Ё.Амарбаясгалан: Орон нутгийн хөгжилд унд ахуйн болон бэлчээрийн усан хангамж хамгийн чухал үзүүлэлт болдог

2020-12-30 Байгаль орчин

 

Бид энэ удаагийнхаа “Ярилцах танхим”-ын хойморт Эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант Ё.Амарбаясгаланг урьж, хамгийн сүүлд хийсэн судалгааны ажлынх нь үр дүнгийн талаар хөөрөлдсөн юм.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Миний тухайд, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарт эрдэм шинжилгээ судалгааны ажил хийдэг. Тэр дундаа цэвдэг, ус судлал чиглэлээр мэргэшин ажиллаж байна. Одоогоор Япон улсын Нагояагийн их сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байгаа. Мөн Япон улсын Хүрээлэн буй орчин, дэлхий судлалын хүрээлэн, Киотогийн их сургуулийн эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна. Ер нь манай хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн судлаачид маш олон судалгаа шинжилгээний ажлуудыг хийж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсаар байгаа. Танай сайтаар дамжуулан 2019 онд Нагояагийн их сургуулийн дэмжлэгтэйгээр (санхүүгийн) хийсэн судалгааны үр дүнгээ товч танилцуулан орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, иргэдэд хүргэж байгаадаа баяртай байна.

-Та бүхний судалгаанд цэвдэгтэй бүс нутгийн унд ахуйн болон бэлчээрийн усан хангамжийн асуудлыг оновтой, эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар шийдвэрлэх боломжой гэж байсан. Гэвч усан хангамжийн хомс байдал нь зарим орон нутгийн иргэдэд маш их хүндрэл учруулж байдаг. Тэгэхээр та цэвдэг гэж юу болох, манай оронд хэрхэн тархсан байдаг, цэвдгийн ач холбогдол зэрэг ойлголтуудаас эхлээд өөрийн судалгааны үр дүнгийн талаар тодруулна уу?

-Цэвдэг гэж газрын гадаргаас доош, 0 буюу түүнээс доош температурт 2 буюу түүнээс дээш жил оршин буй хөрс чулуулгийг хэлдэг. Энгийнээр хэлбэл, газрын гадаргаас доош тодорхой гүнд орших мөстэй болон мөсгүй хөлдүү хөрс чулуулаг гэж ойлгож болно. 1974 онд манай орны газар нутгийн 63 хувьд (Гравис ба бусад) цэвдэг чулуулаг тархаж байсан бол 2016 оны байдлаар 29,3 хувьд л (Я. Жамбалжав ба бусад) тархах болсон. Энэ нь уур амьсгалын дулаарал, хүний зүй зохисгүй үйл ажиллагаатай холбоотой цэвдэг алдралд орж буйн илрэл юм.

Цэвдэг бол байгаль, нийгмийн олон талын ач холбогдолтой байгалийн баялаг юм. Тухайлбал, цэвдэг нь газар доорх усны тэжээмж, тархалт, газрын гадаргад ил гарах, химийн найрлага бүрэлдэх, усны нөөцийг тогтоон барих, байгаль цаг уурын болон экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зэрэг олон эерэг талуудтай.

Нөгөө талаар цэвдэгтэй бүс нутагт хотжилт, үйлдвэр, уурхайн барилга байгууламж барих, зам гүүр тавих түүнчлэн усан хангамжийн худаг өрөмдөх гэх мэт дэд бүтэцийг хөгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг цэвдгийн судалгааны үндсэн дээр хийгээгүйн улмаас барилга байгууламжийн суурь гажих, суух, цуурах, ан цав үүсч улмаар эвдрэх, нурах, цэвдэг дэх өрөмдмөл худаг хөлдөх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. (Амарбаясгалан, Жамбалжав, 2014).

Бидний хээрийн судалгааны ажлын үед зарим бүс нутагт цэвдгийн асуудлаас болж унд ахуйн усан хангамжийн худаг нь хөлдөөд ажиллагаагүй болсон, зарим бүс нутагт бэлчээрийн усан хангамжийн хомс байдлаас болж төл мал, зарим зэрлэг амьтад харангадсан байдал ажиглагдаж байсан. Энэ асуудалд судлаачдын үнэлэлт дүгнэлт, судалгаа шинжилгээний үр дүнд үндэслэн эдийн засгийн хувьд өгөөжтэй, орон нутгийн иргэд, малчдад ээлтэй байдлаар шийдвэрлэх боломжтойг Хангайн уулархаг нутагт хийсэн геофизикийн цахилгаан хайгуулын томографын судалгааны үр дүнгээр жишээ болгон харуулж байна.

Зургийн тайлбар: Хэмжилт судалгааны ажлын явцад усны изотопын шинжилгээний дээж авч буй байдал. (2019 он)

-Монгол орны хамгийн их цэвдэг тархсан бүс нутаг юу вэ?

-Хангайн уулархаг нутаг юм. Энд нийт цэвдэг тархах боломжит талбайн 38.1 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн, тасалданги, алаг цоог, тохиолдлын тархалттай цэвдэгтэйгээс (Жамбалжав, 2017 ба бусад) гадна янз бүрийн нөлөөлөлтэй гэсгэлүүнтэй. Хужирт, Шаргалжуулт, Отгон, Улаан хаалга зэрэг халуун рашааны нөлөөллөөр гидротермаль гэсгэлүүнтэй бол Тэрхийн цагаан, Тэлмэн зэрэг томоохон нуурууд болон томоохон голын дагуу нэвт гэсгэлүүнтэй байдаг. Мөн зарим нэгэн идэвхитэй тектоник хагарлын дагуу геотермаль гэсгэлүүн байх боломжтой. Энэхүү янз бүрийн гарал үүслийн гэсгэлүүнтэй холбоотойгоор Хангайн нуруунд олон тооны халиа тошин үүссэн байх нь олонтаа тохиолддог. Мөн энэ бүс нутагт газрын доорх усны тэжээлийн, хуримтлалын, шилжилтийн болон илэрцийн муж нь цэвдэг, түүний тархалт, гэсгэлүүн зэргийн зүй тогтлоор тодорхойлогддог.

-Тэгэхээр гэсгэлүүн гэж юу болохыг тодруулж хэлж өгвөл уншигчдад илүү ойлгомжой болох байх?

-Гэсгэлүүн гэдэг нь цэвдгийн тархалттай бүс нутагт дулааны, гидрологийн, гидрогеологийн, гидрогеохимийн нөлөөллөөр локаль аномал нөхцөлд цэвдгийн дээр, доор, дунд, дотор, мөн нэвт гэсгэлэн үе давхарга үүссэн байдаг. Үүнийг гэсгэлүүн буюу талик (talik) гэж нэрлэдэг (van Everdingen, 1998,  Кудрявцев, 1978).

Энгийнээр хэлэхэд, дэлхийн гадаад буюу дотоод хүчний, янз бүрийн дулааны болон гидрохимийн нөлөөллөөр цэвдэг давхарга дунд, гэсгэлүүн үе давхарга үүсдэг гэж ойлгож болно.

Гэсгэлүүнийг дотор нь хаалттай гэсгэлүүн, нээлттэй гэсгэлүүн гэхээс гадна гарал үүслээр нь радиацийн дулааны, гидрогений, гидрогеогений, мөстлөгийн, химогений, вулканогений, техногений гэж ангилж үздэг (Кудрявцев, 1978). Энэ л гэсгэлүүн үе давхаргыг олж гүний худаг өрөмдлөгийн ажлыг хийх нь эдийн засаг болоод цаг хугацааны хувьд үр өгөөжтэй юм.

-Цэвдэгтэй бүс нутагт газрын доорх усны нөөцийг илрүүлэн, унд ахуйн болон бэлчээрийн усан хангамжийн асуудлыг шийдэх нь хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Цэвдэгт бүс нутгийн газрын доорх усыг цэвдгийн дээрх, цэвдгийн доорх, цэвдэг хоорондын, цэвдэг дундах гэж ангилахаас гадна нэвт гэсгэлүүний ус гэж ангилдаг (Романовский, 1966). Цэвдэгт бүсийн газрын доорх усны энэхүү төрлүүдийг зөв тодорхойлж илрүүлж ашиглах нь нийгэм эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Жишээлбэл, цэвдгийн доорх ус нь ихэнх тохиолдолд даралттай байдаг бол зарим тохиолдолд даралтгүй байх онцлогтой. Хэрэв цэвдгийн доорх даралттай усыг илрүүлж өрөмдлөг хийхэд даралтат ус дээш хөөрч тодорхой төвшинд тогтож улмаар хөлддөг (энэ нь үр ашиггүй зардал гарна гэсэн үг). Харин даралтгүй ус нь дээш хөөрөхгүй учир хөлддөггүй онцлогтой. Мөн цэвдэг хоорондын нэвт гэсгэлүүний усыг илрүүлж ашиглаж чадвал энэ нь хөлддөггүй (жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой).

Бид Хангайн уулархаг нутгийн хэд хэдэн газруудад геофизикийн цахилгаан хайгуулын томографын (ERT) аргыг орчин үеийн шинэлэг Францын “IRIS INSTRUMENTS” үйлдвэрийн SYSCAL R1+ болон SWITCH PRO багажуудыг ашиглаж цахилгаан эсэргүүцлийн томографын хэмжилт хийсэн. Тус багаж нийт хоёр суваг, 96 электродтой бөгөөд электрод хоорондын зай таван метр, нэг хэмжилтээр 485 метр хүртэлх газрын доорх цахилгаан эсэргүүцлийн мэдээллийг цуглуулах боломжтой.

Энд жишээ болгон гурван эрс ялгаатай хэмжилтийн үр дүнг зургаар харуулъя.

Зураг 1а. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын
төвийн урд, хэмжилт-1, 2 зүсэлтийн байрзүй

Зураг 1б. Баянбулаг сумын төвийн урд, булгийн орчим, хэмжилт-2 зүсэлтийн цахилгаан хайгуулын томографи (ERT зүсэлт)

Дээрх зургаас харахад, уг зүсэлтэд эрс ялгаатай зүй тогтол тодорхой ялгарч зураглагдсан байна (Зураг-1б). Зүсэлтийн дагуу <585Ωм эсэргүүцэлтэй гадаргаасаа таван метр орчим зузаантайгаар идэвхитэй давхарга нь илт ялгарна. Зүсэлтийн төв хэсэгт 210-245 метр хооронд 92.5-171Ωм эсэргүүцэлтэй нэвт гэсггэлүүн илт ялгаран харагдаж байна. Бусад хэсэгт өндөр эсэргүүцэлтэй цэвдэг давхарга нэлээдгүй зузаалгатайгаар үргэлжлэн оршино.

Баянбулаг сумын төвийн хоёр хэмжилтийн унд ахуйн усан хангамжинд хамгийн тохиромжтой нь хоёрдугаар зүсэлтийн 210-245м хэсэг болно. Тус сумын төвд социлизмын үед нэг худаг өрөмдсөн боловч тэр худаг нь хөлдөөд ажиллагаагүй болсон байдаг. Тиймээс усан хангамжийн хомс байдлаас болж иргэд нь жилээс жилд шилжсээр сум эзгүйрэх хандлагатай болсон байна. Одоо амьдарч байгаа иргэд нь сумын төвийн урд талын булгийн уснаас унд ахуйдаа хэрэглэдэг боловч сүүлийн жилүүдэд булгийн ус шилжих, татрах хандлагатай болсон нь бидний судалгааны явцад ажиглагдсан.

-Та бүхэн Баянхонгор аймгийн Галуут сумын Олгой нуурын хөндийд мөн судалгаа хийсэн. Энд унд ахуйн усан хангамжийн худаг өрөмдвөл хэр өгөөжтэй байх бол?

Зураг 2. Баянхонгор аймгийн Галуут сумын Олгой нуурын хөндий, хэмжилт-2 зүсэлтийн цахилгаан хайгуулын томографи (ERT зүсэлт).

-Олгой нуурын хөндийн хоёрдугаар зүсэлт нь уулын бэл хормойн хэсэг болон нуурын гаралтай шавранцар хөрсний өргөгдсөн хэсгийг дайрч байсан. Зүсэлтийн дагуу 3-5 метр зузаантай идэвхитэй давхарга (<585Ωм) эрс ялгарч харагдах бол зүсэлтийн эхэн хэсэгт уулын бэл хормойн чийгшилт ихтэй хэсэг нам эсэргүүцлийн утга өгнө. Зүсэлтийн хэмжээнд үргэлжилсэн өндөр эсэргүүцэлтэй цэвдэг хөрстэй бол 90-160м-т хаалттай цэвдгийн дээрх гэсгэлүүнтэй. Харин 310-375 метр хооронд цэвдгийн алдрал, эсвэл мөсжилт багатай цэвдэгтэй хэсэг оршино (Зураг 2).

Энэ зүсэлтээс харахад, хэмжилтийн эхний цэгээс сүүлийн цэг хүртэл цэвдэг чулуулаг үргэлжилсэн байдалтай, нэлээд зузаан оршиж байгааг тодорхой харж болно. Энд унд ахуйн усан хангамжийн худаг өрөмдвөл үр ашиггүй зардал гарна гэсэн үг.

-Өөр ямар газарт хайгууль судалгааны ажил хийв?

Зураг 3. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг, Чулуутын голын хөндий,

хэмжилт-1 зүсэлтийн цахилгаан хайгуулын томографи (ERT зүсэлт).

-Манай баг энэ удаагийн судалгааны ажлынхаа хүрээнд мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг, Чулуутын голын хөндийд хэмжилт судалгааны ажил хийсэн. Энэхүү судалгааныхаа үр дүнгээс харахад, идэвхитэй давхарга илт ялгарч харагдахаас гадна хэмжилтийн төгсгөл хэсэгт цэвдгийн дээрх хаалттай гэсгэлүүн ялгарч харагдана. Мөн зүсэлтийн дагуу өндөр эсэргүүцэлтэй цэвдэгтэй бол 230-245 метр, 275-295 метрын зурвас тус бүрд цэвдгийн жижиг арал оршино. Харин 220-300 метрийн зайнд (100 орчим метр өргөнтэй) усаар ханасан нэвт гэсгэлүүн оршиж буй нь тодорхой харагдаж байна (Зураг 3).

Эцэст нь хэлэхэд сум, орон нутгийн удирдлага иргэдийнхээ оршихуйн үндэс болсон усан хангамжийн асуудлыг судалгаа шинжилгээнд үндэслэн оновчтой шийдвэрлэх нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй, иргэд малчидад ч ээлтэй цаашлаад орон нутгийн тогтвортой хөгжлийн үндэс болно.

-Та судлаач хүнийхээ хувьд, энэ бүх судалгааны ажлынхаа эцсийн үр дүнг улс орон болоод иргэдэд ямар боломж бий хэмээн харж байна вэ?

-Ер нь аливаа амьд бүхний оршин тогтнох гол үндэс нь ус байдаг. Тиймээс манай улс орон нутгаа хөгжүүлэх бодлогоо зөв тодорхойлж, орон нутгийн усан хангамжийн асуудлыг оновчтой шийдвэрлэж цаашлаад мах болон малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр (баруун бүсэд) барих зэргээр орон нутгаа хөгжүүлэхэд анхаарч, хэрэгжүүлбэл иргэд орон нутагтаа сайхан амьдрах боломж байна. Ингэснээр нийслэл рүү чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн ч буурах боломжтой юм.

-Бид бүхэнтэй маш сонирхолтой сэдвээр ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсэе.

-Бидний судалгааны ажлын үр дүнг олон нийтэд хүргэж байгаа танай Newsmedia.mn сайтын хамт олонд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсэе.

О.СЭЛЭНГЭ

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.