Нийтийн тээврийн гурван чиглэлд богино эргэлтийн чиглэл нэмнэ

2022-09-30 Нийслэл


Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд богино эргэлтийн чиглэлийг нэвтрүүлэхээр иргэд, холбогдох аж ахуйн нэгжид танилцуулга хийн хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Нийслэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг нар оролцож байна. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас хийсэн танилцуулгад дурдсанаар одоогоор нийслэл хотод 105 чиглэлд 986 автобус үйлчилгээнд явж буй бөгөөд нийслэлийн өмчит 2, хувийн өмчит 17 компани үйл ажиллагаа явуулж буй юм байна.

2021 онд нийтийн тээврээр 147 сая хүн үйлчлүүлсэн бөгөөд Улаанбаатар хотын иргэдийн 45 хувь нь үйлчлүүлжээ. Түгжрэл нөлөөлж дөрвөн гол гудамж, зам буй бөгөөд эдгээр нь Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Нарны зам аж. Энхтайваны өргөн чөлөөнд 20 чиглэлийн 280 автобус иргэдийн 30.6 хувьд үйлчилж буй бол, Чингисийн өргөн чөлөөнд 9 чиглэлийн 120 автобус 8.6 хувьд, Их тойрууд 14 чиглэлийн 150 автобус 6.2 хувьд, Нарны замд 7 чиглэлийн 70 автобус 2.6 хувьд үйлчилдэг гэсэн судалгаа байгаа юм байна. 2020-2022 оны хооронд 105 чиглэлээс 10 чиглэлд богино эргэлт нэвтрүүлсэн бөгөөд энэ нь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн хэмээн үзэж буй. Тиймээс энэ онд Нийтийн тээврийн гурван чиглэлд өөрчлөлт оруулах гэж буйгаа Нийслэлийн тээврийн газраас мэдэгдлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.