Дэлхийн эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлж буй аюулын тухай

2023-03-29 Гадаад харилцаа

Оросын түлш, эрчим хүчний цогцолборын байр суурийг сулруулах гэсэн Барууны орнуудын хандлага болон тэдний алсын хараагүй эрчим хүчний бодлого нь дэлхийн зах зээлийн хуваагдлыг хурцатгаж, нүүрсустөрөгчийн үнийг огцом өсгөхөд хүргэж байна.

Барууны орнууд 2014 онд тодорхой төрлийн технологи нийлүүлэх, Оросын эрчим хүчний компаниудад зээл олгох, багагүй хэмжээний төсөлд хөрөнгө оруулахыг хориглосны дараа эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны улстөржилт эрс эрчимжсэн. 2022 оны 2-р сард цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараа Оросын түлш, эрчим хүчний цогцолбор нь хориг арга хэмжээний бодлогын гол байнуудын нэг болсон ба тоног төхөөрөмж нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд хүртэл хориг тавьсан. Эрчим хүчний хэд хэдэн компаниуд Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож буйгаа Барууны орнуудын засгийн газруудын шууд шахалтан доор мэдэгдлээ.

2022 оны 3-р сард Европын холбоо Оросын эрчим хүчний эх үүсвэрүүдээс 2030 он хүртэл татгалзах төлөвлөгөөгөө зарласны дараа Оросыг Европын зах зээлээс шахах идэвхтэй кампанит ажиллагаа эхэлсэн. 2022 оны 12-р сарын 5-наас Оросын түүхий нефтийг далайгаар, 2023 оны 2-р сарын 5-наас газрын тосны бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон. Барууны орнууд зах зээлийн механизмыг байнга баримталдаг гэсэн уламжлалт үгнээсээ ухарч, Вашингтоны санал болгосноор түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүний үнийн дээд хязгаарыг баррель нь 60 ам.доллароор тогтоож, «худалдан авагчдын картел холбоо» гэгчийг бий болгов. Зах зээлийн дундаж үнээс 5 хувиар доогуур түвшинд барихын тулд «тааз»-ыг хоёр сар тутамд хянаж үзэж байх шийдвэр нь ихээхэн гарз хохирол учруулах шинжтэй байна. Дэлхийн олон улс орнууд энэхүү өдөөн хатгасан үйлдэл нь өнөөдөр Оросын эсрэг чиглэж байгаа ч маргааш нь улс төрийн болон аливаа нэгэн өөр шалтгаанаар аль ч улс орон болон ямар ч бараа бүтээгдэхүүний эсрэг хэрэглэж болзошгүй гэдгийг сайн мэдэж байгаа тул дэмжихгүй байна. Зах зээлийн эсрэг чиглэсэн ийм алхам нь нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, дэлхийн эрчим хүчний зах зээлд ихээхэн хүндрэл учруулж болзошгүй юм. ОХУ хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон ба 2023 оны 2-р сарын 1-нээс гэрээнд үнийн дээд хязгаар тогтоосон бол Оросын газрын тос, нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг хориглохоор боллоо.

Сүүлийн жилүүдэд өрнөж буй үйл явдлуудын цаана эрчим хүчний зах зээлийг өөрт ашигтайгаар дахин хуваарилах гэсэн АНУ-ын хүсэл эрмэлзэл тод харагдаж байна. «Умардын урсгал 2» хийн хоолойг барих болсонтой холбогдуулан 2020-2021 онуудад Оросын эсрэг кампанит ажил өрнөсөн. Вашингтон Америкийн шингэрүүлсэн байгалийн хийнд «эрх чөлөөний молекулууд» оршдог тухай ямар ч утгагүй үзэл суртлын аргументуудыг дэвшүүлж эхлэв. Үүний үр дүнд 2021 оны намар «Умардын урсгал 2»-ын барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг цуцалсан. Харин 2022 оны 9-р сард хийн хоолойн системийг хорлон сүйтгэх шууд ажиллагаа эхэлсэн. Эцсийн дүндээ европчуудын 2023 оны 2-р сарын 15-наас авч хэрэгжүүлэх гэж буй хийн үнийг зохицуулах механизм болон хамтын худалдан авалт хийх тогтолцоо зэрэг арга хэмжээнүүд нь Оростой байгалийн хийн салбарт хамтын ажиллагаагаа тасалсан нь Европын эдийн засагт туйлын хөнөөлтэй байгааг харуулж байна.

ЕХ-ны нүүрсустөрөгчийн импортыг төрөлжүүлэх уриан доор америкчууд өндөр ашигтай Европын эрчим хүчний зах зээлийг өөрсдөдөө ашигтайгаар идэвхтэй «цэвэрлэсэн». 2022 оны 11 сарын байдлаар АНУ-аас Европт нийлүүлсэн шингэрүүлсэн байгалийн хийн хэмжээ 2021 оны мөн үетэй харьцуулахад 137 хувиар өссөн байна. Америкийн ханган нийлүүлэгчдийн хувьд Европын зах зээл нь холбоотны харилцааны улмаас бус өндөр үнэ, арилжааны ашиг тусын улмаас сонирхол татахуйц байгаа нь ойлгомжтой. Эцсийн дүндээ Вашингтоны «Европын эрчим хүчний тусгаар тогтнол» гэсэн уриа лоозон нь Европыг үнэтэй бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас хамааран нийлүүлэлт нь тогтворгүй АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийгээс хараат болгон хувиргалаа.

Эрчим хүчний салбар дахь Барууны хориг арга хэмжээнүүд нь хүн төрөлхтөнд байгаль орчинд ээлтэй зорилгуудаа биелүүлэхэд ихээхэн саад болж байна. Тухайлбал, 2021-2022 онуудад ЕХ-ны олон орнуудад нүүрсний үйлдвэрлэл нэмэгдсэн ба үүний зэрэгцээ барууныхан олон улсын тавцанд хоёр нүүр гарган, хөгжиж буй орнуудыг эдийн засгийн бодит үзүүлэлтүүдээс нь үл хамааран нүүрс олборлолтоосоо татгалзаж, байгалийн түлшний хэрэглээгээ бууруулахыг уриалсаар байна. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг зөвхөн сэргээгдэх эрчим хүчээр хангах стратеги нь тэнцвэргүй ба орчин үеийн найдвартай болон тогтвортой эрчим хүчний эх үүсвэрүүд бүх нийтэд хүртээмжтэй байх тухай Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн эрсдэл учруулж байгаа нь тодорхой байна.
Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг орлох хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдсөн европчууд нь шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэлтийн дэлхийн сүлжээг өөрчлөх чиглэлд ажиллаж эхэлсэн ба ингэснээрээ тэд Азийн болон хөгжиж буй орнуудад эрчим хүч нийлүүлдэг улс орнуудад шууд болон шууд бус хохирол учруулж байна. Өнөөгийн нөхцөл байдалд шингэрүүлсэн байгалийн хийн экспортыг Азийн чиглэлд нэмэгдүүлэх нь Оросын эрчим хүчний бодлогын тэргүүлэх чиглэл болоод байна. Энэ онд «Сибирийн хүч-1» хийн хоолойгоор Хятадад нийлүүлэх хийн хэмжээ 22 тэрбум шоо метр болно гэж тооцоолж байна. ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх төсөл ч мөн маш их ирээдүйтэй харагдаж байна.

Орос улс нь Барууны хориг арга хэмжээний түрэмгий бодлогоос үл хамааран дэлхийн зах зээлд эрчим хүчний хамгийн том нийлүүлэгчдийн нэг хэвээр байгаа бөгөөд эрчим хүчний салбарт эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой улс орнуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.