.

Америк руу хийсэн анхны шилжилт хөдөлгөөн

Ойролцоогоор 30-40 мянган жилийн өмнө буюу их мөстлөгийн үед Төв Азид хүмүүс ан гөрөө хийж амьдардаг байсан бөгөөд арслан заан, бух, гөрөөс агнасаар зүүн хойшоо буюу одоогийнСибирь, Якутад очиж суурьшижээ. Тодруулбал мөстлөгийн түрлэгт автсан зэрлэг ан амьтад цаг агаар дулаарч эхэлсэн Аляск тал руу урагшилсаар байв. Хүмүүс идэш тэжээл залгуулах боломжтой ан гөрөөгөө хөөж хамт урагшилсан гэж судлаачид үзжээ.Их мөстлөгийн үед Ази, Америк хоёр Берингийн хоолойд хуурай газраар холбоотой байснаа 10 мянган жилийн өмнө Чукот, Аляск хоёр хойг болж Берингийн хоолой үүссэн гэдэг. Төв Азийн анчид Сибирээс Берингийн хуурай зам хүртэл нүүдэллэж явсаар Шинэ тивд хөл тавьжээ. Шинэ тив гэдэг нь одоогийн Америк тив. Эдүгээ Америк тивд амьдарч буй индианчуудын удмын мэдээллийг хадгалж дамжуулдаг ДНК нь 30 орчим янз байгааг тогтоосон явдал Төв Азиас нүүдэллэж ирсэн хүмүүс зөвхөн нэг удаа биш олон тасарч ирсэнийг нотолж байна.Ийнхүү Төв Азид амьдарч асан уугуул хүмүүс 25-30 мянган жилийн тэртээ газар зүйн их нээлт хийж, хүн төрөлхтний анхны шилжилт хөдөлгөөнийг өрнүүлж, өөрийн соёл иргэншлийг цогцлоон байгуулж XX зуунтай золгосон юм.

Викингүүдийн аялал

Викингчүүд Скандинавийн хойг, ялангуяа Норвеги, Даниас гаралтай бөгөөд Европийн хойд зүгт аж амьдралаа далай тэнгистэй холбосон ард түмэн байв.

Нэгэн өдөр Эрик Торвалдсон хэмээх ахмадтай викинг далайн дээрэмчид замдаа таарсан нэгэн усан онгоц дээрэмдсэн нь Норвегийн хааны гэр бүлийн усан онгоц байлаа. Ингээд ахмад Эрикийг эрэн сурвалжилж, түүний толгойг маш өндөр үнээр үнэлэв. Цаазын тавцан дээр очихгүйн тулд Торвалдсон хүмүүсээ дагуулан Норвегоос зугтахаар шийджээ. Тэд Атлантын далайн хойд хэсгийн Фарерын арлууд болон Исландаар дамжин Гренландад очиж сууршсан байна. Удалгүй ахмад Эрик байгалийн жамаар хорвоог орхиж, харин түүний хүү Лейф Эриксонийг шинэ ахмадаар өргөмжиллөө. Гренланд нь хэтэрхий хүйтэн байсан учир тэд нутагшижчадахгүй байв.

1000 онд эрэгтэй эмэгтэй нийлсэн 90 орчим далайчин викингүүд Гренландаас баруун өмнөд зүгт шинэ нутаг хайхаар мордов. Олон сар далайд аялсаны эцэст нэгэн эрэг байхыг олж харжээ. Тэр эрэг болвоос Ньюфаундланд буюу одоогийн Канадын нутаг дэвсгэр байсан юм. Ой модоор баялаг уг газрыг тэд Вүдланд гэж нэрлэв. Эрэг дээр ирсний дараа явган аялал хийсээр хамгийн сүүлд ирсэн газар нь үзэм ихтэй байсан тул Винланд гэж нэрлэжээ. Тэд эндээ өвөлжихөөр шийдэв. Гол нууруудад тэдний урьд өмнө харж байснаас илүү, том яргай загасаар элбэг газрын хөрс нь ихээхэн үржил шимтэй ажээ. Өвөл тэнд хүйтэрсэнгүй, өвс ногоо ч арай ядан шарлаж, үхэр мал нь ч өвс тэжээлээр дутахгүй байлаа. Өвлийн хамгийн богино өдрүүдэд ч нарлаг байдаг байв. Зун болж Лейф багийнхантайгаа Гринланд руу буцав. Гэтэл тэд дахин Винланд руу буцаж чадсангүй. Эриксоны дүү нар Винландад очиж багахан хот байгуулав. Тэд Винландын уугуул хүмүүстэй анхнаасаа сайн харилцаатай байж, худалдаа наймаа хийдэг болов. Зарим нь ч уугуул хүмүүстэй гэр бүл болцгоож байлаа. Ингээд цөөхөн викингүүд уугуул хүмүүстэй холилдож тэндээ ууссан түүхтэй. Ийнхүү Лэйф Эриксон хэмээх викинг далайчин шинэ тив буюу ирээдүйн америк тивд анх удаагаа хөл тавьсан европ хүн болжээ.

Б.Од

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.