Ч.Хүрэлбаатар: Тухайн үед хилээр хоосон машин гардаг, тодорхой хэмжээний нүүрс бүртгэлгүй гардаг гэдэг нь илэрсэн

2023-02-1 Засгийн газар

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар салбарын сайд нар мэдээлэл хийж байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “ҮСХ-ноос Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.5 хувиар өссөн гэдэг сайн мэдээг ирүүллээ. Мөн Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум 560 сая ам.доллар буюу өнгөрсөн оны сүүл үеийнхээс сайжирсан дүнг Монгол банкнаас танилцуулсан. Монгол Улсын гол экспортын бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнэ сайн байгаа. Энэ бүгдээс үзэхэд эдийн засгийг тогтворжуулах зорилт амжилттай хэрэгжиж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах шийдвэр гаргалаа. Энэ нь Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, сурталчлах, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэж байх агентлаг юм.

Түүнчлэн сүүлийн жилд гадаадын хөрөнгө оруулалт төдийлөн нэмэгдэхгүй байсан. “Рио Тинто”-гийн дараа Монгол Улсад хөрөнгө оруулахаар сонирхож ирсэн том компани бол “Korea Telecom”. Энэ компани манайд хөрөнгө оруулахаар судалгааны ажил хийж байгаа” гэв.

Мөн үеэр нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулав.

Тэрбээр “2019 онд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрсний хулгайн асуудал байна гээд энэ талаарх асуудлыг надаар ахлуулсан. Тухайн үед Сангийн сайдын хувьд тушаал гарган хууль, татвар, гаалийн байгууллагыг оролцуулсан ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Тэр үед хилээр хоосон машин гардаг, тодорхой хэмжээний нүүрс бүртгэлгүй гардаг гэдэг нь илэрсэн. Энэ асуудлыг гурван сар орчим шалгаад Засгийн газарт танилцуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Үүний дараа хэргийг хаасан байсныг эргэж сэргээн шалгаж байгаа. Хуулийн байгууллагад юу болсныг тэднээс асуугаарай” гэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.