Жиргээ: “Нүүрсний хулгай”-н талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

2022-12-13 Улс төр

 

“Нүүрсний хулгай”-тай холбоотой асуудлаар эрх баригчдын хэн нь юу гэж хэлэв…


УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Женко бол зүгээр л нүүрсний хулгайн автор. Монгол төрийн эмгэнэл

-Х.Баттулга 2017-2021 онуудад ерөнхийлөгчөөр ажиллахдаа Таван толгойн нүүрсний эзэн шиг л байлаа. “ЭТТ” компани, төмөр замын дарга нар ханарч унаад л, дагаж гүйгээд л, баатар гавъяат болоод л. Өөртэй нь үзэл бодол нэг биш хүмүүсийг шоронгоор айлгаад л. УИХ-ын бизнесмен гишүүд өргөл барьцаа түүнд барьж гүйж, үнэнчээ илтгэж тангараг өргөөд л. Хэсэг хүмүүс өрөөнд нь орохдоо 90 градусаас дээш өнцөг үүсгэж бөхийгөөд л. Женко бол зүгээр л нүүрсний хулгайн автор ш дээ. Монгол төрийн эмгэнэл.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Ерөнхий сайд та бидэнтэй хамт байгаагийн үр дүнг гаргах ёстой гэж итгэдэг

-Л.Оюун-Эрдэнэ гэмт бүлэглэлүүдтэй зоригтой тэмцсэн учраас дайсан их хураасан. Тэр ямар ч албан тушаал авахгүй гэсэн үгэндээ хатуу байсан. Төрийн удирдлагад шударга хүн хэрэгтэй учраас бид түүнийг шахаж, ажил хариуцуулсан юм. Тэр нь зөв болж, олон чухал үр дүнг авчирсан. Оюу толгойн луйвар, Эрдэнэтийн 49, Жаст-Стандарт банк, Салхит, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөг, хууль шүүхийн мафи, улс төр-бизнесийн бүлэглэлтэй анхнаасаа ил тод тэмцсэн. Нүүрсний хулгайг анхлан зарлаж, таслан зогсоохоор зүтгэж байна. Маш олон хүний маш том эрх ашгийг тас цохьсон. Тэр анх хэлсэн ярьсандаа одоо ч байдаг. Харамсалтай нь хүнд цагт, хүнд ачаа үүрч байгаа түүний зүтгэл санасан зорьсон үр дүндээ зарим талаар хүрч чадахгүй байна. Өнөөдөр түүний өстөн дайснууд нь өндийн босч, залуучуудын зүй ёсны тэмцлийг ашиглахыг оролдож байна. Л.Оюун-Эрдэнэд алдаа дутагдал байж болно. Гэхдээ ийм шулуун шударга, дайчин, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, ил тод, шуналгүй, ашиг сонирхлын зөрчилгүй Ерөнхий сайд та бидэнтэй хамт байгаагийн үр дүнг гаргах ёстой гэж итгэдэг.

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт: Бүү эндүүр. Би тэр “Нүүрсний хулгайч” чинь биш

-Хэрвээ миний бие нүүрсний хулгайтай холбогдсон бол ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдчихье. Нүүрсний хулгайн асуудлыг энэ оны 06 дугаар сард, хамгийн анх сөхөж тавьсанаараа их олон хулгайчийн зэвүү дургүйг хүргэж байгаа бололтой.

Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр мөнгөний хүүхэлдэйнүүдээрээ зохион байгуулалттай гүтгэлэг тарааж, элдэв эвлүүлэг хийж алиатаж өгч байна.

Ингэж эрээгүй гүтгэж байгаа хэвлэл сайтууд, нүүрээ ил далд нуусан хударгагүй этгээдүүдийг бүгдийг нь хуулийн байгууллагад өгч шалгуулж нэр төрөө цэвэрлэх болно.

Энэ бүх гүтгэлэг нууцад байсан төмөр замын гэрээнүүдийг ил болгосны, хийдэл булхай болгоныг нь илчлэх боломжийг олон нийтэд олгосны хариу дайралт биз. Ингэлээ гээд би мохохгүй.

Ингэх тусам харин ч НҮҮРСНИЙ ХУЛГАЙ-тай холбоотой асуудлуудыг улам сайн ухаж төнхөн, гэм буруутай этгээдүүдэд хуулийн гэсгээл цээрлэлийг нь үзүүлэхийн төлөө зүтгэх болно.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ нарын, тэдний гар хөл болж буй этгээдүүдийн нүгэл нь нүдээрээ гарах цаг НЭГЭНТ ИРЧИХСЭН ГЭДГИЙГ САНУУЛЧИХЬЯ.

Д.Амарбаясгалан: Иргэн Г. Ган-Очирын ор үндэслэлгүй мэдээлэлд тайлбар өгч байна

-2022.12.12-ны өдөр жүжигчин Цогтбаяр, иргэн Г.Ган-Очир нарын фэйсбүүк live дээр надтай холбоотой худал мэдээлэл дурдагдсан учир албан ёсоор тайлбар хийж байна.
1. Миний бие иргэн Г.Ган-Очиртой огт уулзаж, утсаар холбогдож байгаагүй бөгөөд огт танихгүй.
2. Иргэн Г.Ган-Очир намайг өөрийн туслах Лхагва хэмээх хүнээр дамжуулан НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ыг дарж өгнө гэж компаниудаас 175 тэрбум төгрөгийг хувьдаа авсан мэтээр ор үндэслэлгүй мэдээлэл түгээлээ. Гэвч надад Лхагва хэмээх туслах огт байгаагүй. Мөн СЯ-ны мэдээллээр 2021 онд 1,1 сая хүнд 206 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт олгожээ. Тиймээс иргэн Г.Ган-Очирын дээрх мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй гэж няцааж байна.
3. Миний бие 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй.
Монгол Улсын Засгийн газар анх “Нүүрсний хулгай”-н талаар “шүгэл үлээж” олон нийтэд мэдэгдсэн. Тус хэргийг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандаж, төрийн нууцад хамаарч байсан гэрээнүүдийг ил болгоод байна. Энэ нь иргэдийн жагсаал тэмцэлд Засгийн газар өөрөө хүч нэмж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох алхмыг эхлүүлсэн юм. Тиймээс олон нийтийн шударга ёсны энэ тэмцлийг зарим нэг этгээд улс төрийн өөр зорилгоор ашиглаж, иргэдийг өдөөн турхирч, худал мэдээллээр төөрөгдүүлж, Засгийн газрын тэмцлийг сааруулахгүй байхыг хүсье.

Тог тог… ХААЛГАА нээ

19 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.