Ч.Болортуяа: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдээс шинжилгээ авахгүй

2021-07-7 Засгийн газар

Засгийн газар ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан, бямба гарагт Замын-Үүд боомтод ажилласан. Улмаар Засгийн Газрын ээлжит бус хуралдаан хийж, тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.

Үүний дагуу, ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг замын үүд боомтод ажиллаж, нэр бүхий зургаан алба хаагчийг ажлаас нь чөлөөлж, түр саатуулах арга хэмжээ авсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өчигдөр хэрэгжүүлсэн ажлын талаар болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн.

БНХАУ-ын талаар Замын-Үүд дэх ариутгалын төхөөрөмжийг сайжруулах зэрэг шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотой зарим үүрэг, чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд өнөөдөр өгсөн.

Мөн Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулахтай холбоотой нэмэлт хөрөнгийг Засгийн газраас баталсан. Тодруулбал, Замын Үүд боомтын дулааны цахилгаан станцын нэмэгдэл санхүүжилтийг шийдвэрлэсэн.

Түүнчлэн чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Замын Үүдийн чөлөөт бүс энэ зундаа багтаж нээлтээ хийж, 2026 онд бүрэн бүтээн байгуулалтаа хийхээр болсон.

Хоёрдугаарт, УОК-иос цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээнийхээ талаар танилцууллаа. Экспортын боомтуудтай орон нутаг одоогийн мөрдөж байгаа хатуу хөл хориог хэвээр мөрдөх чиглэл өглөө. Баяр наадмын амралтын өдрүүдэд амарч зугаалахыг зөвшөөрлөө. 

Ингэхдээ таваас дээшгүй хүнтэй аялах боломжтой юм. Мөн гэр бүлийн гишүүнээс нэг хүний түргэвчилсэн шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдээс шинжилгээ авахгүй, мөн таваас дээш настай хүүхдээс шинжилгээ авахаар болсон” гэлээ.

Түүнчлэн аймаг сумдад өөрсдийн дураар хил, хөдөлгөөнөө хаахыг зөвшөөрөхгүй болсон талаар мөн мэдээлэв. Тодруулбал, хязгаарлалтын хугацаа нь үе, шаттайгаар дуусаж байгаа 13 аймгийн 100 гаруй сум бий. Эдгээр сумууд хөл хорионы дэглэмийг дур мэдэн сургахыг хориглосон.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.