“Эрдэнэс таван толгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоолоо

2022-10-26 Засгийн газар


Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Засгийн газрын аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолоор Монгол Улсын төлбөрийн тэнцлийг хангахтай холбоотойгоор валютын нөөцийг бүрдүүлэх үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг оны төгсгөл гэхэд 500 сая ам.доллар татан төвлөрүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн байдаг. “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрт 300 сая ам.доллар, уул уурхайн бусад компанид борлуулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ мөнгийг татан төвлөрүүлж оруулж ирэх үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” компани дээр Засгийн газрын тогтоол гарлаа. Тогтоолоор Эрдэнэс Тавантолгой ХК дээр зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоохоор болсон байна. Энэ хугацаанд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо” гэв.

Энэхүү Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулж байна. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн наймдугаар зүйлийн тав дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн нэг, хоёрдугаар зүйлд заасныг тус тус үндэслэн тогтоох нь:

НЭГ: Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөдрийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дахь тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д зургаан сарын онцгой дэглэм тогтоосугай.

ХОЁР: Онцгой дэглэмийн хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийн бүрэн төлөөлөх онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилон ажиллуулсугай.

ГУРАВ: Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг бүрэн хангаж, дор дурдсан аргыг авч хэрэгжүүлэхийг дараах албан тушаалтанд даалгасугай.

3.1. Компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх. Шаардлагатай бол нэгжийн удирдлага холбогдох албан тушаалтыг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад,
3.2. Компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл технологийн тухайлсан дүрэм үйлдвэрлэлийн аюулгүй байдлын тусгай журам тогтоож тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлагыг тооцох талаар онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад,
3.3. Нүүрсний ордоос нүүрс ачих, тээвэрлэх худалдан борлуулах, хил нэвтрүүлэх бүхий л үе шатны хяналтыг сайжруулахад шаардлагатай ажлыг авч ажиллахыг Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад,
Эдгээрийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасугай
3.4. Компанийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөөнд заасан зорилт арга хэмжээний хэрэгжилт, үйл ажиллагаа, санхүүгийн иж бүрэн хамтарсан хяналт шалгалт хийж, дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл нарт,
3.5. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбаатарт,
ДӨРӨВ: Энэ тогтоолын хэрэгжилт “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д тогтоосон онцгой дэглэмийн үр дүнг сар бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай

ТАВ: Тогтоолыг 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс дагаж мөрдсүгэй” гэлээ.

Ийнхүү “Эрдэнэс таван толгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон байна. Түүнчлэн онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат ажиллана.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.