Согтууруулах ундаа үйлдвэрлэгчидтэй уулзалт хийв

2017-02-6 Мэдээ, мэдээлэл

МХЕГ-аас санаачлан согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүдтэй зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ХХААХҮЯ, НМХГ, ДЭМБ, Хүнсчдийн холбоо болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн төлөөлөл оролцов. Энэ үеэр “Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал”, “Архины хор уршиг эрүүл мэнд, эдийн засагт учруулж буй дарамт”, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо. МХЕГ-аас хуулийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ойрын хугацаанд бүх үйлдвэрт аттестатчилал явуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар архины үйлдвэрийн тоо 48 байгаа бөгөөд энэ нь 2012 онд 75 байсантай харьцуулахад 40 хувиар буурсан үзүүлэлт. Засгийн газрын тогтоолоор 2012 оноос хойш архины 43, спиртийн 6, дарсны 5, пивоны 7 нийт 61 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Үүний зэрэгцээ ҮСХ-ноос гаргасан мэдээгээр нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 2011 онд 10.6 литр байсан бол 2015 онд 7.2, шар айрагны хэмжээ 2011 онд 28.1 литр байсан бол 2015 онд 25.3 литр болж буурчээ.

Манай улс энэ үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан 182 орноос 76-д жагссан байна. Цаашид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол боловсруулж батлуулах, тусгай зөвшөөрлийг сунгахдаа тогтмол үйлдвэрлэл явуулж байгаа эсэхийг харгалзан үзэх, нэг хүнд ногдох архи, пивоны хэрэглээг багасгах шаардлагатай юм. Түүнчлэн үйлдвэрүүд дотоод хяналтаа сайжруулах, хяналтын лабораториа итгэмжлэлд хамруулж, багаж хэрэгслийг шинэчлэх, бүтээгдэхүүнийхээ хаяг шошгоны мэдээлэлд хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, зохистой хэрэглээний талаар заавал тусгах зэргийг сануулж зөвлөлөө.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.