БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын өргөдөл, гомдлыг шууд хүлээн авах вэб сайт нээгдэв

2021-02-10 Гадаад харилцаа


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн www.seoulcenter.mlsp.gov.mn вэб сайт нээгдлээ.

Энэхүү цахим хуудас нь БНСУ–д ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдэд цаг үеийн мэдээ мэдээллийг монгол, солонгос хоёр хэл дээр хүргэнэ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд хөдөлмөрийн харилцаанд тулгарсан болон нийгмийн даатгалтай холбоотой асуудлуудаар сар тутмын статистик мэдээллийг инфографикаар нээлттэй хүргэх юм.

Мөн Монгол Улсын Засгийн газар, яамдууд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа газар, агентлагуудын цахим холбоосууд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалтай холбоотой Монгол улсын хуулиуд, Засгийн газрын тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал зэрэг олон хэрэгцээт мэдээллийг нэг дороос авах боломжтой боллоо.

Тус цахим хуудсаар Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн өргөдөл, гомдлыг шууд хүлээн авах юм. Ингэснээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч Монгол улсын иргэн асуудлаа шийдүүлэхдээ заавал өөрийн биеэр ирэхгүй ХНХҮТ-ийн www.seoulcenter.mlsp.gov.mn вэб сайтын “Өргөдөл илгээх” гэсэн хэсэгт өргөдлийн төрөл, дэлгэрэнгүй агуулгаа оруулж, холбогдох зураг, баримтуудаа файл хэсэгт хавсаргаад илгээхэд болно.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн энэхүү вэбсайтаар монгол хүний хөгжлийг ахисан түвшинд хүргэх зорилгын хүрээнд бэлтгэн хүргэдэг “Монгол хүний хөгжил” цуврал подкаст, улирал тутмын “Нэг цэг” сэтгүүлийн цахим хувилбар зэрэг олон сонирхолтой мэдээллүүдийг авах боломжтой.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.