БНСУ халдвар буурвал гэрээт, тусгай нөхцөлөөр ажиллах иргэдийг хүлээж авна

2021-03-9 Гадаад харилцаа

Хөдөлмөрийн гэрээт ажилчдын асуудлаар БНСУ-ын аж үйлдвэр хүний нөөцийн ХЭГ-ын гадаад ажиллах хүчний бодлого хариуцсан газрын дарга Ким Сон Жэ мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай улсад одоогоор хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу визтэй 240 мянга гаруй хөдөлмөрийн гэрээт ажилчин, 180 мянга гаруй Солонгос гаралтай гадаад ажилчид H-2 визээр ажиллаж байна. БНСУ 16 орноос хөдөлмөрийн гэрээт ажилчдыг хүлээн авдаг бөгөөд одоогоор гэрээт ажилчдыг хүлээн авах боломжгүй байна. Халдварын тоо буурвал шинээр ирэх гэрээт ажилчин болон тусгай тогтвортой нөхцөлөөр ирэх ажилчдаа хүлээн авах болно.

Одоогийн байдлаар олон улсын нислэгүүд хумигдсан, хилийн хоригоо цуцлаагүй байгаа үед чөлөөтэй зорчих боломжгүй байгаа. Удахгүй энэ байдал хэвийн болж, үйл ажиллагаа жигдрэх болно гэж найдаж байна. Солонгос ажил олгогчид илгээгч 16 орны дотроос Монгол Улсаас иргэд авч ажиллуулах хүсэлтэй байдаг. Яагаад гэвэл Монгол залуучууд хүчирхэг, бие эрүүл, шуурхай, үнэнч ажиллах хүч гэж ам сайтай байдаг.

БНСУ-ын жижиг дунд үйлдвэрийн ажил олгогч нарт хандан Монгол иргэдийг түлхүү авч ажиллуулах талаар идэвхтэй сурталчлан таниулах ажлыг хийхээр төлөвлөж байна. БНСУ-д өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт 5,200 гаруй иргэн гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа.

Цар тахлаас болоод иргэдийг шинээр хүлээн авч чадахгүй байна. Жилд гадаадаас 52 мянган ажиллах хүч оруулж ирдэг байсан бол өнгөрсөн жилийн байдлаар нийт 16 орноос 6,000 иргэнийг урьсан тоо баримт бий. Цар тахлын нөхцөл байдал намжвал хүлээгдэж байгаа хөдөлмөрийн гэрээт ажилчдыг хурдан татан авахаар хичээнгүйлэн ажиллаж байна.

Гэрээт ажилчдын хилээр нэвтрэх зөвшөөрлийн хугацааны тухайд манай газраас эцсийн шийдвэр гаргах боломжгүй. Бидний зүгээс аль болох хилийн хоригоо яаралтай цуцлан хөдөлмөрийн гэрээт ажилчдаа хүлээн авах хүсэлтийг хөдөлмөрийн яаманд байнга илэрхийлж байгаа. Улс орон бүрд олгогддог квот байдаг. Энэ жилийн квотын хувьд өмнөх жилүүдтэй ойролцоо” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.