Ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа

2021-08-20 Гадаад харилцаа

“Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг, Бүгд Найрамдах Словени Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Станислав Рашчан нар 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр Любляна хотноо гарын үсэг зурав.

Хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд авто тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд дээрх хэлэлцээрийг байгуулснаар улс хоорондын тээвэрлэлтийн төрөл өргөжиж, Монгол, Словени хооронд шууд тээвэрлэлт үйлдэгдэх, чингэснээр худалдааны эргэлт эрчимтэй өсөх боломж бүрдэж байна.

Монгол, Словений худалдааны эргэлт 2020 онд 14.6 сая ам.долларт хүрсэн. Словени Улс нь 2.1 сая хүн амтай, Европын Холбооны гишүүн, Шенгений бүст хамрагддаг бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн орон юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.