“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхийг даалгалаа

2022-04-5 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргаж, архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилго бүхий “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чиглэл болголоо.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улс дахь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн нийт биет хэмжээ 2020 оны байдлаар 120.5 сая литр байна. Мөн оны байдлаар манай улсын 21-ээс дээш насны нэг иргэнд жилд 54 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаагаас 12 литр нь хатуулаг өндөртэй архи, 42 литр нь шар айраг болон бусад согтууруулах ундаа байна. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон аюулгүй хэрэглээний хэм хэмжээнээс өндөр байгаа юм.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргалаа.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах,
Архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах,
Ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй хүлээн авалт, албан ёсны баяр, ёслолын арга хэмжээнд өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхийг бүрмөсөн хориглох зэрэг онцлох арга хэмжээг тусгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг уриалж, зарлигийн хэрэгжилтийг олон нийтэд болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж байхыг Засгийн газарт чиглэл болгов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт архидалт, донтолт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хатуу тэмцэх, архины хатуулгийг бууруулахыг шаардаж ажиллах тухай заалт туссан билээ.

Тог тог… ХААЛГАА нээ

26 минутын өмнө

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.