Монгол Улсын Ерөнхийлөгчид зургаан улсын Элчин сайд жуух бичгээ өргөн барилаа

2022-04-27 Ерөнхийлөгч
Монгол Улсын Ерөнхийлөгчид зургаан улсын Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад суух Элчин сайд, хатагтай Аленко Сухадолник Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ барив.

Өнгөрсөн онд байгуулж, хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байгаа Монгол, Словени хоёр улсын хооронд Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв. Мөн аялал жуулчлалын салбарт хамтарч, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж хоорондын харилцааг өргөжүүлэх нь чухал гэж үздэгээ илэрхийлэв.

Элчин сайд, хатагтай А.Сухадолник ирэх жил тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлэв.

Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаа онцлов.

Элчин сайд А.Сухадолник нь 2019 онд Бүгд Найрамдах Словени Улсаас БНХАУ-д суух Элчин сайд, Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогдсон юм.

Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Махбуб Уз Заман өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, Монгол, Бангладешийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг онцоллоо. Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, амжилт хүсэв.

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтарч байгааг Элчин сайд Махбуб Уз Заман тэмдэглэлээ. Харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Тайландын Хаант Улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Артают Срисамут Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зүүн Өмнөд Ази дахь манай чухал түнш орнуудын нэг болох Тайландын Хаант Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв.

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, аялал жуулчлалын зэрэг салбарт өргөжүүлэх чиглэлд ач холбогдол өгч ажиллахыг Элчин сайдаас хүслээ.

Элчин сайд Артают Срисамут Тайландын Хаант Улсын Цог Жавхлант Хааны  мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжилж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иан Хоогмартенс  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ барив.

Монгол, Бельгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Мөн дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг баяжуулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, санаачлагын хүрээнд үр дүнтэй ажил хэрэгжүүлэхийг зорьж буйгаа хэлэв.

Элчин сайд И.Хоогмартенс хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2021 онд тохиосныг дурдаж, цаашид эрүүл мэнд, тээвэр, логистик зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд И.Хоогмартенс нь 2019 онд Бельгийн Хаант Улсаас БНХАУ-д суух Элчин сайд, Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогджээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Палита Т.Б. Кохона Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, нэгэн жарны түүхтэй  уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Элчин сайд Палита Т.Б. Кохона харилцаа, хамтын ажиллагааг ялангуяа  худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.